Худалдан авагчдын үрсэн нэг ам.доллар бүрийн 85 цент нь “Landmark Group”-д очдог

0
148

Ядуу цагаачийн гэр бүлээс гаралтай Микки Жагтианигийн хувьд баяжих ямар ч боломж байгаагүй гэхэд болно. Гэхдээ л тэрбээр өөрийг нь тэрбумтан болгосон бүхэл бүтэн дэлгүүрийн сүлжээ байгуулж чадсан юм.

Мукеш (Микки) Жагтиани аавынхаа амьсгал хураахын өмнөхөн “Микки өөрийгөө яаж тэжээхийг би л лав мэдэхгүй. Ямар ч боловсролгүй энэтхэг хүн энэ улсад яаж амьдрах юм бэ” гэж хэлсэн сүүлчийн үгийг хэзээ ч мартдаггүй.

Эцэг нь ийнхүү санаа зовохоос ч өөр аргагүй байсан юм. Энэтхэгээс Кувейтэд ирсэн цагаач 17 настай Микки хүүгээ Лондоны тоо бүртгэлийн коллежид явуулахын тулд байгаа  бүхнээ шавхжээ. Гэвч хүү нь хэд хэдэн шалгалтдаа унаж, эцэст нь сургуулиа орхисон юм. Тэрбээр архи их ууна. Амьдрахын эрхэнд зочид буудалд цэвэрлэгч, таксины жолооч хүртэл хийжээ. Удалгүй олдог жаахан мөнгө нь ч хүрэлцэхээ больсон учир Микки 1972 онд гэр бүлдээ эргэж ирэв. Тэнд түүнийг таагүй үйл явдлууд хүлээж байлаа. Түүний ах Манешаас цусны хорт хавдар илэрч, тэрээр хэдэн сарын дараа нас баржээ. Чихрийн шижин өвчтэй аав нь хүүгийнхээ үхлийг удаан тэсвэрлэж чадсангүй. Жилийн дараа мөн л хорт хавдар ээжийг нь авч одов. Ийнхүү Микки Жагтиани 21 настайдаа гэр бүлгүй, ирээдүйн ямар ч төлөвлөгөөгүй ганцаар үлдсэн юм.

Жагтианигийн хамгийн түрүүнд хийсэн зүйл нь хүүхэд насаа өнгөрүүлсэн эх нутаг Энэтхэгт эргэж очихоор шийджээ. Тэнд тэрбээр буяны байгууллагад ажиллаж ядуучуудад туслах боломжтой. Гэхдээ Микки талийгаач ахынхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй гэдгийг ойлгосон юм. Ах нь  нас барахынхаа өмнөхөн Бахрейнд худалдаа эрхлэх газар түрээсэлдэг байжээ. Микки гэр бүлээсээ өвлөгдөж үлдсэн бүх хөрөнгө болох 6000 ам.доллараар хүүхдийн хувцас худалдан авч, Персийн булангийн орнуудын газрын тосны компаниудад ажилд орохоор Энэтхэг, Пакистанаас ирсэн цагаачдад борлуулж эхэлсэн юм.

Өнөөдөр Жагтианигийн гол үйлчлүүлэгчид нь дундаж ангийнхан. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Ойрхи Дорнод дахь худалдааны хамгийн том эзэнт улсуудын нэгийг байгуулжээ. Дубайд төв нь байрладаг түүний “Landmark Group” дэлхийн 10 гаруй улс оронд 650 сүлжээ дэлгүүрээр гутал, хүүхэд, насад хүрэгдчийн хувцас, тавилга зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Зөвхөн 2013 онд л гэхэд 4.5 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. “Forbes” сэтгүүл энэ хавар түүний хөрөнгийг таван тэрбум ам.доллараар  үнэлжээ.

Жагтиани их даруухан хүн. Өөрийн амжилтыг тэрбээр “хэрэгтэй цагт, хэрэгтэй газраа байж чадсан” хэмээн тайлбарладаг. Зарим талаар үүнд үнэний хувь бий. АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Оман, Катарын худалдан авагчдын үрсэн ам.доллар бүрийн 85 цент нь  “Landmark Group”-д ногддог. Эдгээр улсуудын эдийн засаг сүүлийн таван жилд дунджаар 7.9 хувиар өсчээ. Энэ бүс нутаг дах энэтхэг цагаачдын тоо ч хурдтай нэмэгдэж байна. 1975 онд 258 мянга байсан бол эдүгээ таван сая болжээ. Дубайн хүн амын 42 хувийг энэтхэгчүүд, 30 орчим хувийг пакистан, шриланк, филиппинчүүд эзэлж байна.

Жагтиани өөрийн худалдан авагчдыг сайн мэддэг. Түүний эцэг, эх 1950-иад онд Энэтхэгийн Бомбей хотоос Кувейтэд цагаачилж иржээ. Чухам энэ үед Персийн буланд газрын тосны олборлолт огцом нэмэгдэж, олон сая энэтхэгчүүд энэ бүс нутаг руу тэмүүлж эхэлсэн юм. Тэд хоёулаа их дэлгүүрт худалдагчаар ажиллаж байв. Жагтиани Кувейтэд төрсөн ч эцэг эх нь тэндэхийн боловсролын системд эргэлздэг байсан учир гурван настай Миккиг ахтай нь хамт Бомбейд байдаг авга эгчийнх рүү нь явуулсан аж. 12 нас хүрээд Жагтиани Ливаны хамгийн нэр хүндтэй “Brummana High School” дотуур байртай сургуультай оржээ. Жагтианигийн ярьснаар энэтхэг хүн сайн боловсролгүй бол дээш гарах хэцүү.

Гэхдээ тэрбээр сурах сонирхолгүй, гэрээсээ холдох дургүй учир удаан хугацааны турш илүү тэсвэр хатуужилтай ахынхаа сүүдэрт байжээ. Хожим тэрбээр “Маш хэцүү байсан. Зарим үед их ганцаардана” хэмээн дурссан байдаг. Жагтиани 1969 онд сургуулиа төгсч, үргэлжлүүлэн суралцахын тулд Лондоныг зорьжээ. Гэвч дээр өгүүлснээр тэр сургуулиа орхиж, бараг л гудамжинд гарсан юм. Тэрбээр өдөрт дөрвөн хайрцаг тамхи татаж, нэг лонх виски уудаг байсан гэдэг.

Ойрхи Дорнодод эргэн ирсний дараа гэр бүлээсээ хагацсан Жагтиани ямар ч боловсрол, туршлагагүй болохоор ахынхаа дөнгөж эхлүүлээд орхисон худалдааны бизнесийг үргэлжлүүлж чадна гэдэгтээ итгэлгүй байсан юм. Гэсэн ч дэлгүүрээ хүүхдийн бараагаар дүүргэж, “Babyshop” гэж нэрлэв. Тэрбээр зөвхөн нэг л туслах ажилд авах боломжтой байсан бөгөөд боомтоос ачаа татах, бараа бүтээгдэхүүнээ бүрэн бүтэн байдалд хяналт тавих, шалаа угаах гээд бүх ажлыг өөрөө хийнэ. Шинэ санаа олохын тулд дэлгүүртээ ирсэн үйлчлүүлэгчдийг байнга ажигладаг байжээ. Тэрбээр эхнэр нь худалдан авалт хийж байх хойгуур нөхрүүд нь амарч байх урт сандал дэлгүүртээ байрлуулав. Живхнээс авахуулаад түрдэг тэрэг хүртэлх хүүхдэд зориулсан бүх төрлийн барааг нэг дэлгүүрт борлуулсан нь жинхэнэ шинэ санаа болсон юм. Жагтиани “Наймаа бол пуужин үйлдвэрлэлтэй адилгүй. Би үргэлж энгийн арга ухааныг дэмжигч” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

Хоёр дахь дэлгүүрээ нээсний дараа Микки гэр бүлтэй болохоор шийджээ. 1980 онд тэрбээр Бомбейгаас ирсэн Ренук гэгч бүсгүйтэй гэрлэв. “Тэр маш ухаалаг бүсгүй, ангидаа хамгийн шилдэг нь байсан. Гэтэл би бүх шалгалтдаа унасан шүү дээ” хэмээн Жагтиана эхнэрээ магтжээ. Удалгүй тэд хоёр охин, нэг хүүтэй болсон байна. Хүүхдүүд нь ихэнх цагийг эцэг, эхийнхээ дэлгүүрт өнгөрүүлнэ.

