ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЛАА

0
213

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард авсан энэхүү шинжилгээнд 31 бөх хамрагдсан бөгөөд тэдний таваас нь хориотой бодис илэрсэн байдаг. Тэдний дөрөв нь дээрх хариуг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг бөх нь дахин шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр Бөхийн өргөөнд хуралдаж дээрх дөрвөн бөхийн асуудлыг хэлэлцсэн байна. Хурлаар улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ. Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журмын 4,1-д заасны дагуу “Улс аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг хоёр жилээр хасна” хэмээн заасан байдаг байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!