“Спутник V” вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэхээр болжээ

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон БНСУ-ын био технологийн “GL Rapha” компани  “Спутник V” коронавирусний вакциныг Өмнөд Солонгост жилд 150 сая гаруй тун үйлдвэрлэхээр тохиролцжээ. Эспортыг 2021 оны нэгдүгээр сард эхлүүлнэ гэж уг вакцины “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Талууд энэ оны 12 дугаар сард үйлдвэрлэлээ эхлүүлж, 2021 оны нэгдүгээр сард экспортод гаргахаар төлөвлөжээ. Дэлхийн зах зээлд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн 150 сая гаруй тун вакцин гарна. ““Sputnik V” вакциныг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж, олон улсын эрэлт хэрэгцээг хангахын тулд одоо олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хамтран ажиллаж, хүчин чармайлтаа нэгтгэсэн “GL Rapha” компанийн түншүүддээ бид талархал илэрхийлж байна” гэж ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн  дарга Кирилл Дмитриев мэдэгджээ.

“Спутник V” нь улсын бүртгэлд авсан коронавирусний дэлхийн анхны вакцин юм. ДЭМБ уг вакциныг эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат нь дуусаж, их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхэд хамгийн ойр байгаа вакцинуудын жагсаалтад оруулсан байна.

Одоогийн байдлаар ОХУ-д 40 мянган сайн дурын оролцогчдод “Спутник V” вакцины эмнэлзүйн судалгааг хийж байна. Эмнэлзүйн туршилтууд мөн Беларусь, Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ), Энэтхэг, Бразилд үргэлжилж байгаа юм.

ОХУ-д явуулсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын дүнд хийсэн анхны завсрын дүн шинжилгээгээр “Sputnik V” вакцины үр дүн 92 хувьтай гарчээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »