Үнэн хаана байна вэ, тэр юу хэлэв?

0
154

УИХ-ын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогт долоон хоногийн дотор намгүй, харьяалагдах газаргүй болж Авлигатай тэмцэх газрын үүдэнд хаягдлаа. Хэдийгээр Оюутолгойн гэрээ хөндөгдөх бүрт түүний нэр хавчуулагдаж, оффшор яригдах бүрийд жишээ болон дурьдагддаг байсан ч энэ удаагийнх шиг үйл явдал богино хугацаанд ингэж өрнөж байсангүй. Түүнд зориулсан найруулга хэрхэн, ямар давтамжтай, яаж өрнөснийг элдэв дүгнэлтгүй эргэн харъя.

2018.03.11. Э.Бат-Үүл “Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар” хэмээх цуврал нийтлэлийг Өдрийн сонинд нийтлүүлэв. Тэрхүү нийтлэлд “Төрөлхийн хүчирхийллийн донтой хүмүүсийн онцлох шинж нь хүчирхийлэл үйлдэж таашаал авдаг. Ийм хүнийг “садист” хэмээн нэрлэдэг… Дарангуйлал руу шилжих шилжилт тайван замаар бус, огцом явах нөхцөл үүсэж монголчуудын аз харивал, садистуудын эрэлт улам бүр ихсэж Их хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх аргагүй. Хүчирхийлэгчид болон садистууд хэлмэгдүүлэх ажлаа хэрэгжүүлж эхлэхдээ өөрийнхөө таньж мэддэг хүрээлэл рүүгээ эхний үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Лам нарын хядлагыг гардан “ламын эрлэг” гэж алдаршсан Хаймчиг, зохион байгуулсан Лувсаншарав, Чойбалсан нар урьд нь аль аль нь лам байсан. Гестапогийн яргачдын гарт эхлээд “хуучин сайн хөрш”-ийнх нь еврейчүүд өртсөн юм. Тэгэхээр, хэлмэгдүүлэлт ирэх “зүг чиг”-ийг тогтооё гэвэл ойр орчиндоо байгаа хүчирхийлэх донтой байж болзошгүй улсыг “сэмхэн бүртгэх” хэрэгтэй юм” гэжээ.

2018.03.14. Өдрийн сонинд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярилцлага өгөв. Тэрбээр “Иргэдийн яриад байгаа дараагийн нэг анхаарал татсан асуудал нь гадаадад байгаа хөрөнгө, оффшортой холбоотой, энэ хүрээнд АНУ-д бүртгэлтэй байгаа хөрөнгийг шүүхийн тогтоолоо авч ирээд чөлөөтэй авч болно. Тэнд байгаа байшинг аваад ирэх биш зараад мөнгийг нь аваад ирчихнэ. Ийм байдлаар асуудлыг шийдэж болно. Хоёрдугаарт, АНУ-ын хуулийн байгууллага дэлхий даяар нөлөөтэй байдаг. Энэ нөлөөгөө ашиглаад бидэнд туслаач. Тухайлбал, Швейцарийн банк, Английн үл хөдлөх хөрөнгийн газар гэх мэтээр хамтран ажиллаж болно гэсэн байгаа” гэсэн юм.

 2018.03.19. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “С1” телевизийн цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Монголд авлига авчихаад Монголдоо зарцуулах боломжгүй юм байна. АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкныхантай уулзсан. Мөн Сангийн яамтай нь уулзлаа. Сангийн яам есдүгээр сараас хойш дэлхийн бүх ам.долларын гүйлгээг хянаж хаана терростуудын мөнгө байна олох боломжтой болчихсон юм байна” хэмээн ярив.

2018.03.19. “Рио Тинто” корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Швейцарийн дээд шүүхээс Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын тус улсын банк дахь дансуудыг битүүмжилсэн тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Ройтерс агентлагийн мэдээлснээр Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын экс гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Прокурорын дүгнэлтээр Швейцарийн банкин дахь дээрх данснаас С.Баярцогтын данс руу Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлжээ. Дээрх данснуудыг битүүмжилсний дараа данс эзэмшигч дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг эргүүлэн авах гэж оролдсон гэх мэдээлэл ч багтсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг гэм буруутай гэж ярьж болохгүй гэхээс өөр тайлбар Швейцарийн Прокурорын газар өгөхөөс татгалзсан байна. Рио Тинто компани ч мөн тайлбар хийхээс татгалзжээ.

