Б.Энхбаяр: Хүүхэд хүчиндвэл зөвхөн хорих ялтай

-Тэнсэх, торгох ойлголт байхгүй-

14 нас хүрсэн хүүхдийг хүчирхийлбэл 450 мянган төгрөгөөр торгох заалт Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгагдсан гэх шүүмжлэл цахим орчинд өрнөх болсон. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр дараахь тайлбарыг өглөө.

14 нас хүрсэн хүүхдийг хүчиндвэл 450 мянган  төгрөгөөр торгох заалт шинэ Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд тусгагдсаныг эсэргүүцэж иргэд жагсахаа хүртэл мэдэгдэх боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

Өнгөрсөн оны статистик мэдээллийг харвал 2016 оныхоос нийгмийн ёс суртахууны эсрэг буюу хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэргийн гаралт 49.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бий. Их том сонсогдож байгаа байх. Гэхдээ дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинэ хуулиар зохицуулсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, аливаа төрлийн сэтгэл санааны болоод бие махбодийн хүчирхийлэл хуулийн хариуцлагатай болсон гэдэг зохицуулалттайгаар өссөн статистик юм. Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэргийг шинэ концепцоор бичсэн. Энэ нь юу гэхээр бага насны хүүхдийг буюу 14 ба түүнээс доош  насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял ногдуулна гэж заасан байгаа.

Торгох заалт байхгүй гэсэн үг үү?

Байхгүй. Бага насны хүүхдийг хүчиндэх нь Эрүүгийн хуульд заагдсан хамгийн хүнд таван шийтгэлтэй гэмт хэргийн нэг. Өөрөөр хэлбэл, бусдыг санаатай алах, эх орноосоо урваж, улсын нууц задруулж гадаадын тусгай албанд элсэж байгаа үйлдлүүдтэй яг адилхан ял шийтгэлтэй гэмт хэрэг юм.

Тохиролцсон гэдэг бас нэг асуудал бий. Хэрэв тохиролцсон бол ял хөнгөрөх үү?

Бага насны буюу 14 ба түүнээс доош насныхантай тохирсон байна уу, тохироогүй байна уу, эсвэл заавал хурьцал үйлдэж энэ үйлдэл төгссөн эсэх огт хамаагүй. Тухайн хүүхдийн халдашгүй байдалд, бие махбодид нь зөвхөн хүрсэн төдийд дуусгавар болохоор бичигдсэн. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлийн бодлогыг шинэ хуулийн концепцид маш хатуу заасан.

14 ба түүнээс доош гэж хэлж байна. Тэгэхээр 14-өөс дээш бол насанд хүрсэн гэсэн үг үү?

14-18 настай хүүхдийг хүчиндвэл найман жил хүртэл хугацаагаар ял ногдуулна. Мөн адил торгох асуудал байхгүй. Ялыг тэнсэхгүй. Хүнд гэмт хэрэгт тооцож 18-аас доош насны хүүхэд хүчиндсэн тохиолдолд тэнсэх гэсэн ойлголт огт байхгүй. Зөвхөн хорих ялтай.

Тэгвэл 14 болон 18 гэж заагласны шалтгаан юу юм бэ?

Эрүүгийн хуулийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг дотор хэд хэдэн гэмт хэрэг бий. Бэлгийн мөлжлөг, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэх гэмт хэргүүд багтдаг. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох буюу хүчиндэх гэмт хэргээс нэг ялгаатай нь өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биш харилцан зөвшөөрөлцсөн, 14-16 насанд хүрсэн өсвөр насны хүүхдүүдийн хооронд болж байгаа харилцааны асуудал. Энэ асуудлыг бусад улс орнууд насны хувьд янз бүрээр зохицуулдаг.

Бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн нас гэж ойлгож болох уу?

Хуулиар бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн нас гэж хэлж болохгүй. Зөвшөөрч байна ч гэж үзэхгүй. Харин эсрэгээрээ. Хэдийгээр 14-16 нас бол физиологийн хувьд бэлгийн бойжилтод хүрсэн, бэлгийн харилцаанд орох боломжтой нас гэж дэлхий нийтээр, шинжлэх ухаанд үздэг насны тухай ойлголт. Гэхдээ физиологийн нас гэдэг тусдаа. Тухайн хүн өөрөө тэр үйлдлээ ухамсарлаж хор уршиг, үр дагаврыг сайтар ойлгох чадвартай нас мөн үү, үгүй юү гэдэг бас асуудал. Тийм учраас 14-16 гэдэг физиологийн хувьд бэлгийн бойжилтод хүрсэн ч гэсэн оюуны санааны хувьд тэр үйлдлээ бүрэн ухамсарлах чадваргүй нас учраас 14-16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв жирэмсэн болгосон бол 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж шинэ хуульд заасан. Эрүүгийн хуулийн үндсэн гол дөрвөн зорилго байна. Нэгдүгээрт, ял шийтгэлийг гарцаагүй ногдуулдаг байх ёстой. Ямарваа нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээд хуулийн хариуцлагын гадна үлдэх ёсгүй гэсэн зарчим баримталсан байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!