НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ НЭГ САЯ ЮАНИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

0
48
Нийслэлийн Налайх дүүрэгт ашиглалтад ороод байгаа Хүүхдийн эмнэлэгт БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангаас нэг сая юанийн өртөг бүхий нэн шаардлагатай 201 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.
НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт Хүүхдийн эмнэлэг барих ажлыг өнгөрөгч 2017 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, таван сарын дотор гүйцэтгэн ашиглалтад оруулаад байгаа билээ. Хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн нэг сая юанийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоо мэдэгдэж байсан бол өнөөдөр ажил хэрэг болгож, Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шаралтын фото аппарат, монитор, дуслын болон тарианы автомат шахуурга, нярайн шар хэмждэг багаж зэрэг 201 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, болон “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр  нар оролцсон юм.

“Хангарьд-Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юанийн тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж, ашиглалтад орсон орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил.  Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” хэмээсэн юм.

Нэг дор 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтад орсноос хойш таван сарын хугацаанд нийт 1100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн Хүлээн авахаар 5000 орчим хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ  үзүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!