12 жилийн дараа Жагтианигийн эзэнт улс 400 ажилтантай зургаан дэлгүүртэй болсон байв. Тэр үед Микки Дубайд шилжин суурьшиж, тэнд компанийнхаа төв штабыг байгуулахаар шийджээ. Энэ нь ч цагаа олсон шийдвэр болсон юм. Учир нь тухайн үед Дубайн эмир байсан шейх Мактум бин Рашид аль-Мактум өөрийн эмиратыг худалдан авагчдын хувьд ямар ч татваргүй жинхэнэ диваажин болгохыг эрмэлзэж  байжээ. 1991 онд Дубайд тансаг зэрэглэлийн “Wafi City”, дараа жил нь “BurJuman” сүлжээ дэлгүүр нээгдэв. Харин Жагтиани дундаж ангийнханд, тэр дундаа Энэтхэгээс ирсэн цагаачдад үнэнч хэвээр үлдсэн юм. АНЭУ-д ирэх цагаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, 10 жилийн дотор 950 мянгад хүрчээ. Микки “Babyshop”-ын шинэ салбар, мөн гутлын “Shoe Mart”, тавилгын “Home Centre” зэрэг хэд хэдэн дэлгүүр нээв. “Home Centre” нь “IKEA”-тай адилхан боловч бүрэн угсарсан хямд тавилгыг хэрэглэгчдэд санал болгодгоороо онцлогтой. Түүний эхнэр нь үнийн хувьд боломжтой загварын хувцас борлуулах “Splash” дэлгүүрийн сүлжээг санаачилж байгуулжээ. Өнөөгийн байдлаар “Splash”-аас бусад бүх брэндүүд өөрсдийн зах зээлдээ тэргүүлэгч болоод байна.

Жагтиани юунаас эхэлснээ хэзээ ч мартдаггүй учир боломжтой бол аль болох зардлаа бууруулахыг хичээдэг. Тэрбээр тоонд тийм ч сайн биш гэдгээ хэнээс ч нуудаггүй. Тийм ч учраас 200 санхүүч түүхий эдийн үнээс авахуулаад дэлгүүрийн лангуун дээр очих хүртэл компанийн бүх тоо баримтыг хянадаг аж. “Landmark” бүх бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэдэг. Хэрвээ бараа 30-45 хоногийн дотор зарагдахгүй бол бүтээгдэхүүний нэр төрлөөс хасагдана.

Ойрхи Дорнод болон Өмнөд Азид худалдан авагчдын байдал, эрэлтэд судалгаа явуулдаг гол оффисоос өгсөн зааварчилгааг сүлжээ дэлгүүрүүд нь маш сайн дагадаг. Жагтиани өөрийн дэлгүүрүүдэд байнга л ямар нэг өөрчлөлт хийнэ. Үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвар нэмэгдэхийн хэрээр барааныхаа нэр төрлийг өргөжүүлж, зарим нэг илүү үнэтэй материал ашиглах болжээ. Худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд өөр төрлийн бараа зардаг дэлгүүрүүдийг нэг худалдааны төвд хамт байрлуулах “Нэгдсэн цэг” нэртэй төлөвлөгөө хэрэгжүүлсэн байна. Ингэснээр худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хувьд цагаа зугаатай өнгөрөөх газар болжээ. Хүүхдүүд тоглоомын талбайд тоглож, хөхүүл эхчүүдэд зориулж тусгай тоноглолтой өрөө, харин гэр бүлээрээ хүссэн зоогийн газарт тухлах боломжтой. “Landmark” гол түрээслэгч нь болсон худалдааны төвүүдэд “La Gaufrette” болон “Bazerkan” нэрийн зоогийн газрууд, мөн хөдөлгөөнт тоглоом, усан бассен бүхий “Fun City” тоглоомын талбай байгуулав.

