Америкийг зорьж буй ихэнх цагаачид энэ улсад амьдралаа дээшлүүлэх, баян чинээлэг болох асар их боломж угтана гэж итгэдэг. Гэвч “эрх чөлөөний” оронд жил бүр хөл тавьж буй олон мянган цагаачаас маш цөөхөн хүн л энэ боломжийг ашиглаж чаддаг. Тэдний ихэнх нь үнэхээр америк мөрөөдлийг амьдралдаа хэрэгжүүлсэн чадсан хүмүүст үйлчилсээр насыг барна, эсвэл нутаг буцна.

Пакистаны барилгачны 16 настай хүү инженерийн эрдэмд суралцахаар халаасандаа ердөө л 500 ам.доллартай Америкт ирсэн гэдэг. Энэ мөнгө бол түүний эх нутагт бүхэл бүтэн хөрөнгө гэдэг нь ойлгомжтой. Гэвч уйгагүй хөдөлмөр, гүйлгээ ухааныхаа ачаар цагаач хүү Америкийг “байлдан дагуулж”, бүр тэрбумтан болж чадсан юм. Шахид Хан дампуурсан аж ахуйн нэгж дээр тулгуурлаж жилийн 3.4 тэрбум ам.долларын орлоготой авто сэлбэгийн аварга том компанийг бий болгожээ.

Эдүгээ 64 настай Ханын гадаад төрх нь их өвөрмөц. Тэрбээр буржгар хар үс, үзүүрийг нь дээшээ эргүүлсэн өтгөн сахалтай. “Flex-n-Gate” бол Хойд Америкийн авто сэлбэг үйлдвэрлэгч аварга компаниудын нэг. Хан түүнийг бараг л оргүй хоосноос өөрийн гараар босгосон цорын ганц эзэмшигч бөгөөд ерөнхий захирал нь. Одоо “Flex-n-Gate” 13 мянган ажилтантай, дэлхий даяар 52 салбар үйлдвэртэй. Энэ онд “Forbes” сэтгүүл Ханын хөрөнгийг 4.5 тэрбум ам.доллараар үнэлж, Америкийн тэрбумтнуудын жагсаалтын 121 дүгээрт эрэмбэлжээ.

Ямар ч тохиолдолд энэ бол маш том амжилт, тэр тусмаа Пакистаны жирийн гэр бүлээс гаралтай нэгний хувьд бүр гайхамшиг гэхэд болно. Ханын амьдрал бол сүүлийн 150 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс энэ улсыг зорьсон олон хүнд урам зориг, итгэл найдвар төрүүлдэг “Америк мөрөөдөл” биеллээ олсны бодит жишээ юм.

Мөн тэрбээр ажиллах чадвар сайтай, гүйлгээ ухаантай цагаачид зөвхөн уугуул иргэдийн ажлыг булаах биш харин ч шинээр ажлын байр бий болгодогг гэдгийг харуулж чадсан.

Хан Иллинойсын их сургуульд инженерийн чиглэлээр суралцахаар Америкийг зорьжээ. Пакистанд жижигхэн барилгын фирмтэй аав нь түүнд олон жил хуримтлуулж байж олсон 500 ам.доллараа өгч явуулсан аж. Ханыг сургуульдаа ирэхэд дотуур байр нь хаалттай байсан учир анхны шөнийг залуучуудын христын шашины байгууллагын жижиг буудалд өнгөрүүлжээ. Оройн хоол болон буудлын өрөөний төлбөр нийлээд гурван ам.доллар болсон нь Пакистаны хэмжүүрээр бол асар их мөнгө.

Харин маргааш өглөө нь Хан гал тогоонд цаг нөгцөөж байгаад жинхэнэ “Америкийн гайхамшиг” гэгчтэй нүүр тулжээ. Тэр аяга таваг угаагаад ердөө хэдхэн цагийн дотор урьд оройны гаргасан зардлаа нөхөж болохыг ойлгосон байна. “Надад цагийн 1.2 ам.доллар төлөхөд би үнэхээр гайхсан.Энэ чинь Пакистаны хүн амын бараг 99 хувийнх нь авдаг цалингаас их гэсэн үг шүү дээ. Тэгэхэд л би анх удаа жинхэнэ эрх чөлөө гэдгийг мэдэрсэн” гэж Хан хожим дурссан байдаг.

