ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ ӨСЧЭЭ

Нийслэлийн цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан байна. Харин гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явуулсан байна. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 183 офицер, 232 цагдаа үүрэг гүйцэтгэж, 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллажээ.
Харин Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 102 осол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 513 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 336 бүртгэгдсэн нь 34.5 хувиар буурсан дүн гарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!