Д.САРАНГЭРЭЛ: Хүүхдийн шүдийг төлбөргүй эмчилдэг болчихвол олон өвчнөөс сэргийлэх чухал алхам болно

1
162

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлчихлээ?

Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бие даан ажиллуулах шинэ Засгийн газрын саналыг УИХ баталсан нь түүхэн шийдвэр байлаа. Үр дүн нь даатгуулагчдад очих нь одоо хамгийн чухал. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг даатгалын сангаас нэмэгдүүлэх гэж байна, тоног төхөөрөмж худалдаж авах юм байна гэх мэт тайлбар нэг хэсэг яваад байсан одоо харин намжиж. Хуулиар эдгээрт даатгалын сангийн хуримтлалыг зарцуулах нь хориотой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд сүүлийн үеийн нарийн бүтэцтэй тоног төхөөрөмж шаардлагатай байгаа нь бодит үнэн. Тиймээс эрүүл мэндийн даатгалын санг тодорхой хязгаарлалттайгаар тоног төхөөрөмжид зориулдаг байх өөрчлөлтийг хуулинд оруулах нь зүйтэй гэсэн саналыг зарим улс төрчид хэлдэг. Өнөөдөр Дорнод аймгийн компьютер томографийн аппарат эвдэрснээс зүүн аймгуудын иргэд хэдэн зуугаараа нийслэл рүү ирж хөрөнгө мөнгө, явдал чирэгдэл болж байна. Хэвлийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж дутагдалтайгаас мөн л хэд хэдэн аймгийн иргэд нийслэлийг зорихоос аргагүйд хүрч байна. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс дээр дурдсан санал санаачилгыг харгалзаж үзэж болох юм. Гэхдээ энэ бол парламентын шийдэх асуудал. Хамгийн гол нь эрүүл мэндээсээ болж санхүүгийн дарамтад орох эрсдлээс иргэдээ хамгаалах нь эрүүл мэндийн даатгалын сангийн үндсэн үүрэг. Анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага бий. Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр үйлчлэх, өдрийн эмчилгээ хийх зэрэг нэмэгдэл үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжтой болж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр эхний ээлжинд хоёр томоохон үйл ажиллагаа явуулах саналыг эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал?

Нэг нь гурван сая хүнээ эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөгөө нь хүүхдийн шүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үнэ төлбөргүй эмчлэх. Нийслэлд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Шүдний цоорол 200 гаруй өвчний суурь болдог. Энэ асуудлыг тоохгүй орхивол хэдэн жилийн дараа өвчин эмгэгтэй нэгэн үе бий болох эрсдэл байгаа учраас онцгойлон анхаарах учиртай. Эмчилгээ, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх ажил зэрэг явна гэж тооцож байгаа. Шүдээ өдөрт 2-3 удаа, зөв, гүйцэд угааж хэвшсэний үр дүнд Япон улс өнөөдөр ард түмэн нь шүдний өвчлөлгүй, шүдний эмчийн илүүдэлтэй орон болж чаджээ. Амны хөндийн ариун цэврийг сахих, шүдээ зөв угааж арчлах зөвлөгөө хэвлэлээр явуулж эхэлсэн нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм. Мэргэжлийн эмч, эрдэмтэн, профессоруудад энэ талаар төлөвлөгөө тооцоо гаргах чиглэл өгсөн байгаа. 21 аймгаа явуулын амбулаториор хангаж байж урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд өрнүүлж чадна. Сангийн сайд болон Үндэсний хөгжлийн газартай явуулын амбулаторийн асуудлаар ярилцаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан бие даасны үр шимийг иргэд даатгуулагчид маань бодитоор мэдрэх тийм үйл ажиллагааг олон улсын жишигт үндэслэн хийж хэрэгжүүлэхээр Ерөнхий газар ажиллаж байна.

Яармагт баригдаж буй төрөх эмнэлгийн явц хэр байгаа бол?

Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг гүйцээж II төрөхийг нүүлгэн оруулна. II төрөхийнхөө суурин дээр хүүхдийн эмнэлэг барих ажлыг шуурхайлах тогтоолыг мөн Засгийн газар гаргасан байгаа.

Нийгмийн эрүүл мэндийн боловсролын тухайд та юу хийж байна вэ?

Нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий. Урьдчилан сэргийлэх нь өвдсөн үеийн зардлыг хэрхэн хэмнэдгийг нэг жишээгээр хэлэхэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан нэг доллар 125 доллар хэмнэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин зэрэг бүх боломжит хэлбэрүүдийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн боловсролд бодлого төлөвлөгөөтэй ажиллана. “Эрүүл мэнд эрхэм баян” цахим хуудас шинээр нээн ажиллуулж эхэлсэн. Эхчүүд, ээжүүдийн группт мэргэжлийн эмч зөвлөгөө өгч ажилладаг болох чиглэлийг ЭХЭМТөвд өгсөн байгаа. Ажил хэрэг болгосон гэдэгт итгэж байна. Глобаль сангийн үйл ажиллагаа ДОХ, ХДВХ, сүрьеэгийн халдварыг илрүүлэх, бууруулах, урьдчилсан сэргийлэхэд чиглэдэг. Харин нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэж үздэг. ТББ-тай ажиллахад түлхүү анхаарах үүрэгтэй гэсэн тайлбар хэлдэг. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ талын олныг хамарсан ажиллагаа, нийгмийн боловсролын ажил чухал байгаа юм.

Иргэд утаанаас болж жилд 200 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэсэн тооцоо байх юм билээ?

Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаатай маргах аргагүй. Ханиад томууны хүндрэлийн 66 хувь нь утаанаас үүдэлтэй байна. Уушгины хорт хавдрын 40 гаруй хувь нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн судалгаа гарсан. Ханиад харшил хавсарч буй нь ч мөн утаа униартай холбоотой байна. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулахад эрүүл мэндийн салбарын зардал 66 сая доллараар буурах тооцоо байна. Амны хаалт, маск хэрэггүй гэж шүүмжилж туйлширч байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх үед нь маск зүүлгэвэл хорт утаанаас 80 хувь хамгаалдаг нь тогтоогдсон. Харамсалтай нь байнгын хороон дээр Засгийн газраас оруулсан маскаар хангах төсвийг унагасан байна лээ. Энэ бол буруу. Засгийн газар голлон анхаарч буй асуудал нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Түүхий нүүрсийг орлох шахмал түлшээр хангах, орон сууцжуулах, дулааны хуримтлуулагчтай, дээрээ плиткатай халаагуураар хангах, хөдөө гарах санал санаачлагыг дэмжих зэрэг олон аргыг зэрэг хэрэглэж энэ оноос утааг бууруулж эхлэх улмаар 2020 онд 70 гаруй хувиар бууруулах бодит шийдэл бүхий төлөвлөгөө боловсруулж байна. Засгийн газар дангаараа бус бүх ард түмэнтэйгээ хамтын хүчээр агаарын бохирдолтой тэмцэж үр дүнд хүрнэ. Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүний хувиар тасралтгүй энэ асуудлаар ажилласан даа. Ерөнхий сайд утааны асуудлаар ярьж боллоо, одоо шийдэл гарга гэдэг үүргийг бүх шатанд өгсөн, утаатай тэмцэх тодорхой тооцоотой төлөвлөгөөгөө ч гүйцэтгэх засаглалтын тэргүүн УИХ-д удахгүй оруулахаар ажиллаж байгаа.

Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болсон нь ахмад настнууд, байнгын эмийн хэрэглээтэй хүнд өвчтнүүдэд их тустай үйл болсон болов уу?

Монголын төр ахмадууд болон иргэдийн дунд зонхилон тохиолддог өвчнүүдэд хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргаж, үнийг нь 30-80 хувь хөнгөлж, зөрүүг нь эмийн сангуудад өгдөг. Гэтэл хөнгөлөлттэй үнээр очих ёстой эм маань ахмадууддаа зовлон болсоор ирлээ. Сард нэг, хоёр өдөр л хөнгөлөлттэй эмээ өглөө эрт өдөрт урт дараалалд зогсож авдагт хөгшид маань гомдолтой байгаа юм. Тиймээс үүнийг засах үүрэг даалгавар ажил хариуцсан хүмүүст өгсөн .Зарим дэвшил гарч байгаа. Гэхдээ жигдрээгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг, хоёр өдөр л хөнгөлөлттэй эмийн жор бичих явдал засарч байна. Харин эмийн сангуудын тухайд тайлбар өгүүлэл тавьж иргэдийг чирэгдүүлсээр байна. Энэ асуудлыг яамны Эм, технологийн газар судалж шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Хөнгөлөлттэй эмийг харьяа дүүргийнхээ эмийн сангаас авдаг болох нь асуудлыг шийдэх нэг гарц гэсэн дүгнэлт гаргасан. Иргэд маань хөнгөлөлттэй эмийг энд тэндхийн эмийн сангаас авч бусдад зарах, өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг хүнд олон удаа жор бичих, эмийн сангуудад хөнгөлөлттэй эм борлуулах санхүүжилтийг харилцан адилгүй олгодог зэрэг дутагдлууд илэрсэн. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар үйл ажиллагаагаа бие даан дөнгөж эхэлж буйтай уялдан санхүүжилт хоцорч байж болох. Энэ асуудлууд жигдрээд ирэхээр төр засаг нь үнийг нь хөнгөлөөд өгсөн эмийг чирэгдэлгүй, хүссэн үедээ авдаг болох боломж ахмадууд болон иргэдэд маань бүрдэнэ.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!