МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлэг хэн нэгний мөнгө зувчуулах хэлбэр үү?!

МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг 200.000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг 2020.02.04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байв. Ингэснээр оюутнуудын тэтгэлэгт улсын төсвөөс 78 тэрбум төгрөг тусгаж байсан юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МСҮТ-ийн оюутнуудын тоон дээр ажиллаж, тэтгэлгийн хөрөнгөнөөс шамшигдуулдаг уу гэх хардлага үүсээд байна.

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 сургалтын байгууллага (Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж)-д 37039 суралцагч суралцаж, 4624 багш, ажилтан ажиллаж байсан статистик мэдээлэл бий.

Харин 2019 оны жилийн эцэст хийсэн аудитын тайланд 34170 суралцагчдад 41 004 000 0 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 15 490 гаруй суралцагчдад 18 588 300 0 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, төсвийн гүйцэтгэл 45.3 хувиар биелэгдсэн байна.

Гэтэл тэтгэлэг олгосон төлбөрийн баримтад харилцагч байгууллагын нэхэмжлэхийг хавсаргаагүй. Цахим системд оруулсан /МСҮТ-ийн оруулсан/ суралцагчдын нэрсийн дагуу, хувийн дансанд нь шууд шилжүүлэн олгож байгаа нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Энэ нь суралцагчдын тооны зөрүү гарах, тэтгэлэг илүү, дутуу олгох эрсдэлтэй гэсэн үг.

МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгодоггүй байхад элсэх хүн олддоггүй байсан. Харин өдгөө суралцагчдын тоо огцом өссөн байгаа. Ямартаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа МСҮТ-д суралцагчдад насны босго тавих шаардлага үүслээ гэж байв. Энэ мэдэгдэл нь олон хардлагыг дагуулж эхэлсэн байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас МСҮТ-д хяналт тавьдаг. Гэвч үүргээ умартсан уу, эсвэл давуулан биелүүлж, суралцагчдын тоо хиймлээр нэмдэг үү гэх асуулт үүссэн.

Учир нь тэтгэлэг нэмэгдэхийн хэрээр элсэгчдийн тоо өсч байгаа ч төгсөгчдийн тоо буурсан байгаа нь анхаарал татна. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2019-2020 оны хичээлийн жилд 18.9 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 2.3 мянгаар буюу 10.9 хувиар буурсан үзүүлэлт.

Нөгөөтэйгүүр, МСҮТ төгсөгчид ажлын байраар бүрэн хангагддаггүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зах зээл дээрх ажлын байрны судалгааг гаргаж, тэр хүрээнд мэргэжилтэн бэлтгэх зохицуулалттайгаар МСҮТ-ийг төрөөс дэмждэг.

Гэвч салбарын яам ажлаа хангалттай хийж чаддаггүйгээс мэргэжлийн үнэмлэхтэй ажилгүйчүүдийн тоо өссөөр. Улмаар тэтгэлэг авч суралцах нэрийн дор өдөр хоногийг аргацаах явдал газар авсаар байна.

Үүнд тавих хяналт сул байгааг аудитын дүгнэлтээс харж болно. Тайлант онд яамны Дотоод хяналт, шалгалт үнэлгээний газраас 13-н сургалтын төвд суралцаж буй 4489 суралцагчдын тоонд шалгалт хийхэд 1403 суралцагчийн зөрүү гарч санхүүжилт илүү олгогдсон байж магадгүй дүн гарч.

Ийм байхад сургалтын төвд олгохоор тооцсон тухайн оны 5 дугаар сарын хувьсах зардлын санхүүжилтийг 27 342.6 мянган төгрөгөөр нэмж олгосон зөрчил илэрсэн нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд шалгалт оруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Орчуулах »