СУРАГЧДАД ОРЧНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

0
94

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Орчны бохирдлоос сэргийлэх экологийн цуврал сургалт”-ын нээлт өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургууль буюу Эрдмийн ундраа цогцолборт боллоо. Сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаягалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон сургалтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч нийслэлийн Боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт “Иргэдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ” гэж тусгагдсан. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь Монгол Улсын Үндэсний стандартад нийцэхгүй байна.  Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал,уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой агаарын бохирдлоос үүдэлтэй. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааны дүнгээс үзэхэд 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас (жорлон, муу усны нүх), хамааралтай нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэр, машин засварын газар, хогийн цэг орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол ихээр илэрч байна. Тиймээс орчны бохирдлыг бууруулах,сурагчдын суралцах орчныг сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах өвчлөлөөс өөрийгөө сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэдээлэл түгээх нь холбогдох төрийн байгууллагын зайлшгүй хийх ажил тул тус  сургалтыг зохион байгуулж байгаа юм” хэмээн онцоллоо.
Уг сургалтын гол зорилго хөрсний нянгийн бохирдлын хэмжээ харьцангуй ихтэй нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын тодорхой сурагчдыг хамруулах, сурагчдаар дамжуулан сургуулийн нийт сурагчид болон гэр бүлийн гишүүдэд нь хөрсний бохирдлын хор уршиг болон хамгааллын талаар ойлголт өгөх, ялангуяа ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрсний бохирдолтоос урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ болон хүрээлэн буй орчны хамгааллын тухай ойлголт мэдээлэл, зөвлөмж өгч ажиллахад оршино.
Цуврал сургалтад нийслэлийн 6 дүүргийн 20 сургуулиас дунд болон ахлах анги, эко клубын нийт 1600 сурагч хамруулахаар төлөвлөж байгаа аж. Эхний ээлжийн сургалтад Нийслэлийн Баянгол дүүргийн 77, 78, 93, 54 дүгээр сургуулийн 160 сурагч оролцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!