Засгийн газар, арилжааны банктай үгсэн иргэдийн халаасанд хуруу дүрсэн үү

Засгийн газрын “мөрөөдөл”-ийн хөтөлбөрийг арилжааны банкуудыг “шантаажлан” хэрэгжүүлэхээр түлхэв бололтой.

Арилжааны хэд хэдэн банк Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээ мэдэгдэв. Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн тухай харилцагчиддаа мэдээлээгүй атлаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд нэгдэж байгаагаар шоудлаа. 

У.Хүрэлсүхээс хав дарж нуусан Л.Оюун-Эрдэнийн 10 их наядын төлөвлөгөөг Засгийн газар 2021.02.17-нд баталсан. Хөтөлбөрийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгоно гэж байгаа.

Үнэндээ цар тахлын улмаас аж ахуйн нэгж байгууллага хаалгаа барьж ажлын байр хомсдсон. Зээл авах тэнхэлтэй аж ахуйн нэгж, иргэн цөөрсөн. Арилжааны банкуудын зээл гаргалт ч багассан.

Он гарсаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөг болж өмнөх сараас 25 тэрбум төгрөгөөр өссөн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 844.7 тэрбум буюу 4.7 хувиар буурсан нь энэ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд төгрөг нь иргэдийнх байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өөрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж 4.34 тэрбум төгрөгөөр өссөн.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 3.5 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 177.7 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Иймээс арилжааны банкийг зорьж зээл хүсэх иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй болсон гэхэд болно.

Үүн дээр эрх баригч нам тоглолт хийж, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэхийг “шахав”. Тэр байтугай хугацаатай хадгаламжийн хүүг бууруулах талаар хэлэлцсэн гэх мэдээлэл бий.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсноос 7 хоногийн дараа буюу 2021.01.29-нд шинэ Засгийн газар бүтцээ бүрдүүлмэгц Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэмэлт өөрчлөлтийг хийж, тэр өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Яг тэр өдрөөс хугацаагүй хадгаламжийн хүүг 2021.06.30-ны өдөр хүртэл буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг дуусгавар болтол хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. Энэ хугацаанд 10 их наядын хөтөлбөрөөс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн хэрэг.

Арилжааны банкуудын хугацаагүй хадгаламжийн хүү дунджаар жилийн 4-5 хувь байгаа. 2020 оны 8 сарын эцэст нийт 19.98 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 3.58 их наяд төгрөг нь хугацаагүй хадгаламж байсан бол 4.68 их наяд нь харилцах хадгаламж байв. Дээрх хугацаанд эл хоёр хадгаламжийн хүүг тэглэснээр арилжааны банкуудын эх үүсвэрийн зардал буурна. Хугацаагүй хадгаламжийн хүүнд мөнгө гаргахгүй гэсэн үг.

Ингэснээр зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэж байгаа юм. Гол нь хугацаагүй хадгаламжийн дийлэнх нь иргэд байдаг аж. Товчхондоо иргэдийн халаасанд орох мөнгө багасч, Засгийн газар болоод арилжааны банк үгсэн завшиж байгаа гэж нөгөө талаас нь үзэж болж байна.

Тэгэхээр чөлөөлөгдөх газар нь тодорхойгүй ч Улаанбаатар хотод “Залуус I, II, III” хороолол барина. Үүнд барилгын компаниудыг татан оролцуулах бөгөөд төрөөс газар, дэд бүтцийг шийдвэрлэнэ. “Буянт-Ухаа-2” орон сууцыг бүрэн борлуулж дуусаагүй атлаа дараагийн хотхоны талаарх мэдээллээр “тархи угаалт” эхэлчихсэн байгаа хэрэг.  

Орчуулах »