НИЙСЛЭЛ ХОТОД “АНГИРТАЙ БҮС” БАЙГУУЛНА

0
119

Баянзүрх дүүргийн  20 дугаар хорооны Доод төглийн Шар хоолойд амьдардаг иргэдийн санаачлагаар “Ангиртай бүс” төрийн бус байгууллага байгуулагдсан байна. Хөршүүд хамтран хүлэрт намгийг сэргээж,  ангир шувуу болон байгаль орчинг хамгаалах ажлыг  хийх хүсэлтээ хотын  дарга  С.Батболдод ирүүлсэн.  Энэхүү хүсэлтийн дагуу  иргэн  Л.Алдармаа тэргүүтэй  иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.   Иргэн  Л. Алдармаа хэлэхдээ   “Улаанбаатар хотдоо   экологийн бүс цогцоор нь байгуулах хүсэлт  бидэнд бий.   Өөрөөр хэлбэл, Гачууртын  Шар хоолой орчмын  70 га газрыг хамгаалснаар  тэнд  ангир шувуу үржиж,  унаган байгалиа хамгаалж, цаашлаад нөхөн сэргээлт хийж, хүүхэд багачууддаа экологийн боловсрол олгодог  ботаникийн хүрээлэн байгуулах хүсэлт бидэнд байдаг.  Гэвч газрын хамгаалалтын асуудал, хилийн бүсийг тогтоогоогүйгээс  иргэд, аж ахуйн нэгжүүд газар сэндийчих,  барилга барих гэсэн оролдлого олон удаа гарсан. Үнэндээ энэ бүс нь  Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн бүсэд багтдаг учраас  хилийн цэс, заагийг тогтоож, хөршүүд хамгаалж,  Байгаль орчны газартай хамтран ажиллах боломжийг олгож өгөхийг хүсч байна.  Анх  Шар хоолойн энэ аманд  6 төгөл байсан ч өнөөдөр ганцхан нь үлдсэн.   Энд амьдардаг иргэд нутаг орон, байгалиа хамгаалах зорилгоор  ХБНГУ-ын  Мюхены  судлаачид болон  шувуу судлаачидтай ч уулзалт хийж байна. Ангир шувуу өөрөө их онцлог. Хүлэрт намаг бүхий газар өсч үрждэг.  Тиймээс   нийслэл хот ангир шувуугаа хамгаалах асуудал чухал байна. Бид газар хүсээгүй. Хамгаалалтын заагийг тогтоож, уг бүсэд газар олголт хийхгүй байхыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ангиртай бүс” байгуулах санаачлага гаргасан иргэдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, богино хугацаанд  тус газрын хилийн заагийг тогтоон, нийслэлийн Байгаль орчны газрын хамгаалалтад авна гэдгээ хэллээ. Хэрвээ хөршийн холбоо үнэхээр сайн ажиллаж, экологийн бүсийг сэргээж, байгалиа хамгаалж чадвал  нийслэл хотоос тодорхой хөрөнгө оруулалт хийж, иргэдийн амарч, хүүхэд багачуудын зугаалах дуртай  амьд байгаль бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна гэдгийг тодотголоо. Тэрбээр “Хамгийн хэцүү асуудал нь  газар байдаг.  Аялал жуулчлал,  байгаль хамгаалах нэрийдлээр  уулын ам, их хэмжээний га газруудыг хашиж, байгалийг сэргээх нь битгий хэл сүйдэлж байгаа үйлдлүүд хотын эргэн тойронд их байна. Энэ бүхнийг цэгцэлж, зарим иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож,  нийслэлийн мэдэлд газраа эргүүлэн авах хүртэл арга хэмжээ авна.  Гачууртад “Ангиртай бүс” буюу ботаникийн хүрээлэн байгуулахыг дэмжиж ажиллана” гэдгээ онцлон хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!