Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээж байна

2021-02-18
1 min read

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур  бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ.

Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.

Шүлснээс шинжилгээ авч коронавирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны 12  дугаар сард эхлүүлж 2021 оны 3 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан удирдаж АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  


SARS-Cov-2-ыг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж оношлуур бүтээх аж. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгааг танилцуулав. Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн сайтай яваа аж. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрдэмтдийн хийж буй шинжлэх ухааны аливаа бүтээлийг яам бодлогоор дэмжинэ гэдгийг тодотгоод, уг төслийн багийг бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв.


Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд “COVID-19” -ийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг хялбаршуулж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Орчуулах »