З.Болормаа: Манай цэцэрлэгүүд хоёр дахин их ачаалалтай ажиллаж байна

0
69

Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Сургуулийн өмнөх насны боловсол хариуцсан мэргэжилтэн З.Болормаатай ярилцлаа. 

Цэцэрлэгийн хүртээмж нийслэлийн иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд танай байгууллагаас ямар ажил хийж байна вэ?

Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал үнэхээр чухал. Энэхүү хүртээмжийн цаана хүүхдийн эрхийн асуудал байдаг. Хүүхэд бүр сурч, боловсрох, хамгаалуулах эрхтэй. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд сар бүр улсаас мөнгөн дэмжлэг авдаг. Гэтэл гэртээ байгаа хүүхэд энэ дэмжлэгийг авахгүй байгаа нь хүүхдийн эрх нь хангагдахгүй, тэгш бус байдал үүсдэг байгаагын. Сургуулийн өмнөх боловсрол нь боловсролын нэг түвшин юм. Манайхан “цэцэрлэгт явсан хүүхэд өөр байдаг” гэж ярьцгаадаг. Тухайн түвшний боловсрол эзэмшсэн хүүхэд эзэмшээгүй хүүхдээс асар их ялгаатай. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй үе нь сургуулийн өмнөх насны үед тохиодог. Өмнө нь бид хүний хөгжлийн үеийг 100 хувь гэж үзвэл долоо хүртэл насандаа 60-70 хувь нь төлөвшдөг гэж үзэж байсан. АНУ-ын муж бүрт бага насны боловсролыг хүүхэд бүрт гэсэн хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд асар их судалгаа хийгдсэн. Гэтэл энэхүү судалгаагаар хүний төлөвшлийн 85 хүртэл хувь нь 0-5 насанд бүрддэг гэж тогтоогдсон.

Яагаад гэхээр энэ насны хүүхдүүдийн тархины хөгжил хамгийн идэвхтэй явагддаг. Яг энэ үед нь шаардлагатай хөрөнгө оруулалт хийвэл нэг ам.доллар 13 болтлоо өснө гэж үздэг. Энэ насанд нь хүүхдийн боловсролын хөгжлийг дэмжих нь зайлшгүй чухал юм.

Нийслэлд хүн амын төвлөрөл их, жилээс жилд өссөөр байна. Энэхүү эрэлтийг гүйцэхгүй нийлүүлэлт хийгээд байна. Бид олон цэцэрлэг нээж, өргөжүүлэх зэргээр бүх боломж нөөцөө ашигласан ч  хүн амын төвлөрөл, төрөлт ихэссэн гэх мэт гэсэн бодитой шалтгаанаас хамаарч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдийнхээ 73 хувийг л цэцэрлэгт хамруулж чадсан. Гэхдээ, гадны улсуудтай жишихэд энэ нь тийм ч муу үзүүлэлт биш юм билээ. Монгол Улс шиг хоёр наснаас нь хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг улс дэлхийд байдаггүй. Ихэвчлэн гурван настайгаас нь цэцэрлэгт оруулдаг. Дэлхий нийтэд ядаж нэг жил сургуулийн өмнөх насны боловрсолд хамруулах хөдөлгөөн өрнөдөг. Манайх болохоор нас насны хөгжил чухал гэж үздэг учраас дөрвөн жил цэцэрлэгт хамруулдаг. Энэ нь томоохон дэвшил юм.

Хэрэгцээ, шаардлагаас үүдэн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэх олон санаачилга гардаг. Багш, ажилтнуудын тоог нэмж чадаж байгаа юу?

Манай цэцэрлэгүүд хоёр дахин их ачаалалтай ажиллаж байна. Бид цэцэрлэгүүдэд ямар л зай талбай байна бүгдийг нь ашиглуулж байгаа. Цэцэрлэг бүрт байсан сэрүүн өрөөг бүлэг болгосон. Хоёр давхар барилгатай цэцэрлэгүүдээс боломжтойг нь гурван давхар болгож хүчин чадлыг нь нэмж байна. Гэтэл ийм их ачаалалтай ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг анхаарах шаардлагатай болдог. 100 хүүхэд авах хүчин чадалтай цэцэрлэг ажилчдынхаа тоог нэмээгүй атлаа 200-250 хүүхэд сургаж байна. Гурван тогооч 330 хүүхдийн хоолыг хийх ёстой 1000 хүүхдэд хоол хийж өгч байна. Нэг багшид 12,5 хүүхэд оногдох ёстойгоос байтал 20, 30, 40 болчихсон. Тэгээд маш урт хугацаагаар буюу 10 цаг тасралтгүй ажилладаг. Төрийн байгууллагын ажлын цаг 08.00 цагаас эхлэх  болсонтой холбогдуулан багш нарын ажиллах цагт өөрчлөлт орсон. Жижүүр багшийг 07.30 цагт ирсэн байх шаардлага тавьж байгаа. Гэтэл эрт ирсэн атлаа орой тардаг цаг нь хуучнаар байна. Бид цэцэрлэгт ажиллаж буй хүмүүсийн бүтэц, орон тоог анхаарч өгөөч ээ гэж яриад байгаа юм.

