Дээл хувцас, оффшороос өөр хэлгүй УЛСТӨРЧ

0
260

УИХ-ын гишүүн С.Жавхлан хаус худалдан авч, тэндээ амьдрахаар төвхнөж  байсан ч тун удалгүй арилжжээ. Шалтгаан нь тэндээ идээшиж чадаагүйтэй холбоотой хэмээн ойр тойрныхондоо хэлсэн байна. Урлагаас улс төрд хөл тавьсан С.Жавхлан учраа олохгүй явсаар бүрэн эрхийнхээ талыг үдэж байгаа нь ч Төрийн ордонд идээшиж чадахгүй байгаатай холбоотой байж мэдэх юм. Сонгуулийн сурталчилгаагаа үхэр тэргээр хийж явсан тэрбээр өөрийгөө “Хүннү”-гийн үеийн баатар гэж боддог байж ч мэдэх л юм. Юутай ч тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолд морь унаж Төрийн ордонд ирснээр хэрүүл, тэмцлээс өөр зүйлгүй улс төрийг үзэж, харах юм ихтэй л болгосон юм даг. Эхний өдрөөсөө гишүүдийг дээл өмсөхийг номлож, эх оронч байхыг сургамжлах болсон түүний үйлдэл шинэхэн дээрээ сонихон гэгчээр олон нийтэд таалагдсан гэж ванлий. Харамсалтай нь, давс, хужир нь ихдэж, өдгөө улиг болсон уйтгартай үзүүлбэр болон хувирчээ. Ямартаа тохой нийлүүлэн суугаа О.Баасанхүүгээсээ бага ч болтугай зүйлийг сурч, мэдээсэй хэмээн сонгогчид нь залбирч эхлэв.

“Болно доо болно, хоёулаа” хэмээн С.Жавхлан гишүүний дуугаар ширээний хоёрыг нэгэндээ зөвлөж, бусдаасаа илүү дотно болно гэцгээж байлаа. Зүй нь нэг нь бие даагч, нөгөө нь МАХН-ыг парламентад суудалтай болгож байгаа ганц төлөөлөл учраас Н.Чулуунхүү, М.Бямбажав нарын хос дуучидтай жиших наргиан ч бас нэмэгдэж байна. Харамсалтай нь өдгөө О.Баасанхүү шиг идэвхитэй гишүүн үгүй бол С.Жавхлан шиг зожиг нэгэн энэ парламентад үгүй гэнэ. Тэрбээр ангийнхантайгаа үг, үзэл бодлын зөрчилдөөнтэй, түүнчлэн УИХ-ын гишүүдийн нийлсэн, нэгдсэн арга хэмжээнд ч оролцдоггүй. Ямартаа УИХ-ын гишүүдийн шинэ жилээр урлагийн номерт айлтгүй хэмээн пээдэлзэж байсан эрхмүүд далаараа тавиулсан гэж байгаа. Зүй нь С.Жавхлан гишүүнийг шинэ жилийнхээ үеэр 2-3 дуу өргөж, оролцоно гэж бодож байтал эрхэм гишүүн харийн наадам тэмдэглэдэггүй гэж хэлээд Н.Амарзаяа гишүүнийг өрөөнөөсөө бараг хөөгөөд гаргасан гэж байгаа.

Төрийн ордонд хоёр, гурав хоноглож, эсэргүүцэл зарлаж байсан тэрбээр улс төрөөс залхсан бололтой урлагтаа дахин хөл тавьж, шинэ клипний ажилдаа орсон.  Тиймдээ ч Төрийн ордонд үзэгдэхээ больж, хуралдаан тасалсан цагаараа Б.Наранхүү гишүүнтэй цэц булаалдах болсныг УИХ-ын Тамгын газрынхны бүртгэлээс харж болно. Эхнэрээ араг түшүүлэн амаржуулж байсан тухай олны яриа өдгөө ч хуучраагүй байна. Уг нь тэрбээр өөрийнхөө талаарх “С.Жавхлан нэг зүйлийн төлөө орвол орсон шиг ордог, гарвал гарсан шиг гарч чаддаг хүн. Тийм учраас би Бурхан Халдун хайрхан дээрээ очиж андгай тангаргаа өргөсөн” хэмээж байсан удаатай. Үүнийг илтгэх ганц зүйл нь оффшорын сэдэв байж мэдэх юм. Тэрбээр дээл хувцаснаас өөр сэдэв рүү хазайвал тэр нь оффшор. Тэр утгаараа тэмцлээ эрчимтэй үргэлжлүүлнэ гэдгээ онцлоод ”Овт шаарнууд олс дээс аваад гүйтэл нь тэмцэнэ. Сайн цагийг бид заавал авч ирэх ёстой” гэсэн юм.  Гэхдээ түүний тэмцэл ямар байхыг таашгүй. Буу сэлэм барьж Төрийн ордон руу орохгүй нь лав байх.

Үргэлжлэлийг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!