Эмэгтэй хүн 10 хуруутай биш 10 гартай юм шиг ажил амжуулдаг

0
289

-Тэд заавал карьеар хөөж, бизнес хийх албагүй-

Бидний эргэн тойронд өрнөж байгаа гэрэл гэгээтэй, сонин содон сонирхолтой сэдвийн талаар өөр өөрсдийн өнцгөөр үзэгчдийн мэлмийг мялааж, чихийг баясгаж байдаг “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгчидтэй хөөрөлдсөн юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан чөлөөтэй ярилцлага өрнүүлэхээр тэднийг нэвтрүүлэгтээ орохоос нь өмнө “уяж” амжсан минь энэ.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш болно. Та бүхэнд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

Э.Энэрэл: Хүүхэд байхаасаа л хамгийн гоёор тэмдэглэж ирсэн баяруудын маань нэг. Мартын 8-ны өглөө аавууд догдлож, гал тогооны өрөө рүү оруулахгүй, тэндээ баярын ширээгээ засч байх жишээтэй. Энэ өдөр бас ээжийн маань төрсөн өдөр. Тиймээс эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүү ээжийгээ баярлуулах давхар ажлыг сурагч, оюутан байхдаа хийдэг байлаа. Сүүлийн үед охин бид хоёрыг нөхөр хүү хоёр маань баярлуулдаг болсон. Өглөө босоход орондоо жаахан хэвтэхгүй яасан юм хоол хийж өгье, гарья гэх байдлаар хөтөлбөр зохионо. Энэ жилийн тухайд ч уламжлал ёсоороо тэмдэглэн өнгөрүүлнэ.

С.Төгс: Мартыг гэрийнхэнтэйгээ л тэмдэглэчихдэг. Ээж, эмээтэйгээ бид хэд гэртээ вино уугаад. Нээх тэгж орж гараад ч юм уу, найзуудтайгаа уулзаад байдаггүй. Ээжийгээ баярлуулаад, хааяа ээж намайг баярлуулаад л. Тэгж л тэмдэглэдэг.

Д.Гэрэлмаа: Энэ өдөр ээжийгээ л их баярлуулдаг. Тэгээд найзуудтайгаа гадуур орж гарвал гараад л өнгөрдөг дөө.

С.Хишигжаргал: Монголчууд ямар ч баярыг их сүртэй, чухалчилж тэмдэглэдэг болж. Миний хувьд нээх их чухалчилж тэмдэглэдэггүй. Жаахан хүүхэд байхдаа энэ баярыг хэдийд болоод өнгөрдөг байсныг ч сайн мэдэхгүй юм. Ер нь эрэгтэйчүүд нь ээж, эхнэр, охиноо баярлуулаад л өнгөрдөг. Манай гэр бүлийн хувьд ээж, эмээ, манай охин дүү хоорондоо нэгнийгээ баярлуулаад л өнгөрдөг. Энэ жил илүү гоё тэмдэглэж өнгөрүүлэх байх гэж бодож байна.

-Ер нь эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Нөгөө талаар та бүхний бодлоор эмэгтэй хүн гэж ямар байх ёстой юм бол?

Н.Төгс: Миний хувьд эмэгтэй хүн ийм байх ёстой гэж ярих дургүй. Хүн л бол хүн. Гэхдээ эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх ёстой. Түүнээс биш эмэгтэй хүн ийм, тийм байх ёстой, эмэгтэй юм байж гэх хандлага надад таалагддаггүй. Иймэрхүү зүйлийг тоохгүй байгаасай гэж хүсдэг. Би ч өөрөө тоодоггүй. Жишээ нь, намайг чи эмэгтэй юм байж ингээч гэхээр аймар уур хүрдэг. Зүгээр л тэгчих гээд хэлчихэд л болно шүү дээ. Яагаад би эмэгтэй байж тэгэх ёстой юм.

Э.Энэрэл: Эмэгтэй хүн бол амьдрал хэмээх завийг жолоодогч нь. Бүр гол жолоодогч нь гэж боддог. Мэдээж бүхий л зүйл дээр хань нөхөртэйгөө, хамт байгаа хүнтэйгээ зөвлөлдөнө. Үүнээс гадна эмэгтэй хүн түрүүлж ухаан гаргаж, жижиг сажиг зүйлийг мэдэрдэг тэр мэдрэмжээрээ чиглүүлж байж завь чиглэлээ зөв гаргаж чадна гэж боддог. Түүнээс биш бүгдийг хань нөхөртөө даатгаад орхиж болохгүй. Заавал тэр хүнийхээ тулах багана, түшиг нь байж хамтдаа урагшлах учиртай. Эсрэгээрээ чи бүгдийг хариуц, чи бүгдийг даа гээд үлдвэл тэр амьдрал, тэр завь залуургүй юм шиг л болно.