2018.03.20. Дээрх нийтлэлийн маргааш өглөө АН-ын Үндэсний дүрмийн хороо болон Улс төрийн зөвлөл хуралдав. Үүр цайхтай зэрэгцэх шахам хуралдсан эл хуралдаанаар намын гишүүн С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэж, намаас хөөх шийдвэр гаргав. АН-ын үндсэн дүрмийн 5-р бүлгийн 17.1, 2, 21-ийн 19-дэх заалт болон Улс төрийн зөвлөлийн өнөөдрийн тогтоолуудыг үндэслэн С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах Ардчилсан намын даргын тушаал гаргасан байна.

2018.03.20. Мөн өдрийнхөө 12.00 цагт АН-аас мэдээлэл хийж, С.Баярцогтыг намаасаа хөөх болон оффшорчдын асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Мэдэгдэлд “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж АН үзэж байна.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа.

Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар АН-аас Швейцарийн холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч, болзошгүй юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас АН хариуцлагатайгаар шаардаж байна” гэжээ.

2018.03.20. Өдөржин олны анхаарлын төвд байсан эл мэдээллийг ажил тарах цагтай давхцан Авлигатай тэмцэх газраас баталгаажуулах нь тэр. АТГ С.Баярцогттой холбогдох хэргийг шалгаж байгааг мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны аваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна хэмээн мэдэгдсэн юм.

2018.03.21. С.Баярцогтоор бүтэн өдөржин амьсгалсны маргааш хэргийн эзэн тайлбар хийв. АН-ынхан түүнийг хөөх шийдвэрийг тун шуурхай гаргасанд гайхаж байгаагаа тэрбээр хэлж байсан юм. Мөн Оюутолгойн гэрээ сайн болсныг онцолж, хуулийн байгууллагад шалгуулж байгаадаа талархав. Түүний хэвлэлийн хурлынхаа үеэр хэлсэн үгийг мөн хүргэе.

 Энэ бүхэн дарангуйлал болдог

АН-ын удирдлага, намаас гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна. Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим  бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана.

 Хэрэг эцэслэгдтэл Монголд байна

Маш олон хүнд хардлага, сэрдлэг эргэлзээ байгаа. Энэ бүгдэд тайлбар өгөх ёстой. Миний бие АНУ-д сурч байгаа ч энэ асуудалтай холбогдуулан сургуулиа хойшлуулж, үнэн мөнийг тогтоож дуустал Монголд байхаар шийдсэн. Оюутолгой 70-100 жилийн настай том төсөл. Тиймээс энэ төслийн гэрээг хийсэн хүмүүсийг ямар нэгэн байдлаар авлига авсан гэх хардлага  их явж ирлээ. Төсөл хэрэгжээд 9 жил болсон байна. Би нэг зүйлд их баяртай байгаа. Манай АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран надад Эрүүгийн хэрэг үүсгэн зэрэг шалгаж байгаа юм билээ. Энэ бол эцсийн дүндээ үнэн мөнийг нь нэг талд гарган шийдэх сайхан боломж боллоо гэж би харж байна. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна. Оюу Толгойн гэрээг анх байгуулахдаа чин шударгаар Монгол Улсад ашигтай байсан эсэх эргэлзээ нь надтай болон бусад хүмүүстэй холбоотой хийж буй шалгалтаар ил тод болно. Би үнэхээр баяртай байгаа.

