Д.Хаянхярваа: МАН-ын бүлгийнхэн хоёр хуваагдсан зүйл байхгүй

0
94

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдав. Хурлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы дараа анхы хурлаа хийлээ. Хурлаар намын удирдах зөвлөлөөр шийдсэн асуудлын талаар болон цаашид бүлэг Засгийн газраа байгуулахад хэрхэн яаж ажиллах вэ? зэрэг асуудлыг хэлэлцэж бүлгийн гишүүдийнхээ санал гомдлыг сонслоо. МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулахаар тов зарласан. Энэ хурлаас Ерөнхий сайдыг тодруулна. Үүний дараагаар буюу ирэх аравдугаар сарын эхээр УИХ-аар Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулж ажиллахаар зарчмын шийдэл гаргасан” гэлээ.

Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд тавигдах шалгуурын талаар бүлгийн гишүүд санал олныг хэлсэн байна. Иймээс дээрх саналыг Бага хурал дээр анхаарах даалгаврыг намын дарга нь авчээ. Бүлгийн гишүүдийн хувьд санал нийлсэн бас нэг асуудал нь урагшаа харж ажиллая, эе эвээ хичээж ажиллах нь зөв гэж үзсэн талаар тэрбээр тодотгосон.

Түүнчлэн тэрбээр “Өнгөрсөн хугацаанд МАН хоёр хуваагдчихсан зэрэг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдаж байсан. МАН-ын бүлгийнхэн хоёр хуваагдсан зүйл байхгүй. Гишүүд дотор Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухайд санал зөрөлдсөн зүйл бий. Цаашид бид бүлгийнхээ үйл ажиллагааг тогтвортой дэг журмынх нь дагуу явуулна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!