 

Хан сургуульдаа хичээнгүйлэн суралцаж эхлэв. 21 нас хүрэхээс нэг сарын өмнө тэрбээр сургуулиа бакалаврын дипломтай төгсч, авто сэлбэгийн “Flex-N-Gate” үйлдвэрийн техникийн захирал болжээ. Тэр үед тус үйлдвэр машины урд хамрыг тийм ч үр ашигтай бус арга барилаар үйлдвэрлэдэг байсан аж. 15 тусдаа хэсгийг хооронд нь эвлүүлж гагнана. Дараагийн долоон жилийн хугацаанд Хан үйлдвэрлэлийн үйл явцыг нарийн судалж, сургуульд эзэмшсэн инженерийн мэдлэг туршлагаа ашиглаж угсралтыг хялбар болгохыг эрмэлзэх болжээ. Гэвч компани хоёрдогч зах зээлд зориулсан сэлбэг үйлдвэрлэдэг тулд түүний санаа олигтой дэмжлэг авсангүй. Жинхэнэ өөрчлөлт хийхийн тулд Ханд авто машин үйлдвэрлэгчидтэй шууд харьцах хэрэгтэй байв.

Тэр  ч ажилдаа орж, гайхамшигтай үр дүнд хүрсэн юм. Түүний гаргасан хамар 15 хэсэг биш нэг бүхэл байсны ачаар ихээхэн нимгэрч, жин нь ч багасчээ. Энэ нь түлшний зарцуулалтад сайнаар нөлөөлөв. 1978 онд Хан багахан хэмжээний зээл авч өөрийн гэсэн компани байгуулж, “Bumper Works” гэж нэрлэжээ. Тэрбээр шууд л байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Тэр үед “General Motors” Японы “Isuzu” компанийн пикап машин импортолдог байв. Гэвч тэдгээр нь хүндийн жингийн хувьд АНУ-д тавьдаг шаардлагыг хангадаггүй. “Chrysler”-ийн үйлдвэрлэдэг “Dodge D50” машин мөн ийм асуудалтай тулгардаг байсан аж. Тэгэхээр энэ хоёрт Ханын үйлдвэрлэсэн хөнгөн хамар яг тохирох нь ойлгомжтой.

Гэхдээ амжилт тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хан “Flex-N-Gate”-ээс гарснаас долоо хоногийн дараа компани түүнийг бизнесийн нууц хулгайлсан хэргээр шүүхэд өгчээ. Санхүүгийн хувьд муухан байсан учир Хан хамгийн хямдхан өмгөөлөгч хөлсөлж, шөнөөр их сургуулийнхаа номын санд сууж өөрийгөө өмгөөлөх арга замыг судалдаг байв. Хоёр жил орчим үргэлжилсэн шүүх ажиллагаанд Хан ялалт байгуулж, 1980 онд Иллинойсын Дээд шүүх “Flex-N-Gate”-ийн давж заалдах хоёр дахь хүсэлтэд татгалзсан хариу өгсний дараа тэрбээр өөрийн хуучин компанийг худалдаж авчээ. “Flex-N-Gate” сар бүр 50 мянган ам.долларын алдагдалд ордог байсан учир Хан үйлдвэрийн хөрөнгийг үндсэн дансны үнээр нь худалдаж авсан байна.

Яг энэ үед “General Motors” Ханыг сонирхож эхлэв. Сайн мэдээ нь тэдэнд шинэ хамрын дизайн таалагдсан учир өөрийн загваруудад ашиглахаар шийджээ. Муу мэдээ нь ийм их хэмжээний үйлдвэрлэл хийхэд “Flex-N-Gate”-ийн хүчин чадал хүрэлцэхгүй учир “GM” илүү том үйлдвэрлэгчид энэ ажлыг шилжүүлэхээр болсон байна. “Тэдний зөв байсан. Учир нь бид нэг өдрийн үйлдвэрлэлээ 200-аас 400 мянга хүртэл нэмэгдүүлэх техникийн боломж үнэхээр байгаагүй” гэж Хан ярьж байна. Гэсэн ч тэр үүнээс ямар нэг хэмжээгээр ашиг олохыг хичээсэн юм. “General Motors” компани Японы “Isuzu”-тэй ойрын түнш гэдгийг Хан сайн мэднэ. Ингээд тэрбээр “General Motors”-оос тусламж хүсэхэд түүнд Япон дахь түншийнхээ нэр, утасны дугаарыг өгчээ.