С.Хишигжаргал: Одоо л бага багаар мэдэрч байна. Эмэгтэй хүн бол байгалиас заяасан нандин чанартай. Ганц эмэгтэй хүн гэлтгүй эм амьтан, ургамал гээд бүхий л  амьд оргиназмын эмд өөрийн гэсэн чанар бий. Бид нар бол байгалиас заяасан дайран довтлогч, булаан эзлэгч, түрэмгийлэгч зан чанартай биш. Харин аливааг эерүүлэх, эвлэх, зөөлрүүлэх зан чанартай. Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг эр, эм хоёрт л зориулж хэлсэн үг юм шиг санагддаг. Эмэгтэй хүн нандин чанаруудаа алдаж, гээж эхэлбэл түүнийг харах өнцөг алдагдаж, өөрчлөгдөнө. Жишээ нь, амьдрал, ажил, салбартаа өөрийгөө эрэгтэй хүн шиг төсөөлж хэтэрхий дайчин зүтгэвэл сүүлдээ тэр хүнийг эмэгтэй хүн гэдэг талаас нь биш энэ ингэх л ёстой гэсэн байр сууринаас хандаж мэдэх юм шиг санагддаг. Магадгүй бүсгүй хүн гэж түүний харахаа больдог ч юм уу. Эмэгтэй хүний хүч сэтгэл дотроо л байх учиртай. Түүнийгээ ухаанаараа илэрхийлж, гадагшлуулж байх ёстой гэж боддог.

Д.Гэрэлмаа: Эмэгтэй хүн гэхээсээ илүү хүн. Заавал эрэгтэй хүнээс ялгарч, эсвэл  эмэгтэй хүнд их ачаа үүрүүлэх тийм дуртай биш. Хүн ямар байсан тэрүүгээрээ л байсан дээр. Гоо сайхан, бие галбир тэгш зурагтаар гардаг одуудыг дуурайх, тэдэн шиг болох гэх мэт зүйлд миний хувьд дургүй. Тэр хүмүүс тийм болохын тулд ямар их цаг хугацаа, юу шаарддаг билээ. Тиймээс эмэгтэй хүнийг ийм тийм байх ёстой гэж хайрцаглах дуртай биш.

-Та их эршүүд үү?

Д.Гэрэлмаа: Тийн. Ер нь эршүүд талдаа гээд л байдаг юм. Би өөрөө нээх тэгж бодоод байдаггүй. Хүмүүс л тэгээд байдаг.

-Эмэгтэй хүн гэхээр л царай зүс сайтай, бие галбир тэгш байх ёстой юм шиг хандлага нийгэмд түгээмэл болж. Тэр хэрээр сайхан харагдахын тулд гоо сайхны хагалгаанд ордог ч юм уу. Ер нь өөрсдийгөө загвар өмсөгчидтэй дүйцүүлж, тэдэн шиг байвэл эмэгтэй хүн шиг харагддаг гэж бодоод байх шиг?

С.Төгс: Мэдэхгүй, надад бол тэгж санагддаггүй. Хүмүүсийн хандлага их сонин. Модель гэдэг зүгээр л мэргэжил. Багш, эмч гэдэгтэй адилхан. Бид нар ажлаа хийгээд цалингаа авч байгаа. Түүнээс биш нийгмийн ямар нэгэн стандартыг тогтоодог хүмүүс гэж хувьдаа боддоггүй. Жишээ нь, би эрэгтэй хүн байсан бол хэзээ ч модель эмэгтэй хүнийг гоё гэж харахгүй. Тэр бол миний стиль үнэндээ биш.

-Яагаад?