Ачаалал ихтэй дүүрэг, хорооны хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүдэд явуулж, ор, хоолны мөнгийг нь төрөөс гаргах болж шийдвэр гарснаар багагүй хугацаа өнгөрлөө. Хичнээн хүүхэд ийм хэлбэрээр боловсорч байна вэ?  

Нийслэлийн боловсролын газраас санаачлан энэ ажлыг хэрэгжүүлсэн. Одоогоор 78 цэцэрлэг тойргыийнхоо хүүхдүүдийг бүрэн авч дийлэхгүй байна. Ингэхээр цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд цаана нь өчнөөн олон үлддэг. 216 цэцэрлэгийн 78 нь ийм байна гэхээр хүндрэл их байна гэсэн үг. Гэтэл эдгээр цэцэрлэгүүдэд ойр төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хүчин чадалдаа хүрэхгүй ажилладаг. Сул байгаа талбай, ангиудыг нь ашиглах зорилгоор нэмэлт элсэлт авч эхэлсэн. 3087 хүүхдийн хувьсах зардлыг төр дааж төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулж байгаа.

Байгууллага дээр цэцэрлэг байгуулсан талаарх мэдээлэл гардаг байсан. Ийм хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын агуулга нь стандарт хангаж чаддаг уу? 

Бидэнд зорилго байгаа, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гадаад болон дотоод орчинд ямар нөөц байж болох вэ гэдгийг харсан нэг ажил маань байгууллагын цэцэрлэг юм. Байгууллагын цэцэрлэг төрийн өмчийн цэцэрлэгийн салбар хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй. Сургалтын үйл ажиллагааг жинхэнэ утгаар, тогтвортой явуулдаг. Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагаа нь стандартад нийцдэг. Хүүхдүүдийн боловсрол, хөгжлийн асуудлыг шийдсэн, ухаалаг хөрөнгө оруулалт юм. Нөгөө талаар тухайн байгууллага нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж буй хэлбэр юм.

Телевизийн зайны сургалт явуулж байсан. Энэхүү сургалтыг танай байгууллагаас зохион байгуулсан уу?

Сургуулийн өмнөх боловсролын хэлбэр нь үндсэн болон хувилбарт гэж байдаг. Та бид хоёр үндсэн сургалтын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж буй талаар ярилцлаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд явуулын багшийн, нүүдлийн, ээлжийн гэсэн хэлбэрээр хувилбарт сургалт нь явагдах ёстой юм. Нийслэлийн Боловсролын газраас хувилбарт сургалтыг явуулж байна. Хоёр дахин ачаалалтай ажиллаж байгаа цэцэрлэгүүдэд бямба, ням гарагт, эсвэл хүүхдүүдийн унтлагын үе, биеийн тамирын заал нь чөлөөтэй болсон цагт ээлжийн бүлэг ажиллуулж, хагас өдрийн сургалт явуулж байгаа. Өдөрт дөрвөн цагаар 360 цагийн агуулгатай сургалтад хамруулж байна. Энэ нь дараагийн шатны боловсролыг эзэмших бэлтгэлийг хангахаас гадна эзэмших ёстой чадварыг нь бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа юм. Хуульд зааснаас гадна НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Гэр бүл, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалтын хэлбэрийг хоёр жил туршиж байна. Зайны сургалтыг Налайх дүүрэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, энэ жилээс Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт явуулж байна.   Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, хүүхдүүдийн дасгал ажлын дэвтэр гаргасан. Мөн гарын авлага дээр байгаа дуу болон хөгжимт хөдөлгөөн хийхэд зориулсан Си Ди хэвлүүлсэн. Мөн “UBS” телевизтэй хамтран 33 цуврал хичэээл гаргасан. Телевизийн хичээл заах үеэр эцэг, эхчүүд гарын авлагаа ашиглан багшийн заасны дагуу сургалтын үйл ажиллагаанд оролцох юм.  UBS телевиз бидэнд оргил цагаар цаг гаргаад, давтан нь нэвтрүүлгийг үнэгүй явуулсан. Дүүргүүдэд явуулсан бусад арга хэмжээг телевизээр сурталчилсан. “Отгонтэнгэр” их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагын хугацаанд ажиллуулахад үр дүн нь сайн байсан. Ингэхдээ тэднийг дадлага хийснээр тооцуулсан нь тал талдаа өгөөжтэй байлаа. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд жилд 1650 цагийн сургалтад суудаг. Хувилбарт сургалтынх 360 цаг байдаг. Тасралтгүй сургалтаар хангаж цагийг нь нэмэгдүүлэхийн тулд 33 цагийн сургалтын дараа НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр  “Бяцхан цох” сэтгүүлийн тусгай дугаарыг манай ажлын хэсэг эрхлэн гаргаад түүнийг зорилтот гурван дүүргийн хүүхдүүдэд үргэлжлүүлэн сурахад нь ашиглах зорилгоор хэвлүүлсэн. Мөн Монголын радиотай хамтран хилийн заставд байгаа боловсролоос хол хүүхдүүдэд зориулж  нэвтрүүлэг хөтөлж буй юм.  Бидний хувьд эдгээр сургалтуудыг хүртээмж, чанарын талаас нь онцгой анхаарч зохион байгуулсан.

