“ИРЭЭДҮЙН ЭЗЭД” ОЛИМПИАД ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ХАМТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны анхдугаар олимпиадыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Боловсролын Үнэлгээний Төвөөс амжилттай зохион байгууллаа. Мөн шалгалтын дүнг шалгуулагчийн дэргэд богино хугацаанд засч танилцуулах шилэн технологийг амжилттай туршсан юм.
Олимпиадад математик, физик, хими, биологи, газарзүйн хичээлийн асуултуудыг харьцангуй өндөр түвшинд бэлтгэн, 120 минутын хугацаанд шалгалт авсан байна. Шалгалтын асуултыг бэлтгэсэн багш нарыг гурав хоногийн турш вакуум орчинд тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт дор лацыг нээн сурагчдад тараажээ. Ингээд шалгалт дуусч баганан код бүхий оролцогчийн мэдээлэл агуулсан материалыг засагч машинд уншуулахад ердөө дөрөвхөн минут зарцуулав.

Шалгалт дуусмагц 184 оролцогчийн материалыг засагч машинд уншуулж, танхимд байрлуулсан дэлгэц дээр мэдээллэн онооны дарааллаар байр эзлүүлсэн юм.

Нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн сурагч Б.Мандуул, дэд байрт Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн Номун цогцолбор сургуулийн сурагч Д.Хишигдалай нар шалгарч медаль, өргөмжлөл, ipad зэрэг үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Мөн сурагчдыг бэлтгэсэн байгалийн ухааны заах аргын нэгдлийг мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Олимпиадыг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн технологийн залуусаар бахархаж байгаагаа хэлээд төрийн албаны хүнд суртлыг халахын тулд салбар бүрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг мөн онцолж байв. Боловсролын салбарын нэгэн шинэ технологийг Ж.Ган-Эрдэнэ захиралтай БҮТ-ийн залуус практикт анх удаа ийнхүү амжилттай шалгалаа. Энэхүү шинэ технологи нь Монгол Улсын хэмжээнд нэг цагийн дотор 40 мянган хүүхдийн шалгалтын тестийг засаж, дүнг танилцуулах боломжтой болсныг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!