С.Төгс:Би өөрийн гэсэн стиль, имиж, донжтой, гоё шивээстэй гэдэг ч юм уу тийм охидууд надад гоё харагддаг. Түүнээс биш заавал ийм байх ёстой гэж дөрвөлжилсөн зүйлд багтаах гэж хичээгээд байдаггүй. Үүний оронд яг л байгаагаараа байгаа эмэгтэйчүүд гоё харагддаг. Эмэгтэй хүн ганц л юм байх ёстой. Тэр нь өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх. Миний анзаарч байгаагаар fashion, beauty хүнийг өөрөө өөртөө итгэлгүй байлгаж байж мөнгө олдог салбар болчихоод байгаа юм. Хүнийг ийм биш тийм байх ёстой гэсэн зүйлээр тархийг нь  цэнэглэж, мөнгө олдог болчихоод байгаа болохоос биш тийм байх ёстой гэсэн стандарт байхгүй гэж боддог.

-Та бүхэн хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

Д.Гэрэлмаа: Саяхан хүүхэдтэй болсон. Манай хүүхэд ой гарантай. Гэрийн эзэгтэй байх хэцүү юм билээ. Эмэгтэй хүний амьдралыг тоглоомтой зүйрлэвэл нэг шат ахиж маш их ажил амжуулах хэрэгцээ шаардлага үүсдэг юм байна. Ээжүүд их үглээ байдаг даа. Ингэсэнгүй, тэгсэнгүй гээд л. Өөрийгөө ажиглаж байхад яг л тийшээ дөхөж байгаа бололтой. 50-60-тай ээж, аниа, эгч нар яаж бүрэлдэж бий болдог уу, би ч гэсэн яг тэр үе рүү л явж байна. Би хэзээ ч ийм үглээ болохгүй гэдэг байлаа. Гэтэл хэзээ ч тийм зүйл байдаггүй юм билээ. Хүн ээж, гэрийн эзэгтэй болоод л хэрэгцээ гараад эхлэнүүт цаанаасаа явах ёстой замаараа л явдаг юм билээ. Хэн нэгэн хэзээ ч тэрнээс зайлж мултрах аргагүй.

С.Төгс:Би ажлаа хийж байхдаа ажилч эмэгтэй. Гэртээ бол гайгүй гэрийн эзэгтэй. Манай ээж, найз залуу байгаа. Гэрийн ажлаа хуваагаад л аваад хийчихдэг. Учир нь би гэртээ тэр бүр байгаад байх зав хомс. Гэрийнхээ орлогыг хамт олж байгаа хүний хувьд төлбөр тооцоо, гэрийн ажлын хувьд ч 50, 50 хувь байх ёстой гэж боддог.

С.Хишигжаргал: Би одоохондоо гэрийн эзэгтэй болж амжаагүй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ гайгүй байх аа. Тийм сүрхий ажилсаг биш юмаа гэхэд ямар ч байсан болчих байх. Гайгүй сайн гэрийн эзэгтэй болно гэж боддог.

Э.Энэрэл: Би өөрийгөө сайн гэх нь хаашаа юм. Манай найзууд намайг их сайн эзэгтэй гэдэг. Тэгэхээр гайгүй ч байж магадгүй.

-Өдөр тутмын сонины гал тогоонд ажиллана гэдэг хагас цэрэгжилтийн байдалд шилжсэнтэй адил. Тиймээс бор хоногтоо л гэртээ үзэгддэг тул сэтгүүлчдийн ар гэр гэж хөсөр хаягдах нь элбэг дээ. Харин та ар гэрийн ажлаа ч, сонины гал тогоогоо ч хамтад нь авч явдаг хүн. Яаж энэ ажлыг амжуулж байна аа?

Э.Энэрэл: Сэтгүүлчээр ажиллаж байхдаа үр хүүхдийнхээ, гэр орныхоо ажлыг хаяхгүй байхыг хичээж ирсэн. Тэр ч үүднээсээ өдөр тутмын сонины сэтгүүлчийн ажилтай зэрэгцээд гэр орны ажлаа авч явдаг нь намайг сайн гэж хэлэхэд хүргэж байсан байж магадгүй. Тэрнээс мундаг бүсгүйчүүд их бий. Сэтгүүлчээр ажиллаж байгаа хүүхнүүдийн ар гэр хаягдчих гээд байдаг. Үүнтэй харьцуулбал хаяхгүй чирээд явж байдаг нь салбар дундаа сайн гэгдэж байж магадгүй. Түүнээс биш нийт дунд бол доогуур дундуур орох байх аа.

-Сонинд юм бичих, нэвтрүүлэх хөтлөх хоёр алд дэлэм шиг байдаг болов уу?