Манайд бага насны хүүхдэд боловсрол, төлөвшил олгох судалгааны ажил хэр хийгддэг бол, сургалтын хэрэглэгдэхүүн тоглоомын чанар хүртээмжийг хэрхэн бүрдүүлдэг вэ? 

Хүмүүс барилга л барьчихвал цэцэрлэг болчихно гэж бодоод байдаг. Гэтэл цэцэрлэг зөвхөн байшин биш юм. Тэнд боловрсолын үйл ажиллагаа хүний хөгжлийн процесс явагдаж байна. Энэ утгаараа чанарын асуудлыг ярихгүй байх аргагүй. Монгол хүүхдийг судалсан үндэсний хэмжээний бие даасан судалгаа байдаггүй. Үүнийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ч ярьдаг. Бага насны хүүхдийн хөгжлийн гол хэрэглэгдэхүүн тоглоом байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд төрийн өмчийн цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн,  тоглоомыг төрөөс хангахаар заасан байдаг. Гэтэл тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн дээр нь төсөв мөнгө хэрэгцээ, шаардлага хуульд заасан түвшинд хүрдэггүй. Одоогоор эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг, төрийн бус олон улсын байгууллагын хөтөлбөрийн хүрээнд тоглоом наадгайг бүрдүүлдэг. Дийлэнхдээ гарын дор материалаар цэцэрлэгийн багш, ажилтнууд өөрсдөө үйлдвэрлэн ашиглаж байна. Гэхдээ ирэх хичээлийн жилд 200 сая төгрөг тоглоомын зардал болгож төсөвт суулгаж чадсан. Үүнийг бага амжилт гэхгүй. Бүтэн жилийн турш олон хүүхдийн гараар дамжсан тоглоом дараа жил нь ашиглагдах боломж байдаггүй, тэгэхээр жил бүр энэ төсвийг суулгах ёстой.

Эцэг, эхчүүдийн  зүгээс хүүхдийн боловсролыг багш нарт нь даатгаж орхидог дүр зураг байдаг. Энэ байдал өөрчлөгдөж байна уу?

Бага насны хүүхдүүдийн боловсрол, хөгжилд  эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал. Хуульд эцэг эхчүүд гэр бүлдээ хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх арга барилыг эзэмшсэн  байх ёстой гэж заасан байдаг. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцоотой байх үүрэг хүлээдэг. Нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх насны боловсрол хариуцсан мэргэжилтнүүд “Хүүхэд хөгжил” нэртэй цахим хуудас гаргаж байгаа. Энэхүү хуудсаас өөрсдийн сонирхсон асуултыг асууж болно. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цэцэрлэг бүрт эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх төв байгуулна гэж заасан. Энэ ажлын хүрээнд төсөл боловсруулсан байгаа. Мөн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх төвийн ажиллах журмыг эхний байдлаар боловсруулсан. Жишиг загварыг бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн I цэцэрлэгт гарааны ажлаа хийсэн. Энэ бүхэн аль болох өрх гэр бүл рүү хандах хүн бүхэнд энэ насны боловсрол бие хүн болж төлөвшихөд нь хамгийн их хамаатай гэдгийг ойлгуулах гэсэн үйл ажиллагаа юм. Эцэг эхчүүд бидний ажлыг ойлгодог, дэмждэг болсон. Бид цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдээс гадна хамрагдаагүй хүүхдүүдэд боловсрол олгохын тулд зайны сургалт, болон бусад сургалтыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!