Анхбаяруудын гэрт баасан гаригийн шөнө нэгжлэг хийсэн үү?

    0
    209

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ц.Нямдоржтой холбогдох Анхбаяруудын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тийм зүйл байхгүй” гэсэн хариулт өгөв. Үнэхээр ч салбарын сайдынхаа толгой дээр хэнгэрэг дэлдэх зоригтон одоогоор эл байгууллагад үгүй биз. Тэр дундаа салбарынхнаа цагийн дотор халж, сольж чаддаг хатуу самрыг оролдох бүдүүн зүрхтэн цагдаагийн байгууллагаас бүр ч олдохгүй биз.

    Харин Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй. Гэхдээ цагдаагийн байгууллага шиг эрс үгүйсгээгүйг бодоход тус газраас л шалгалтыг хийсэн болов уу гэх таамаг байна. Улмаар Прокурорын байгууллага ч ор тас үгүйсгэсэнгүй. Тус газрын холбогдох эх сурвалж нь “Нэгжлэг хийх зөвшөөрөл авсан байж магадгүй. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

    ТЕГ-ын дарга асан Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийхдээ хоёр Анхбаярын талаар давхар баримт дэлгэснийг энд товч эргэн саная. Тухайлбал, сайдтан “Эрдэнэт” үйлдвэрт өөрийн хүү Н.Анхбаяр болон “ДЦС-4” ТӨХК-ийн захирал С.Анхбаяр нараар шахаа хийлгүүлж байсан баримтыг дэлгэсэн юм. Дээрх мэдээллийн дараахан Ц.Нямдорж сайд “ДЦС-4”-ийн захирал С.Анхбаярыг танихгүй. Энэ хүн Худалдаа хөгжлийн банкны “сахал” хочит Эрдэнэбилэгийн хуурай дүү хэмээн хэлж байсан удаатай. Гэвч удалгүй С.Анхбаяр бол “Миний багшийн хүүхэд” хэмээн сэтгүүлчийн асуултад ам алдсан байдаг. Юутай ч тэрбээр хүүгээсээ гадна дахин нэг Анхбаярыг таньдаг, хэлхээ холбоотой гэдэг нь тодорхой болсон юм.

    Хүү Н.Анхбаяр нь 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан. Улмаар аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улс төрд ч хөл тавиулсан байгаа юм. Н.Анхбаяр аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд атташе хийж байгаад 2010 оноос ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллажээ. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэрээ монголчуудын хамгийн ихээр төвлөрөн амьдардаг хэсэг болох Баруун Эрэгт Консулын газар нээх шийдвэр гаргаж байсан бөгөөд Н.Анхбаярыг АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон байдаг. Ийнхүү улстөр, гадаад харилцаа руу дардан замаар эргэлт буцалтгүй алхсан жаалхүү Н.Анхбаярын “Анлимитед” компани “Эрдэнэт” үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримтыг Б.Хурц ил болгож тавьсныг бид мэднэ. Энэ асуудлыг Ц.Нямдорж ч хүлээн зөвшөөрдөг.

    Нөгөөтэйгүүр, Ц.Нямдоржийн хуурай дүү гэгддэг С.Анхбаяр нь “ТЭЦ-4”-ийн захирлаар ажилладаг, оффшор бүсэд хөрөнгө нуусан асуудалтай нэр холбогддог нөхөр. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаанхуур” гэж компани байдаг бөгөөд хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай. Тэрбээр Эрдэнэтэд 42 сая төгрөгийн шахаа хийсэн гэдгийг ТЕГ-ын дарга асан онцолсон юм.

    Б.Хурцын хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Дорлигжав 800 мянган ам.долларын хэрэгт холбогдоход Ц.Нямдорж замхруулсан. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газарт дуудаж “Зарим гэрээг үргэлжлүүл” гэж дарамталж байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг гэсэн бүлэглэл бий бөгөөд гар хөл буюу гүйцэтгэгчид нь өнөөх Анхбаярууд гэж мэдэгдсэн.

    Гол нь бүх баримт байгаа тул энэ бүхнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэдгийг тодотгосон шүү дээ. Улмаар Эрдэнэтийн гэрээнүүдийг санхүүгийн залилан ч байж болзошгүй гэдгийг онцлон дурьдсаныг бид анхаарахгүй өнгөрч болохгүй. Ямартай ч дээрх хоёр Анхбаярынд өнгөрөгч 10-11-нд шилжих шөнө буюу хар баасан гаригт нэгжлэг хийсэн байж мэдэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас бусад нь үгүйсгэж, няцаасангүй.

    Мэдээллийн дэлгэрэнгүйг 

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!