Э.Энэрэл: Сонин, телевиз гэдэг сэтгүүл зүй хэмээх нэг гал тогооных юм шиг боловч тулаад ирэхээр тэс өөр юм байна гэдгийг энд орж ирээд л мэдсэн. Миний хувьд аль камер руу харахаа ч мэддэггүй байлаа. Телевизийн уран бүтээл гэдэг  ямар хүнд хүчир хийгээд баг, хамт олны хүчээр бүтдэг гэдгийг дотор нь орж байж л мэдсэн. Телевиз бол миний хувьд цоо шинэ зүйл. Нөгөө талаасаа зөвхөн сонины сэтгүүлч гээд явахгүй телевизийн уран бүтээлчийн онцлогийг мэдэх боломжийг энэ нэвтрүүлэг надад олгосонд баяртай байдаг.

-Эрэгтэй эмэгтэй хүн тэгш эрхтэй байх ёстой. Хууль шүүхийн өмнө биш шүү. Гэр орондоо, тэр дундаа гал тогоондоо. Сүүлийн үед энэ асуудлаар бараг л цэц булаалддаг болж. Харин та бүхэн энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?

С.Хишигжаргал: Би эрэгтэй хүнийг гал тогоо руу оруулаад байхыг боддоггүй. Хаяа орвол болох л байх. Түүнээс биш эмэгтэй хүний хийж чаддаг биенд нь тээргүй зүйлийг булаацалдаж хийчихээд өөрийнхөө үүрэх ёстой ачаанаас хуваалц гэвэл хэцүү л байх. Эрэгтэй нь эрэгтэйгээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ л байсан дээр байх.

-Та гэрийн эзэгтэй болоогүй учраас хялбар санагдаж байж мэдэх л юм. Яг цагаа тулахаар ингэж бодохгүй дээ?

С.Хишигжаргал: Эмэгтэй хүний стрессгүй өөрөө хийж байгаа зүйлийг өөрөөр нь л хийлгэх ёстой. Эрэгтэй хүн бол эр хүн шиг л байх ёстой. Хобби нь байвал оролцож болно л доо. Тогоо шанага хоол хийхээс гадна гэр орны жижиг асуудал руу эрэгтэй хүн хутгалдаад байвал явган хэрүүл гарах болов уу. Магадгүй мэдэхгүй байж мэднэ. Хүнтэй суугаад яг амьдрал дээр гарахаар яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй юм. Одоо л ийм бодолтой байна.

Э.Энэрэл: Би хүйсийн тэгш эрхийн талаар их бичдэг сэтгүүлч. Тэр ч үүднээсээ хоол хийх асуудал дээр хэн нэгэнтэйгээ маргалдахгүйгээр энэ амьдрал явах ёстой. Манайд бол нөхөр түрүүлээд ирвэл хоолоо хийчихсэн байдаг. Би хоол хийчихлээ, чи хоол хийчихвүү ч гэдэггүй. Өдөр тутмын сонины сэтгүүлчээр олон жил ажиллахдаа нөхрийнхөө өмнө гэртээ орсон нь цөөн байх. Тэр үед нөхөр түрүүлж ирээд хоолоо хийчихдэг дадал бий болсон. Амралтынхаа өдөр бол хэн нэгэндээ гоё хоол хийж өгчихье гээд түрүүлээд гампанз, заазуураа авахад чи хийх гэж байгаа юм уу гээд нөгөөдөх нь хийж өгөх санаатай байх нь энүүхэнд. Манайх бол хоол хийх дээр нээх асуудал болоод байдаггүй. Үүнийг асуудал болгоод байвал амьдрал хэцүүдэх байх.

С.Төгс: Гэрийн ажил ч гэсэн 50, 50 хувиар явах ёстой. Цаг гарахаараа хийнэ. Цаг үнэхээр гарахгүй бол би яаж хийх билээ.

-Ар гэртээ хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ. Амралтын хоёр өдрийг зарцуулж чадах уу?

С.Төгс:Ажил маш их. Гэсэн ч ар гэрийн ажлаа амжуулна. Охиноо төрүүлэхээсээ өмнө “Би аймар завгүй, юу ч хийх завгүй” гэж бодоод байлаа. Одоо тэр бодол маань сарнисан. Охиныгоо гаргасны дараа маш их ажил амжуулдаг болсон. Хүн хэтэрхий их ажилтай байна гэж байдаггүй юм билээ. Хүнд ажил нэмэгдэх тусам тэрийгээ яаж ийгээд амжуулаад л байдаг. Тийм болохоор хувь хүний зохион байгуулалт, цаг зарцуулалт л чухал даа. Хүн ч тэгээд ажлаа амжуулах, нааш цааш нь болгох чадварт суралцдаг л юм шиг санагддаг.

