Мөнгөн усны хэргээс болж хүүхдүүдийн хичээлийг зогсоов

0
67

Увс аймгийн төвийн нэгдүгээр цогцолбор сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангийн хичээл өчигдрөөс эхлэн амарлаа. Учир нь энэ сарын 8-ны өдөр тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангидаа мөнгөн ус цүнхэлж ирж тоглож байгаад алдаж хагалсан гэх мэдээлэл аймгийн Онцгой байдлын албанд ирсний дагуу мэргэжлийн байгууллагын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.  Одоогоор тус сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг чөлөөлж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын үндэсний лабораторид 86 хүний шээсний шинжилгээг хүргүүлжээ. Мөн МХЕГ-аас шинжээчдийг урьж 72 хэсгийн агаараас сорьц авч анги тасалгаануудад байгаа хордолтын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын албанаас 39 өрөө тасалгаанд 7 удаа ариутгах халдваргүйжүүлэх, элс асгах, агааржуулалт оруулах, мөн хэрэглэгдэж байсан материалуудыг устгалд оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Цагдаагийн газраас хүүхдүүдээс мөнгөн устай холбоотой мэдээллийг тодруулахаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Эл хэрэг явдлаас улбаалан тус сургуулийн сурагчдын улирлын амралтыг өчигдрөөс эхлүүлж байгаа бөгөөд ирэх сарын 2-нд орохоор зохицуулт хийжээ.

Тус аймгийн хувьд он гарсаар мөнгөн устай холбоотой гурван ч хэрэг ийнхүү дэгдээд байгаа юм. Өмнө нь буюу өнгөрөгч сарын 27-нд Улаангом сумын Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугчийн гэрээс мөнгөн ус илэрч байсан. Гэтэл сургуульдаа мөнгөн ус цүнхэлж ирсэн хүү мөн айлын хүүхэд гэнэ. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 5-нд аймгийн “Гранд” зочид буудалд бас л мөнгөн ус алдагдсан хэрэг гарч байсан зэргийг холбогдуулан Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.

Мэдээллийн дэлгэрэнгүйг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!