Хан япон оюутнуудыг орчуулагчаараа хөлсөлж, аажмаар “Isuzu”-ийн удирдлагын итгэлийг олж чадав. Тэр хамгийн тохриомжтой үеийг нь зөв сонгож чаджээ. Учир нь Японы авто машин үйлдвэрлэгчид АНУ руу анхаарлаа хандуулж, тэдэнд байнгын нийлүүлэгч шаардлагатай болсон үе байсан юм. Ханын компани тэдэнтэй зэрэгцэн хөгжих хөгжих боломжийг олж авчээ. Удалгүй “Flex-N-Gate” Японы “Mazda”-тай хамтран ажиллах болж, дараа нь Наран улсын авто машины гол үйлдвэрлдэгч “Toyota”-тай холбоо тогтоов. 1989 онд гэхэд түүний компани “Toyota”-д машины хамар нийлүүлдэг цорын ганц түнш нь болсон байна. 2001 онд “Flex-N-Gate”-ийн борлуулалтын хэмжээ анх удаа нэг тэрбум ам.долларыг давжээ.

Мэдээж бүх зүйл шулуун дардан байгаагүй нь ойлгомжтой. Тухайлбал, хожим татварын албанаас хориглосон “татварын диваажин”-г Хан ашигладаг байв. Үүнээс болж тэрбээр 85 сая ам.долларын торгууль төлж байсан удаатай. Тэр одоо ч санхүүгийн асуудал хариуцсан зөвлөхүүдтэйгээ шүүхдэлцэж байгаа. Гэсэн ч эдгээр асуудал түүний компанийн хөгжил цэцэглэлтийг зогсоогоогүй. Өнгөрсөн онд л гэхэд АНУ-ын газар нутагт борлогдсон 12.8 сая хөнгөн тэрэг, пикап машины талаас илүү хувь нь “Flex-N-Gate”-ийн бүтээгдэхүүнээр тоноглогджээ.

Өнөөдөр Шахид Ханын компанийн үйлдвэрлэсэн машины хамрыг дэлхийн хаана ч харж болно. Мөн дампуурсан жижиг завод дээр тулгуурлаж босгосон аж ахуйн нэгжүүд авто машины сэлбэг хийдэг аварга том үйлдвэрүүд болжээ.

Шахид Ханын түүх бол өөрийн авхаалж самбаа, мэдлэг чадвар дээр тулгуурлаж асар баялгийг бий болгож чаддагийг харуулсан гайхалтай жишээ. Тэр өөрийн түүхээр ямар ч бизнесийг оргүй хоосноос эхлүүлж амжилтад хүрч болдогийг баталсан бөгөөд хамгийн гол нь үргэлж амжилт өөд тэмүүлж, хэзээ ч эрсдэлээс айх хэрэггүй гэж хэлэх дуртай нэгэн.

Shad Khan, is a Pakistani-American billionaire and business tycoon.

Хан хангалттай хөрөнгө цуглуулсны дараа “Forbes” сэтгүүлээс Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг(АҮХБЛ)-т тоглодог багуудын чансааг анхааралтай судалж, тэднээс аль нэгийг нь худалдаж авахаар шийджээ. Тэрбээр бүр оюутан ахуй үеэсээ америк хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч болсон аж. 2010 онд Хан дуудлага худалдаагаар “St. Louis Rams” клубын 60 хувийг худалдаж авав. Гэхдээ клубын үлдсэн багц болон бусад хувьцааг худалдаж авах эрх нь тэрбумтан Стэн Кронкийн мэдэлд байсан юм. Тэр ч өөрийн эрхээ ашиглаж, харин Ханын хоёр жил хийсэн яриа хэлэлцээр ямар ч үр дүнгүй өнгөрчээ.

Shad Khan, is a Pakistani-American billionaire and business tycoon.

Гэхдээ хувь заяа түүнд хоёр дахь боломж өгөв. “Jacksonville Jaguars” клубын эзэн Уэйн Вивер өөрийн багийг зарахыг хүсч байгаагаа Ханд хэлжээ. Вивер гутлын “Nine West” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч авьяаслаг бизнесмен ч Жексонвиллийн асуудлууд түүнийг залхаажээ. Энэ нь АҮХБЛ-т зах зээлийн хэмжээгээр хойноосоо дөрөвт ордог, ердөө 1.4 сая хүн амтай тойрог. 2007 оноос хойш “Jacksonville Jaguars” плей-оффт шалгарч байгаагүй бөгөөд нэг ч удаа лигийн аваргын төлөө тоглож үзээгүй юм. “ESPN”-ээс явуулсан санал асуулгаар АҮХБЛ-ийн хөгжөөн дэмжигчдийн ердөө 0.4 хувь нь л “Jaguars”-ыг өөрийн хайртай багаар нэрлэжээ.