Д.Гэрэлмаа: Жаахан хүүхэдтэй болохоор илүү их цаг зав шаардагддаг. Манай ажлын хувьд дан ганц энэ нэвтрүүлэг дээр ажилладаг болохоор гэр бүлдээ зарцуулах цаг зав харьцангуй гайгүй. Гэхдээ 100 хувь гэр бүл рүүгээ анхаарал хандуулж чадахгүй. Өөрийгөө хэд хуваах вэ гээд л явж байдаг.

-Мэдээж мэргэжил бүхэн сайхан. Мөн дор бүрнээ саад бэрхшээлтэй. Загвар өмсөгч гэдэг хүн харахад хялбар амар юм шиг боловч хүнд хөдөлмөр шиг санагддаг?

С.Төгс: Ажил болгон хэцүү. Амар хялбар зүйл гэж хаа ч байхгүй. Моделийн ажлын хувьд хүний нүдэнд хялбар амархан юм шиг харагддаг. Гоё алхчихвал л болчих юм шиг иймэрхүү шүүмжлэл их сонсч байсан. Энэ ажлыг тайлбарлахын бол их хугацаа шаардах байх. Хүн ганц зураг хараад л бидний ажлыг хялбараар дүгнэдэг. Гэтэл тэрийг бүтээх гэж хоёр өдөр болох нь  энүүхэнд. Нэг зураг авалт 13-15 цаг үргэлжлэх тохиолдол ч бий. Дизайнерийн хувцасыг өмссөн байвал энэ хугацаанд сууж болохгүй ч юм уу. Жишээ нь, Цагаан сарын өмнө хоёр долоон хоногийн турш ажиллаж, үүний таван хоногт нь нойргүй хоносон. Зөвхөн моделийнхоо ажлыг хийгээд шүү. Ингэж л ажилладаг.

-Хөтлөгч хийх хэр сонирхолтой юм байна?

С.Төгс: Хөтлөгч хийхэд илүү гоё. Илүү амьд харилцаатай. Модель байхад мэдээж амьд харьцаа бий. Жүжиглэхээс эхлээд. Гэхдээ нээх их яриад байдаггүй. Яг нэг зүйл рүү төвлөрч хараад л бүтэн өдрийг өнгөрөөх жишээтэй. Хөтлөгч хийснээс хойш их юм мэдэж авч байгаа. Салбар салбарын хүмүүстэй уулзаж, шинэ хамт олонтой боллоо. Хамт олонтойгоо шинэ зүйл сэдэж хийж байна. Ер нь нийгмийн олонхийг хамарсан ажил ихтэй болсон гэх юм уу. Тэрнээс загварын салбарт ажиллаж байхад илүү дутуу хүнтэй уулзах цаг хугацаа байдаггүй. Яг л зурагчин, стилистүүд, дизайнерууд, моделиудтайгаа уулзана. Бараг тэгээд л бүх амьдрал өнгөрнө.

-Иргэний хөдөлгөөний А.Саруулыг таны ээж гэж мэдэх юм байна. Их дайчин бүсгүй шүү. Таныг ч бас ээжийнхээ тэр зан чанарыг өвлөсөн дайчин бүсгүй юм болов уу гэж санагдлаа?

С.Төгс: Өөрөө өөрийгөө дайчин гэх нь хаашаа юм. Гэхдээ би зүгээр суудаг хүн биш. Мэдээж ээжийгээ гүйцэхгүй. Манай ээж бол бөөн эрч хүч. Одоо ч гэсэн. Одоо 50 гарчихсан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ надаас илүү эрч хүчтэй. Ядарна гэж байхгүй. Нийгмийн идэвхтэн, өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн дээ. Миний хувьд цахим орчинд өөрийнхөө үзэл бодлыг хамаагүй илэрхийлэхээс эмээдэг бол ээж хэзээ ч тэгдэггүй. Би нэг зүйл бичиж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүмүүс элдвийн юм бичээд эхэлдэг. Тэгээд л би залхаж, ядардаг бол ээж хэзээ ч тийм зүйлийг төвөгшөөж, ядардаггүй. Үзэл бодлоосоо санаа зовохгүй, дүрвэхгүй, тууштай. Би ч ээж шигээ байж чадахгүй.

