Ш.Төрбат: Цэвэр усны 3-р шугамын ажил аюулгүй байдал талаасаа асар их ач холбогдолтой

2021-02-25
2 мин уншина

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсөж буйг харгалзан үзэж усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих асуудлыг шийдвэрлэсэн. Эрчим хүчний цех Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62000 м3  орчим цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн хэрэглээ эдэлгээний явцад нимгэрч ажлын ачаалал даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрчээ. Хэрэв нэг шугамд гэмтэл гарвал зөвхөн ганцаар үйлдвэрийн болон хотын цэвэр усыг хангах боломжгүй. Иймээс гурав дахь шугамыг татах зайлшгүй шаардлага тулгарсан. Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй байдалтай холбоотой энэ төслийн явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатаас тодрууллаа.

-Усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих төслийн ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

     -2020 оны дундуур эхэлсэн. Эхлээд эрх бүхий байгууллагаар геодезийн хэмжилтүүд хийлгэх, бүх цэгийг шинээр тогтоох, тендер зарлах, шалгаруулах гээд шат дараатай нэлээд ажил хийгдсэн. Цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдал ажилд их саад учрууллаа. Гэсэн ч гүйцэтгэгч компаниуд маань энэ хугацаанд хууль эрхийн актуудаа бүрдүүлж, яам тамгын газруудаас тусгай зөвшөөрөл, газрын зөвшөөрлөө авч, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, зураг төслөө хийгээд дуусаж байна. Одоо зураг төслийнхөө магадлалыг хийлгэж байна. Ус өргөх станцын тэнд кемпүүдээ байгуулчихсан. Нийлбэр дүнгээр 10 гаруй км труба ирээд, газар дээрээ буучихсан байгаа. Нэмээд 20-иод км труба ачигдсан, Монголын хилээр гараад наашаа ирж яваа. Тэр хоолойнууд ирэхэд ажил эхлэхэд үндсэндээ бэлэн боллоо гэсэн үг. Төслийн ажлын эхлэл сайхан бүтэмжтэй, төлөвлөгөөний дагуу явж байна.  

-Цэвэр усны 60-аад км шугам тавихад авто болон төмөр зам хөндлөн огтолж таарна. Үүний зөвшөөрлийг авсан уу?

     -Авто зам болон төмөр зам хөндлөн огтлох зөвшөөрөл авах, зураг төсөл гаргуулах том ажил байдаг. Зохих байгууллагаар нь хийлгэдэг. Тухайлбал, төмөр зам сэтэлж гарах зөвшөөрөл авах зураг төслийг заавал төмөр замынхан өөрсдөө хийх ёстой. Дараа нь нэвтрэх ажлыг мөн тэднийх хийдэг. Цаг хугацаа, хөөцөлдлөгөө шаардсан ажлууд хийгдчихсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий дүгнэлтүүд гарчихсан байгаа.

-Бүтээн байгуулалт газар дээрээ хэзээ эхлэх вэ?  

     -Гүйцэтгэгч компанийн хүмүүс маань хотоос гуравдугаар сарын 15 гэхэд ирнэ. 14 хоног тусгаарлагдаад, энд хяналт сургалтаар ороод ажлаа эхэлнэ. Тендерт “Happy Building”, “Bridge Construction” гэж хоёр компани шалгарсан. Цэвэр усны төв шугам барих ажил зургийн дагуу бол 11-р сард дуусах ёстой. Гэхдээ бид шуурхай ажиллаж, хоёр компани хоёр талаасаа ажлаа зэрэг эхлээд есдүгээр сар гэхэд дуусгахыг зорьж байна. Газраа ухаад, трубагаа тавиад, гагнаад л, түүн дээр захиалагчийн, зураг төслийн хяналтууд тал талаасаа хийгдээд шуурхай ажиллах  төлөвлөгөөтэй. Одоогоор тулгамдаж байгаа бэрхшээл алга.

-Шинэ шугам ашиглалтад орсноор гол нь ямар давуу тал бий болох вэ?

     -Одоо хоёр шугамаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрээ усаар хангаж байгаа. Ийм үед нэг шугам дээр ямар нэгэн гэмтэл гарахад нэг шугамаар тэр их усыг нэвтрүүлэх боломжгүй. Харин гурав дахь шугам барьснаар техникийн боломж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сэлгээний шугамтай болсноор олон жилийн эдэлгээнд муудсан шугамаа сэргээн засварлах боломж бүрдэнэ. Үр ашиг гэхээсээ илүү аюулгүй байдал, нийгэм ахуйн талаасаа асар их ач холбогдолтой төсөл юм.

-Ер нь Эрдэнэтийн усны нөөц хэр зэрэг байгаа вэ?

     -Одоо байгаа хоёр шугамаар жилд 21 сая шоо метр ус ирж, бид ашиглаж байна. 20 жилд нэг удаа усны нөөцийн дүгнэлт гаргуулдаг. Энэ ажил саяхан хийгдсэн. Ойрын 20 жилд усны нөөц хүрэлцээтэй.

-Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Орчуулах »