АНУ “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакциныг бүртгэлээ

2021-02-28
1 min read

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson”  /J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. Энэ нь коронавирусний эсрэг АНУ-ын гурав дахь вакцин юм.

/J&J/ компанийн вакцин нь “Pfizer”, “Moderna”-гийн вакцинуудтай харьцуулахад энэхүү вакцин нь нэг тунтай бөгөөд олон сарын турш хөргөгчийн температурт хадгалах боломжтой ажээ.

Хүнс, эмийн хяналтын газар бямба гарагт зөвшөөрөл олгосноор Засгийн газар “J&J”-ын дөрвөн сая орчим тун вакциныг орон даяар ирэх долоо хоногт түгээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ.

“J&J” вакцинынхаа мэдээллийг Хүнс, эмийн хяналтын газарт хоёрдугаар сарын 4-нд ирүүлжээ. Энэхүү вакцин нь бүс нутгуудад өөр өөр үр дүн үзүүлсэн бөгөөд халдвараас ерөнхийдөө 66 хувиар хамгаалж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, АНУ-д 72 хувь, Латин Америкт 66 хувь, “B.1.351” хувилбар хурдацтай тархаж буй Өмнөд Африкт 64 хувийн үр дүн тус тус үзүүлсэн байна. “J&J ”-ын мэдээлснээр, вакцин халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас 100 хувь сэргийлжээ.

“COVID-19”-ийн бусад вакцины хувьд “Pfizer”-ийн вакцин 95 хувь, “Moderna”-гийн вакцин 94 хувиар сэргийлж байгааг тогтоосон юм. Харин халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “J&J”-ын вакцин нэг тунтайгаас гадна туршилт нь шинэ, илүү хурдан халдварладаг хувилбарууд тархсан үед явагдсан тул тул үр дүнгийнх нь үзүүлэлтийг нөгөө хоёр вакцинтай шууд харьцуулах боломжгүй ажээ.

Орчуулах »