Вакцины анхны тунг тариулж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриална

2021-02-16
1 min read

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр (2021.02.16) цар тахлын эсрэг вакцины бэлтгэл ажилтай танилцах зорилгоор ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалт журмаар явна. Хамгийн гол нь тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд вакциныг хүлээлгэж өгнө. Зөөвөрлөх, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн. Вакцинжуулалтыг 548 цэгээрээ дамжуулж хийхээс гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ, судалгааг нь гаргасан байна. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллуулна” гэлээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаад нь талархаад, Улаанбаатар хотыг шар бүсэд оруулах зорилт тавьж буйгаа дуулгалаа. Тэрбээр “Хамгийн эхний тунг хийлгэж, иргэддээ уриална. Хоёрдугаар эмнэлэг, Төрийн тусгай гээд олон хүн Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хянадаг системтэй юм билээ, үүнийг саяхан би ойлгосон. Тийм учраас Ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь бусад хүнд асуудалгүй, манай эрүүл мэндийн систем мэдээж 100 хувь баталгаа өгч байж хийлгэнэ” гэв.

Орчуулах »