-Гэхдээ таныг хүмүүс их дайчин, тэвчээртэй гэдэг юм билээ?

-Хүмүүс намайг дайчин л гэдэг юм. Гэхдээ ээжийнхээ хажууд юу ч биш. Ээжийн амьдралын хэмнэл гэж бий дээ. Тэр дунд нь өссөн дөө л тэр байх.

-Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хүчирхэгжиж байна. Энэ бол сайшаалтай зүйл. Гэвч нийгэм судлалын нэр томъёогоор илэрхийлвэл эцгийн эрхт ёс ихэд сэргэсэн. Эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг социализмын үед байснаас өөрөөр хардаг болсон гэх шүүмжлэл. Эмэгтэй хүн архичин нөхрөө, хэдэн хүүхэдтэй нь хамт тэжээх гэх байдлаар ар гэрийн бүхий л хүнд ачааг нуруун дээрээ үүрч байна. Нөгөө эрчүүд хааччихваа гэж заримдаа уулга алдмаар ч юм шиг?

С.Төгс: Миний мэддэг ихэнх эмэгтэйчүүд ганц бие. Гэхдээ эрэгтэйчүүдийг заавал хааччихваа гэж асуумааргүй байдаг. Хараад байхад эмэгтэйчүүд нөхөртэйгөө байхдаа хэцүү хүнд замыг туулдаг. Бөөн стресс, асуудал, ихэнх нь нөхөртөө зодуулдаг. Яг үнэнийг хэлэхэд нөхрөөсөө салаад амьдрал нь сайжирсан эмэгтэйчүүд их байдаг шүү дээ.

С.Хишигжаргал: Өмнө нь эмэгтэй хүн тогоо шанаганаас холдохгүй, ар гэрээ харч, хүүхдээ өсгөдөг байлаа. Гэвч энэ нь хүмүүст үнэлэгддэггүй гэрийн авгай гэж харагдаг байсан бол өнөөдөр гэрээ цэвэр цэмцгэр, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлчихвэл мундаг эзэгтэйгэж хардаг болж. Бизнес эрхэлдэг, олны танил ч юм уу хүчирхэг бүсгүйчүүд олон бий. Тэд нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаас гадна ар гэрийн амьдралаа ч авч явж байна. Хүний нийгэмд эзэлж байгаа байр суурь гэдэг бас л хариуцлага. Хариуцлагаа ухамсарлаад аль алийг нь амжуулна гэдэг бүр гайхалтай. Ёстой нөгөө хүчирхэг ангилалдаа орох байх. Миний хувьд гэртээ сууж, хүүхдээ сурган хүмүүжүүлж байгаа эмэгтэйчүүдийг гэрийн авгай гэж хэлэхэд дургүй. Яагаад гэвэл тэр хүн маш чухал ажил хийж байна. Монголд ясли, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хэр билээ. Яслид өгч чадаагүй боловсролыг ээж гэрийн хүмүүжлээрээ олгож байна. Цалинтай ээж хөтөлбөрийг үнэлж байгаа. Бүх эмэгтэйчүүд заавал карьеар хөөж, бизнес хийх албагүй. Харин бүх эмэгтэйчүүд сайн ээж байвал тэр нь эх орондоо, ирээдүйд хийж байгаа том хөрөнгө оруулалт болно.

Д.Гэрэлмаа: Манай эмэгтэйчүүд хүчирхэг юмаа л гэж боддог. Хүүхэд төрүүлнэ. Эмэгтэй хүний бие махбодь, сэтгэл санаа гээд бүх зүйл өөрчлөгдөнө. Хүүхэд төрүүлэх тийм хялбар зүйл биш шүү. Тэр бүхнийг даван туулахын зэрэгцээ өсгөж хүмүүжүүлэхээс эхлээд ар гэрийн амь зуулгыг хүртэл эмэгтэй хүн нуруун дээрээ үүрч байна. Тэгэхээр үнэхээр хүчирхэг. Заримдаа бүр гайхдаг.

-Таны хобби юу вэ?

Д.Гэрэлмаа: Хөгжим тоглох. Хаяа янз бүрийн клуб, event-д дижи хийдэг.

-Дуулдаг байх нь ээ. Хамтлагтай байсан уу, харж байсан юм шиг санагдаад байх юм?