Жагтиани тансаглалд дургүй. Тэр ердөө “Mercedes” загварын ганцхан машинтай, гэр бүлээрээ Дубайд тийм ч тансаг биш байшинд амьдардаг. Энэтхэг хүний хувьд буддын шашинтай бөгөөд түүний өөрийнх нь ярьснаар үйлддэг хамгийн том нүгэл нь шөнийн цагаар сэтгэл хөдөлгөсөн түүхэн кино үзэх дуртай гэнэ.

Гэхдээ түүний эзэнт улсыг өргөжүүлэх талаар яригдах үед Жагтиани ямар ч эргэлзээгүйгээр мөнгөө цацаж чадна. Түүний эхнэр бизнесийн хөгжлийг хариуцдаг “Landmark International” компанийг удирддаг. Тэрбээр Британийн эмэгтэй хувцасны “New Look”, “Reiss”, “Aftershock”,  Туркийн “Koton” зэрэг олон улсад алдартай брэндүүдийг өөрийн болгожээ. Мөн Жагтиани Америкийн алдартай “Saks” худалдааны маркийг өөрийн болгохын тулд Исландын магнат Йон Асгир Йоханнессонтай хүчээ нэгтгэсэн байна. Тэд тус тусдаа худалдаж авсан хувьцаагаа нийлүүлж, компанийг бүхэлд нь худалдаж авах хүсэлтийг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисст гаргажээ. Гэвч энэ нь бүтэлгүйтсэн бололтой Жагтиана энэ наймааны талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалздаг. Тэрбээр мөн Йоханнессонтай хамтарч Британийн “Debenhams” их дэлгүүрийн сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тус компанийн есөн хувь Жигтианигийн эзэмшилд байдаг. Өнгөрсөн онд “Landmark” хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд Саудын Арабын “Тадавул” хөрөнгийн биржид хувьцаагаа гаргажээ.

Түүнээс гадна Жагтиани өөрийн түүхэн эх орон руу анхаарлаа хандуулах болсон байна. Мэдээж зөвхөн нутгаа санагалзсан сэтгэл биш гэдэг нь ойлгомжтой. Энэтхэгт хийсэн худалдаа 2007 онд найман тэрбум байсан бол 2010 он гэхэд 22 тэрбум болтлоо өсчээ. “Landmark” өөрийн анхны их дэлгүүрийг Ченнай хотод 1999 онд, харин жилийн дараа Бангалор, Хайдарабадад салбараа нээсэн байна. Вашингтоны Жоржтауны их сургуулийн төгссөн Жагтианигийн том охин нь Бангалор дахь тавилгын “Home Store”, хоёр дахь охин нь Дубайн “Splash” дэлгүүрт ажиллаж, харин хүү нь одоогоор Жоржтауны их сургуульд сурдаг.

Өнөөгийн байдлаар Энэтхэгт “Landmark”-т хамааралтай 60 гаруй дэлгүүр ажиллаж байна. Ойрын хоёр жилийн хугацаанд энэ улс дахь бизнесээ өргөжүүлэхийн тулд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн Жагтиани хүүхэд асрах газар болон ядуусын хороололд зориулсан буяны үйлст гар татдаггүй. “Би эдгээр хүмүүст бага ч гэсэн хүндэтгэл үзүүлэхийг хүсдэг. Ядуу байна гэдэг гэмт хэрэг биш” хэмээн тэрбээр хэлжээ.

Мэдээж баян байх ч гэмт хэрэг биш. Түүнээс нэгэн сурвалжлагч “Хэрвээ одоо таныг аав тань харсан бол юу гэх байсан бол” хэмээн асуужээ. Тэрбээр “Мэдээж, аав их баярлана. Тэр өнөөдөр намайг өөрийгөө аваад явах чадвартай болсныг хараад санаа нь амрах байсан” хэмээн инээмсэглэн хариулжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!