ОХУ-д Монгол өртэй гэдгийг албан ёсоор зарласан

Оюутолгойн төслийн Рио Тинто компанитай хийсэн гэрээг гардан удирдаж байсан хүний хувьд хардагдах, муу сайнаар яриулах, хамтрагчтайгаа янз бүрийн асуудлаар маргаан гаргах үе байнга гардаг гэдгийг Сангийн сайд асан С.Баярцогт хэлж байв. Мөн, 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Гэрээг илүү сайжруулахын тулд байнгын хэлэлцээр явагддаг. 2011 оны энэ гэрээний Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийсэн. Гэрээг удирдаж хийсний хувьд би 2009 онд Монголын хүртэх үр өгөөжийг 3 тэрбум ам.доллар, 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 7 жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байх заалтыг оруулсан. Одоо Засгийн газар хүүгээ дахин бууруулж, зохистой түвшинд хүргэх талаар дахин хэлэлцээ хийж байна.

Эдийн засгийн холбоотой маргаан, хэлэлцээ энэ 70 жилийн турш олон Засгийн газрын үед үргэлжилнэ.  Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүний асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар  Оюутолгойн үйл ажиллагаанд гол анхаарлаа чиглүүлж ажилладаг.

Миний хувьд Монгол Улсын хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухааны болон бизнесийн чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө ерөөсөө хэрэггүй. Хардах эрх хүн бүрт бий гэсэн уриатай улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон энэ том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн сонирхол гадны улс орон компаниудад үргэлж байдаг.

Би ганц жишээ хэлье. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа 2010 оны 10 сарын 6-нд ОХУ-д Монгол өртэй гэдгийг албан ёсоор зарласан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Тийм учраас үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын баталгаагаа цэрэг дайны аргаар бататгаж чадахгүй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Хоёр хөршөөс авах хөрөнгө оруулалт гадаад худалдааны эргэлт нийлээд 60 хувь, үлдсэн 40 хувийг бусад улс орноос авч байх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, төсөл эхэлсэн өдрөөс Оюутолгой татвараа төлж байгаа. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, менежмэнтийн туршлага дагуулж ирсэн. Дэлхийн хоёрдугаарт ордог том компани Монголд ажиллаж байгаа бол бид ч ажиллаж болох нь гэсэн итгэл үнэмшлийг олон  хөрөнгө оруулагчдад төрүүлсэн.

Самбуу гуайн булшийг зөөж байхад миний хажууд нэг ч улстөрч байгаагүй

Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, эдийн засгийн хувьд хүчирхэг байж тусгаар тогтнолоо баталгаажуулна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршиж, улс орноо хөгжүүлэх ч зүй ёсоор орох юм. Үүнд бид хувь нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Надтай холбоотой тендэр, авлигын нэг ч асуудал болж байгаагүй. Оюутолгойн гэрээг зурснаас хойш энэ асуудлууд яригдаж эхэлсэн. Тийм учраас Монгол, Швейцарийн хуулийн байгууллагууд хамтарч ажиллаад энэ бүхэнд цэг тавиасай. Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг Монголын төрийн төлөө хийсэн. Оюутолгойн гэрээ 4, 5 Засгийн газар, 3 УИХ дамжаад байгуулж чадаагүй л  байсан шүү дээ. Чингисийн хөшөөг Сүхбаатарын талбайд байрлуулж, Сүхбаатар, Чойбалсан, Самбуу гуайн булшийг зөөж байхад миний хажууд нэг ч улстөрч байгаагүй шүү.

Ройтерсийн мэдээлэл агентлагийн нэр хүндийг унагасан үйлдэл болсон

“Ройтерс” агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гарсан мэдээг нь хүмүүс үнэн гэж хүлээж авдаг. Гэвч мэдээлэл дотор хэт субъектив дүгнэлт орсон байсан. Үүн дотор бичигдсэн хоёр тоо үнэн байсан. Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна.

Миний бие 2006 онд хөлөө хугалаад 6 сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төргүйгээр өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад мэргэжлийнхээ дагуу олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадах юм байна гэсэн санаа олсон. Би өмнө нь үүнийг хийж чадах юм байна гээд ХБНГУ-аас төгсч ирэхдээ 20 мянган доич маркийн төсөлтэй ирсэн монголын анхны оюутан болсон. Дараа нь Колумбын их сургуульд сурч байхдаа 70 гаруй мянган ам.долларын тэтгэлэг авч байсан. Бүгдийг нь би төсөл бичээд л авсан. Ингээд өөрийн бизнест тулгуурлаад Монголын нэр бүхий бизнесмэнээс зээл авч 8.2 сая еврог Швейцарьт 5 сард нээлгэсэн, дансандаа байршуулсан. Нэг данс нь оффшортой холбоотой данс байсан. Харамсалтай нь 2008-2009 онд хямрал болж зээл өгсөн байсан бизнесмэн бүх мөнгөө татаж авсан. Үлдэгдэл мөнгийг 2013 онд бүх данс, компани хаагдахад дуусгасан.

Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс, компани байхгүй. Харамсалтай нь саяхан царцаасан данс бол надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж байсан монгол хүний данс. Тэр бол Монголын л мөнгө. Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь гаргаж өгөх байх. Ийм л асуудал болсон. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө, хувь гишүүн байхдаа хийсэн бизнесийн асуудлыг хөндөж, холбож уялдуулж байгаагаараа “Ройтерс”-ийн мэдээлэл маш учир дутагдалтай, субъектив, олон улсын агентлагийн нэр хүндийг унагасан. Яагаад гэвэл энэ мэдээлэл гарсны дараа Нью Иоркийн хөрөнгийн биржид Рио Тинтогийн хувьцаа унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлага хийсэн хүн байна уу

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй гэж бид харамсаж байна. ОХУ-д болсон сонгуулиар Путин яллаа. Түүний бодлого буюу нэгдсэн бодлогоор 24 жил ОХУ нэгдсэн бодлоготой явлаа. Урд хөршийг харсан ч адил. Бодлогын үргэлжлэл урт удаан хугацаанд явна. Улс төрийн хувьд тогтвортой, бодлогын хувьд залгамж чанартай байж хөгжлийн суурь болно. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хамгийн ойр хоёр хөрш бодлогын залгамж чанарыг ямар урт хугацаанд авч явж байна. Ийм байдлаар бид хөгжлийг харах хэрэгтэй.

Хууль хүчний байгууллагуудын энэ шалгалтыг би асуудал шийдэгдсэн хойно нь дэлгэрэнгүй ярьж чадна. Болсон бүх зүйлийг авч үзвэл бараг л адал явдалтай уран сайхны кино зохиол ч болно. Над шиг Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ерөнхийлөгчтэй өөрийн биеэр очиж уулзаж, ярилцлага хийсэн хүн байна уу. Авлигыг өөрийнхөө нэр дээрх дансаар авч, өгдөг хүн байхгүй. Авлига бэлэн мөнгөөр явагддаг. Тийм учраас дэлхий нийтээр шилэн данстай болохоор уриалж байгаа. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийн нэрээр данс нээж, компани байгуулсан. Миний хамгийн том алдаа бол Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй байсан. Үүнийхээ төлөө би хуульд байхгүй хэмжээний хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргынхаа суудлыг өгч байсан. Би Монголын улс төрд хамгийн залуу орж ирсэн учраас үлгэр жишээ болох ёстой гэж үзсэн.

 Би хариуцлага үүрэхэд бэлэн

Үнэхээр надад буруу байна гээд хариуцлага тулгавал би нэр төртэйгөөр хариуцлагаа үүрнэ. Оюу Толгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй, шударга гэрээ болсныг та бүхэнд харуулна. Үүнийг би биш АТГ, Швейцарийн хуулийн байгууллага харуулна. 9 жил болоход энэ асуудал цэгцрэхгүй байгаа, цаашид 100 жил болох учраас энэ асуудлыг цэгцлэх ёстой. Би ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарийн хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Хууль хүчний байгууллагад бид хүндэтгэлтэй хандана. Мэдээж хардах эрхтэй хэмээж буй хувь хүн, улс төрчдийг хүндэтгэнэ. Гэхдээ өөрийнхөө байр суурийг ч илэрхийлнэ. Үүнийг надаас өөр тайлбарлах хүн байхгүй. Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-д шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болоод АТГ-д шалгуулж байна. Мөрдөн байцаалтын нууцыг задалж болохгүй учраас үүнээс дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Асуудал шийдэгдсэний дараа бүх болсон үйл явдлыг ярина.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!