Д.Гэрэлмаа:Оюутан байхдаа дуулдаг байсан. Амьд хөгжмийн хамтлагтай, шөнийн клубт дуулдаг байлаа.

-Галзуу барын аманд гараа хийгээд авахаас буцахгүй нас гэж хөгшчүүд ярьдаг даа. Хүнд аливаа хийж үзээд алдаж онохоо дэнслэх үе залуу нас л байх?

Д.Гэрэлмаа: Тийм шүү. Миний бодлоор хүн гэр бүлийн хүмүүжил тун чухал. Мөн зан араншин. Хүн аливаа зүйлийг өөрөө туулж, биеэрээ мэдэрч байж энэ нь зөв байж гэдгийг тунгаадаг. Магадгүй би ингэж явах ёстой юм байна гэж алдсаныхаа дараа ухаардаг ч юм уу. Тиймээс би ингэж болохгүй, чадахгүй байх гэж бултаж зугтаахын оронд хийж үзмээр, оролдмоор санагдаж, чиний сэтгэл зүрх тэрийг дагаж байгаа бол хийгээд үз. Алд. Хамаагүй шүү дээ. Залуу байхад алдаж, онох хугацаа хангалттай. Харин ч алдаанаасаа илүү их зүйл сурч мэддэг. Хөгширсөн хойноо алдах эрхгүй байдаг учраас амаа барихаасаа өмнө зориглоод л үз.  Харин алдсан хойноо буцаад босоод ирэх сэтгэлийн хадтай л байх ёстой.

-“Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгээр бидний эргэн тойронд өрнөж байдаг олон сэдвийг хөндөж гаргаж ирдэг. Салбар салбарын төлөөлөл тал бүрээс нь асуудлыг тунгааж байгаагаараа үзэгчдэд ч таалагддаг болов уу?

С.Хишигжаргал: Бид бүгд нэг хүйстэй. Сайн сайхныг хүсч, эфирт олдсон энэ 60 минутыг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг нэгдүгээрт зорьдог. Бидний хувьд насны ялгаа бий. Өөр өөр газар өсч хүмүүжсэн, салбар салбарын, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Тийм учраас миний зүгээс баримталдаг зарчим гэвэл мэдэх юмаа мэддэг. Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гээд хэлчихдэг. Мэдэхгүй зүйлээ мэдэж авах гэсэн бодолтой байдаг. Би нэвтрүүлэгч, хөтлөгч гэхээсээ илүүтэйгээр сайн үзэгч байхыг боддог. Үзэгчид яг над шиг юуг ойлгохгүй өнгөрчих вий гэдэг үүднээс тодруулж, асуудлыг өөр өнцгөөс тавихыг хичээдэг. Нэвтрүүлгийн найруулагч, энэ контентийг санаачилсан хүмүүс өндөр шалгуур тавьдаг. Мэргэжлийн сэтгүүлч ямар байх ёстой, дуучин гэхэд  ямар дуучин байх ёстой гэдэг ч юм уу. Зан араншингийн хувьд бүгд ижил хоббитой тийм хүмүүсийг авчраагүй болохоор асуудлыг өөр өөр өнцөгөөр хардаг, гардаг. Үүгээрээ манай нэвтрүүлэг арай илүү сонирхолтой байдаг гэж боддог.

Э.Энэрэл: Манай NTV телевизийн хамт олон энэ төслийг хэрэгжүүлэхдээ нэлээн томыг, өндөр хүлээлтийг харж эхлүүлсэн байх. Бидний хувьд энэ төслийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч нар нь. Ер нь манай нэвтрүүлгийн хамт олны онцлог гэвэл тэр бүр ил болоод байдаггүй нийгэмд их яригдаад байдаггүй мөртлөө байж байдаг өнцөгүүдийг нийтийн индер рүү татаж гаргаж ирдгээрээ онцлогтой. Нөгөө талаас бүсгүйчүүд бүгд голын нэг талд хэзээ ч гардаггүй. Өөрөөр хэлбэл, дөрвөлжин булангийн булан бүрт очоод өөр өөр өнцгөөс асуудлыг харж ярьдаг. Тэр байр суурийг манай нэвтрүүлэг хадгалж чаддагаараа, мөн хэн нэгэн хүний сэтгэлийн мухарт бодогдоод байдаг юм хаягдаад үлдчихдэггүй учраас нэвтрүүлэг маань олон үзэгчтэй болж байгаа байх.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!