ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

0
146

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран 03 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулсан Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уг уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль, зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг төв, Монголын өмгөөлөгчдийн холбоо орон нутгийн хуулийн байгууллагуудын нийт 350 гаруй төлөөлөл оролцов.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Бид хамгийн гол нь амьдралд нийцсэн, хөл алхаа нийлсэн хууль тогтоомжтой байж урагшаа явах учиртай. Энэ хугацаанд уг хууль тогтоомжийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудал, алдаа, оноог энэхүү хэлэлцүүлэгт оролцож буй та бүхэн маш сайн мэдэж байгаа. Тэр ч үүднээс энэхүү хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох үүднээс уг санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

Энэ үеэр уулзалт, хэлэлцүүлгийн удирдагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж буй хуулийн байгууллагынхан, мэргэжлийн хуульчид хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэлүүд, түүнийг хэрхэн зөв шийдвэрлэх талаар гаргалгаа гаргаж нэг мөр ойлголттой болоход чиглэгдсэн” гэдгийг онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ “Эрүүгийн хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хууль дөрвөн үндсэн бодлого, үзэл баримтлалын хүрээнд батлагдсан.

Хууль батлагдсаны дараа энэхүү үзэл баримтлалууд ямар үзүүлэлттэй байгааг тодорхой хугацааны дараа үзэхэд, нэлээд хэдэн төрлийн эерэг үр дүнгүүд гарсан. Жишээ нь, 2016 онд 20 гаруй мянган хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байсан бол өнөөдөр бүх хэрэг шүүхээр хэлэлцэгдэж, шүүхийн шатанд зөв буруу нь тогтоогддог  болсон. Мөн аливаа хэргийг түдгэлзүүлж, шалгахгүй орхидог асуудал таслан зогсоосон. Тухайлбал, 2016 онд 10 мянга гаруй хэргийг түдгэлзүүлсэн бол 2017 онд ердөө 77 хэргийг түдгэлзүүлсэн байна. Энэ нь хэргийг түдгэлзүүлж дардаг асуудал байхгүй болсныг илтгэж байгаа юм.

2016 онд анхан шатны шүүхүүдээс 4200 орчим хүнд хорих ял ногдуулсан бол өнгөрсөн онд 1300 болж буурсан. Мөн 1000 орчим хүнд хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэнсэж байгаа этгээдүүдээс дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гараагүй. Энэ нь хуулийн үндсэн зорилго болсон хүнийг хорихгүйгээр ухааруулах, хохирогчийн хохирлыг барагдуулбал хөнгөн хэргүүд дээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломж олгож байгаа нь үр дүнгээ өгч байна.

Түүнчлэн 2016 онд нийтдээ 2000 гаруй хүнийг цагдан хорьж, мөрдөж байсан бол 2017 онд 600 гаруй болж буурсан. Өөрөөр хэлбэл, хангалттай үндэслэл, шалтгаан, нотлох баримтгүйгээр хүнийг баривчилдаг, цагдан хорьж, шалгадаг асуудал үндсэндээ номондоо орж байна. Энэ мэтчилэн 2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нэлээд ахиц дэвшил гарсан юм.

Дээрх хуулиудын үзэл баримтлал нь олон талын байр суурь, санаа бодол, шүүлтүүр, шүүмжийн дунд хэлэлцэгдэн батлагдсан гэж хэлж болно. Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд багш нэгэнтээ хууль өөрөө хэрэгждэггүй, түүнийг хүн хэрэгжүүлдэг гэж хэлсэн байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах нь нэг хүн, эсхүл нэг байгууллагын асуудал биш бөгөөд иргэд, олон нийт, хууль тогтоогч, хуулийг хэрэгжүүлэгч, хуулийг хэрэглэдэг байгууллагуудын нэгдмэл ойлголт, хичээл зүтгэл, хамтын ажиллагаагаар зорилт, зорилго нь хангагдаж, хүссэн үр дүндээ хүрч чадна гэдгийг онцлон хэлж байв.

Уулзалт, хэлэлцүүлгээр хуулийн байгууллагуудын төлөөллүүдээс нийт 10 гаруй илтгэл тавьж, дээрх хуулиудыг хэрэглэх явцад ямар зөрчилдөөн, гажуудал гарч байгаа тухай болон зарим ололттой зүйл заалтуудын талаар санал хүсэлтээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад үнэлэлт дүгнэлт хийж, цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар, зохион байгуулалтын асуудлын талаар 3 бүлэг зөвлөмж боловсруулан баталж, хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!