ҮНДЭСНИЙ КОМПАНИУД “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Г ЦААШИД Ч ДЭМЖИН АЖИЛЛАНА

0
139

Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн эх хэл, соёлоо сэргээх, түүхээрээ бахархах сэтгэлийг хөхиүлэн дэмжих зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хороотой хамтран 2017 оны 12 дугаар сард зохион байгуулсан. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монгол хүүхдүүдийг өргөнөөр хамруулахын тулд олимпиадыг “онлайн” хэлбэрээр зохион байгуулсан нь ихээхэн онцлогтой болсон ба 2 насны ангиллаар нийт 134 хүүхэд тус олимпиадад амжилттай оролцсон.

Монголын түүх, соёл, уламжлалт зан заншил, өв уламжлалын талаарх хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлсэн энэхүү олимпиадын шагналт байруудад шалгарсан хүүхдүүдийг эх орондоо ирэх онгоцны тасалбар, олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг зэргээр шагнаж урамшуулсан нь хүүхдүүдийн эх түүхээ судлах сонирхлыг нь сэргээж, цаашид хэл, соёлоо улам шимтэн суралцахад нь ихээхэн урам өгсөн.

Манай үндэсний компаниуд болох “МИАТ” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу толгой” ХХК, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Монсудар” ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг олон байгууллагууд тус олимпиадыг ивээн тэтгэн оролцсонд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн талархал илэрхийлж, өнөөдөр ГХЯ дээр хүлээн авч уулзлаа.

Тус олимпиадыг цаашид тогтмол хэрэгжүүлж, хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн эх хэл, соёлоо сэргээх хүслийг нь дэмжин манай үндэсний компаниуд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!