Гэсэн ч өмнө “Rams”-тай тохиолдсон гашуун туршлагаасаа суралцсан Хан цаг алдахыг хүссэнгүй. 2011 оны аравдугаар сард тэрбээр Вивертэй нэгэн бааранд уулзаж, өөрийн худалдаж авах үнийг ам арчдаг цаасан дээр бичиж өгчээ. Хан “Jacksonville Jaguars”-ын төлөө 620 саяыг төлөхдөө “Flex-N-Gate”-ээс 300 саяыг нь зээлж, клубын дотоод үйлчилгээнд зарцуулсан 150 сая ам.долларын өрийг төлөх үүргийг өөртөө хүлээв.  Ийнхүү Хан АҮХБЛ-ийн баг эзэмшдэг анхны үндэстний цөөнх болсон юм.

The Lincoln Academy of Illinois 47th Annual Convocation and Investiture of Laureates. On the University of Illinois, Urbana-Champaign campus – Krannert Center for the Performing Arts. Shahid Khan.

Хэн нэгэн “Jacksonville Jaguars”-ыг худалдаж авах бол түүнийг зөвхөн Лос-Анжелост авчрахын тулд л үүнийг хийнэ гэдэгт бүгд итгэлтэй байв. Учир нь Америкийн хоёр дахь том хот америк хөлбөмбөгийн баггүй. Гэвч хамгийн гарах гарцгүй нөхцөл байдлаас ч боломжийг харж чаддаг Ханын хувьд энэ тал дээр өөр бодолтой байлаа. Мэдээж Лос-Анжелос руу шилжүүлэх нь түүнд хялбар байсан ч тэр үлдэхийг илүүд үзсэн юм.

Багийн эзнийг солих нь алдагдсан нэр хүдээ сэргээх сайхан боломж гэж Хан үздэг. Тэр шинэ ерөнхий дасгалжуулагчаар довтолгооны мастер гэгддэг Майк Муларкиг авав. Клубын шинэ зорилго нь багийг бүс нутгийн гол брэнд болгох явдал. Цэнгэлдэхэд ирж үзэх хөгжөөн дэмжигчдийн тоог нэмэхийн тулд Хан тэдэнд идэж уух юмаа авчрахыг зөвшөөрч, хүүхдүүдийг үнэ төлбөргүй оруулахаар болгожээ.

Гэхдээ Ханын хамгийн зоригтой алхам нь олон улсын түвшинд гарах шийдвэр. Тэрбээр Лондонд дөрвөн жилийн турш улирлын нэг тоглолтыг хийж байх гэрээ байгуулж чадсан юм. “Хэрвээ Филадельфи мэтийн томоохон зах зээлээс ганц нэг тоглолтыг гадаадад хийе гэвэл эзнийх нь хувьд ихээхэн хөрөнгө зарцуулах шаардлагатай болно. Харин “Jaguars”-ын Лондонд хийх тоглолт бол маш сайхан боломж” гэж АҮХБЛ-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Эрик Грубман энэ алхмыг тайлбарлажээ.

Ханын бодлоор гадаадад тоглолт хийснээр жуулчид, бизнесменүүдийг ихээр татах гэнэ. “Би саяхан Германд очиж, авто сэлбэг үйлдвэрлэдэг компанийг удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын дараа тэдэнд өөрсдийнх нь нэртэй “Jaguars”-ын өмсгөлийг бэлэглэсэн юм. Тэд үүний өмнөхөн телевизээр супер цомын тэмцээнийг үзсэн учир үнэхээр их баярласан. Гэхдээ Жексонвилл яг хаана байдаг хот вэ гэж асууж байсан” хэмээн Хан ярьжээ.

“Jaguars”-ийн санхүүгийн асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй гэж АҮХБЛ-ийн санхүүгийн шинжээч Эндрю Брент үздэг. Хан үүнтэй санал нэг байдаг ч түүний амьдрал хэзээ ч амар хялбар байгаагүй болохоор байдал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа юм. “Хүн хүссэн амжилтдаа хүрч болно. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөрлөж байж зорьсондоо хүрнэ. Бас дээр нь бага зэргийн аз байх хэрэгтэй” гэж Шахид Хан хэлжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!