-МИАТ хэний саалийн үнээ вэ-
Төрийн өмчит МИАТ компани хагас жилийн өмнөөс гэнэтхэн Сингапур дахь компаниар шатахуунаа цэнэглүүлдэг болчихож. Сингапур руу нислэггүй байгаа энэ үед тэндээс яаж шатахуун зөөгөөд байгааг үл ойлгох…
Тэгэхдээ бүр “Дайны эрсдлийн даатгалын сан”-гийн хэргийг санагдуулам мөнгө огцом урссаар 2 тэрбум шахсан байх юм. Хагас жилийн дотор 2 тэрбум шүү дээ. Үүний 700 сая шахам төгрөг нь ердөө сарын өмнө буюу шинэ он гаруут тус компанийн данс руу шилжсэн байна.
Дамбын Хишигжаргалын “Монголиа Авиашн Фүел” ХХК, Ц.Анандбазарын “Сод Монгол” группүүд агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээтэй. Зарим үед эдгээр нөхдийн тэнгэрт хадсан үнэтэй шатахуунаас татгалзан Бээжин, Нарита, Инчеон, Гуанжоугаас шатахуун авч байсан МИАТ-д юун Сингапур компани гараад ирэв.
Тэр дундаа цар тахлаас шалтгаалан агаарын хилээ ч хаагаад бүтэн жилийн дотор 120-хон удаагийн нислэг үйлдсэн энэ компанид яагаад ийм өндөр үнэтэй шатахуун их хэмжээгээр хэрэг болов…
Гэхдээ гайхалтай нь Сингапураас ганц литр шатахуун орж ирэх байтугай тус улс руу нэг ч нислэг үйлдэгдээгүй байгаа. Нислэг үйлдээгүйг нь бид бүгд мэдэж байгаа бол нэг литр шатахуун орж ирээгүйг нь МИАТ-ийн удирдлагын багийн эх сурвалжуудаас хэлж байна.
Тэгэхээр дорх байдлаар, зарим үед 1-2хон хоногийн дотор зуу зуун саяар шилжсэн мөнгө хэний данс руу оров.
- 2020.10.19-нд 28.4 сая
- 2020.10.29-нд 250.8 сая
- 2020.11.11-нд 29.3 сая
- 2020.11.17-нд 87.4 сая
- 2020.11.25-нд 127 сая
- 2020.12.04-нд 147.9 сая
- 2020.12.07-нд 29.9 сая
- 2020.12.10-нд 126 сая
- 2020.12.14-нд 71 сая
- 2020.12.23-нд 200.4 сая
- 2021.01.11-нд 243.1 сая
- 2021.01.12-нд 185.2 сая
- 2021.01.18-нд 57.2 сая
- 2021.01.28-нд 151.7 сая гэх байдлаар бүгд түлшний зардал нэртэйгээр Сингапурт бүртгэлтэй Uniline Pte.Ltd компани руу 2 тэрбум шахам төгрөгийг шилжүүлжээ.
- Тэгвэл энэ компани нь үнэхээр агаарын хөлгийн шатахуун нийлүүлдэг үү?
Харамсалтай нь МИАТ-ээс хагас жил хүрэхгүй хугацаанд 2 тэрбум шахам төгрөг авчихаад буй Uniline Pte.Ltd компани нь Сингапурт бүртгэлтэй ч ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй, учир битүүлэг аж ахуйн нэгж байна. Байгуулагдсан он сар нь зөрөөтэй, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй бөгөөд нэг хаяг, нэг утасны дугаар дээр хэд хэдэн өөр нэртэй компани бүртгэлтэй байх аж.
Хэн нэгний байгуулсан оффшор компани гээд сэжиглэчихэд тэгтэл буруутахгүй биз.
Тэгвэл энэ хуурамч компани руу мөнгөн шилжүүлэг хийж, төрийн өмчит компанийн халааснаас 2 тэрбумыг тоншчихоод байгаа үйлдлийг хэн хэн мэдэж байх боломжтой вэ.
Хэн гээч эрхтэн дархтны “хулгайн” хэрэг вэ.
