Америкт ажиллахад зуучлах компаниуд удахгүй тодорно

1
1017

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ.

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.

Дээрх хоёр ангиллын визний хувьд виз мэдүүлэхийн өмнөөс ажил олгогч нь өргөдөл гаргах зарчмаар ажилладаг. Тодруулбал, АНУ дахь ажил олгогч нь хүсэлт гаргаж, улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авах ёстой. Тэрхүү баримтад тулгуурлан визний зөвшөөрөл олгогддог байна.

Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй.

Н-2В виз нь хязгаарлалттай. Тодруулбал, АНУ-ын Конгрессоос хөдөө аж ахуйн бус, ажиллах хүч дутмаг салбарт жил бүр 66 мянган ажиллах хүчийг гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ны хоорондох хугацаанд хоёр тэнцүү хувааж, хагас жилд 33 мянгыг авах зарчмаар виз олгодог байна. Энэ жилийн хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан.

Монгол Улсын хувьд 2018 оны жагсаалтад багтсан ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хойш виз мэдүүлэх боломжтой аж. “H-2” визний хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон АНУ-ын Консулын хэлтсийнхэн зөвлөлдөх уулзалт хийсэн юм. Дээрх виз авахад хэлний мэдлэг шаардахгүй ч англи хэлгүй хүн зуучлалын компанид хандаж АНУ дахь ажил олгогчтойгоо харилцан, гэрээ байгуулах боломжтой гэж үзжээ. Тиймээс Зуучлалын компанийн квотыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тогтоохоор болжээ. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Одоогоор албан ёсны эрхтэй зуучлалын компани байхгүй байгаа бөгөөд иргэдийн хууль бус зуучлагч компаниудад хандахгүй байхыг анхааруулжээ.

АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг танилцуулъя.

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас  олно.  АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2:  H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана.  Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд  боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3:  Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл  нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5:  H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6:  Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно.  Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр  паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7:  Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8:  Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.

Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!