Нэг онгоц сард 300.000 ам.долларын түрээс төлдөг бөгөөд цар тахлын хугацаанд МИАТ 50-60 тэрбум төгрөгийн өрөнд орсон хэмээн уйлан дуугараад яваа Д.Баттөр захирал нааш харж уйлчихаад цааш харан “хулгай” хийж яваа юм биш биз.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа Сү.Батболдын Засгийн газрын үед хөөгдөж, улмаар Герман дахь Элчин сайдын яаманд ажиллаж байгаад ирсэн Д.Баттөр гэгч нь 2018.04.19-нд төрийн өмчит МИАТ компанийн захирлаар томилогдсон.
МИАТ-ийн захирлаар очоод байгаа асар богинохон хугацаанд хөрөнгө орлого нь 2 дахин аривжсаныг АТГ-т мэдүүлсэн мэдүүлгээс нь харж болно. Өөрийнх нь орлогоос гадна гэр бүл болон үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ ч эрс нэмэгджээ.
Гэхдээ Сингапур дахь учир битүүлэг эл компани руу Л.Баттөр дур мэдэн мөнгө шилжүүллээ гэхэд банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч энэ эр ийм их хэмжээний мөнгийг ганцаар туучихна гэж үгүй. Түүний сачий хүрдэг ч юм биш.
Харин цар тахалтай холбоотойгоор тусгай үүргийн нислэг болон МИАТ-ийн үйл ажиллагаанд Шадар сайд шууд биечлэн оролцох болсон. Өдөр тутмын ажиллагаанд нь оролцож, алдагдал, ололтын мэдээллийг цаг шахам авах болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс удаа дараагийн үйлдэлтэй энэ их хэмжээний хөрөнгө Сингапур дахь оньсого мэт компани руу урссан үйлдлийн эхлэлийг тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатар тавьсан байж болзошгүй юм.
Өмнөх Засгийн газраас ЖДҮ-чин гэсэн У.Хүрэлсүхийн тодорхойлолттойгоор хөөгдсөн мань эр дараагийн танхимд хэний захиалга, хүсэлтээр орж ирэв. Тэр дундаа яагаад дандаа Зам тээврийн яам, эсвэл Шадар сайдаар зүтгэлсэн хэрэг билээ. Хөшигийн хөндийн катерингийн барилгыг Я.Содбаатарын багын найз Ш.Энхтөрийн нэр дээр бүртгэлтэй “Химон констракшн” ХХК барьсан. Я.Содбаатар өөрийгөө тус компанитай хамааралгүй гэж мэдүүлдэг ч улс төр, бизнесийн хүрээнийхэн түүнийг “Химон констракшн”-ы нууц ноёнтон гэдэг төдийгүй нутгийн нь аварга Н.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Химон констракшний захирал Содбаатар” хэмээн хальтирсан байдаг.
Түүнчлэн Дайны эрсдлийн сангаас мөнгө угаасан хэрэгт холбогдон шүүхээс 13 жилийн ял сонсон шийтгэгдэж явсан Ч.Хоролсүрэн гэгчтэй нэг нутаг ус төдийгүй Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын хөлгийн катерингийн үйлчилгээ үзүүлдэг хоёрхон компанийн нэг Скай катерингийг 500 саяын авлигал авч тендэрт ялуулж байсан гэдэг.
Энэ талаар Ч.Хоролсүрэнгийн мэдүүлэгт байдаг.
Тэгвэл Я.Содбаатарыг У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдсоны дараахан ходоодны хорт хавдартай гээд Канадад амьдарч байсан Ч.Хоролсүрэн гэнэт яагаад Монголд ирэх болов…
Ч.Хоролсүрэн Монголд ирж, Я.Содбаатар Шадар сайд болсны дараахнаас дээрх Uniline Pte.Ltd гэгч Сингапурт бүртгэлтэй компани бий болж, түүн рүү “шатахууны зардал” гэх гүйлгээний утгатай мөнгө урсаж эхэлсэн цаг хугацаа нь тохиодол гэхэд хачин. Яг л Дайны эрсдлийн сангийн мөнгө угаасан гүйлгээ шиг…
Анхаарлын гадны орхиж болохгүй бас нэг мэдээлэл нь Ч.Хоролсүрэнгийн Скай катеринг компанийг херо Б.Баатарын аав Бат-Өлзийгийн дүү Болормаа үүсгэн байгуулж байсан бол тус компанийн толгой компани “Скай капитал групп”-т Баатарын аав Бат-Өлзий, аавынх нь дүү Ганхуяг, Болормаа нар хувь эзэмшдэг гэх. Тэгэхээр Я.Содбаатар, херо Б.Баатар, Ч.Хоролсүрэн нар бүгд л агаарын хөлөгтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүс болж таараад байгаа юм.
Тэгтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар сая огцорлоо. Сингапур дахь учир битүүлэг компанийн сэжүүр хэрэв Я.Содбаатартай холбоотой гэж үзвэл Шадар сайд, Ерөнхий сайд хоёрыг дээрх нэр дурьдагдсан нөхөдтэй ямарваа байдлаар сүлбэлдэх л хүмүүс авах ёстой болж таарна.
Таамгийг батлах мэт Я.Содбаатарын халааг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын худ С.Амарсайхан авлаа. Тэр ч эл мөнгөний урсгалыг эртнээс мэдэж, бүр оролцоотой байсан болов уу гэмээр юу юугүй он давуулаад ердөө 14-хөн хоногийн дотор хагас тэрбум илүү мөнгийг нөгөө Uniline Pte.Ltd руу шилжүүлсэн байгаа юм /Цар тахалтай холбоотойгоор тусгай үүргийн нислэг болон МИАТ-ийн үйл ажиллагаанд Шадар сайд шууд биечлэн оролцох болсон гэдгийг дээр өгүүлсэн тул С.Амарсайхан эл шилжүүлгийг мэдэж байгаа гэж үзэв/.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг херо Б.Баатарын төрсөн дүү гэдгийг бүгд мэдэх тул сануулах илүүц биз.
Тэгэхээр агаарын хил хаагдаж бүх нислэг цуцлагдчихаад байхад сурталчилгаагаа хийлгэнэ гээд МИАТ компаниас “Bloomberg” телевизтэй жилийн 180 000 ам.долларын гэрээ хийж, одоог хүртэл мөнгөө төлж яваа талаарх ноцтой баримт, мэдээлэлд эрхэм Л.Оюун-Эрдэнэ сайд цочирдохгүй, бүр үл тоосон байдалтай байгаагийн учир энд байсан уу?!…
Ч.Хоролсүрэнгийн Дайны эрсдлийн сангаас мөнгө угаасан хэргийн бүх гүйлгээ тухайн үед Голомт банкаар дамжиж байсан бол дээрх Сингапурт бүртгэлтэй компани руу шилжүүлсэн мөнгө ХААН банкаар дамжсан байгаа юм. ХААН банкны япон эзэд хувиа зарна хэмээн хэсэг шуугилдаж, улмаар хувь нь хэнд очсон байгааг эргэж сөхөхөд бас л сонин.
Түүнчлэн Ч.Хоролсүрэнг Голомт банкны Д.Баясгалангаас салгаж ойлгох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр Д.Баясгалангийн хүн гэгддэг “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Монгол масс медиа” группийн ТУЗ-ийн дарга А.Амундра нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр очсон нь санаандгүй хэрэг бас биш юм.
Дайны эрсдлийн сангийн мөнгө угаалт Голомт банкаар дамжсан гэх дуулианы үед А.Амундра нь Д.Баясгалангийн дэргэд ид ажиллаж байсан шүү дээ.
Ямартаа ч энэ бүгдийн хойно илүү их мөнгө урсахаас нь өмнө нэгэн цагт Сү.Батболдод “өшиглүүлэн” хөөгдөж байсан Д.Баттөрийг саатуулан шалгах хэрэгтэй болж, хууль хяналтынхан минь.
Дамшрамд сонирхуулахад Сингапур дахь Элчин сайдаар Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн дүү Т.Лхагвадорж суугаа билээ. Тэрбээр Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын охин М.Золжаргалын нөхөр гэдэг.