П.Баярхүү: 2018 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 3000 өрхийн орон сууцыг ашиглалтад оруулна

0
209

НИТХ-ын ээлжит хурлаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн талаар хурлын төлөөлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс хэд хэдэн чухал асуулт тавьж, хариултаа авсныг бүрэн эхээр нь хүргэе. 

Дэд бүтцийн төв буюу Сервис центр барих ажил алслагдсан дүүргүүдэд  баригдах уу, яаж тусаж байгаа вэ?

Алслагдсан дүүргүүдийг энэ хөтөлбөртөө оруулаад явж байгаа. Төвийн 6 дүүрэг, алслагдсан 3 дүүрэг нийлээд  216 мянган гэр хорооллын өрх байна. Монгол улсын Засгийн газар, Барилга хот байгууллагын яамтай Хотын дарга ярьж тохирсны дагуу 50 сервис центр буюу дэд бүтцийн төв барих ажлыг улсын төсөвт суулгахаар 2 тэрбум юанийн задаргаан дээр засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд алслагдсан 3 дүүрэгт инженерийн дэд бүтцийн төвийг тус бүр нэг нэгийг барихаар суулгасан.

Энэ хөтөлбөрт урьдчилгаа төлбөргүйгээр иргэдэд олгох боломжийг оруулж ирсэн байгаа юу?

Өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлтөөс хамаараад  байрны урьдчилгаа төлж чадах иргэд байна, төлж чадахгүй иргэд ч маш олон байгаа. Энэ хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг хөгжүүлэх бодлогыг хөтөлбөртөө тусгасан. Энэ ажил манай НОСК дээр хариуцагдаад явна. Энэ жил СХД-ийн 6-р хороо, ханын материалд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны барилгын эхний ажил эхэлнэ. Үүнийг манай барилга хот байгуулалтын яам, ТОСК  болон хувийн аж ахуй нэгжүүд сайн дэмжиж, өөрсдийн барьсан борлогдохгүй байгаа орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрлүү шилжүүлж байгаа нь бидний бодлогыг зөв хэмээн харж байна гэж ойлгож байгаа.

Ахмадын орон сууц гэж байгаа юу?

Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууц гээд энэ бүх орон сууц ахмад, залуучууд гээд бүх л давхаргыг бүгдийг нь хамруулж очих хөтөлбөр байгаа юм. Ахмадын орон сууц, залуучуудын орон сууц гэж байхгүй. Хүн бүрийн орлого өөр өөр учраас энэ нь орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр юм.

Цаашдаа ашиглалтын дулааны шугам сүлжээг хангагч байгууллагууд аваад явах юм уу эсвэл дэд төв гэдэг дээр байх юм уу? Яагаад үүнийг асуусан бэ гэвэл өөрөө дэд бүтэц маань ашиглалтын горим, заавартай байдаг. Хэсэгчилсэн дэд төвийг дулаан цахилгаанаар, инженерийн дэд төвөөр холбох бодлого барьж байгаа гэж ойлголоо. Үүн дээр хариулт өгнө үү.

Улаанбаатар хот 152 хороотойгоос 89 нь гэр хороолол. Эдгээр 89 гэр хорооллын 20 гаруй хороо нь дөнгөж цахилгааны хангамж хүчдэл 4 квт хүчдэлийг хангах боломжтой. Бусад гэр хорооллуудад цахилгаанаар халах эрчим хүчний дутагдалтай байна. Бид өнгөрсөн онд 33 тэрбум төгрөгөөр цахилгааны хүчдэлийн уналтыг нилээн хэдэн хороодод хийсэн. Энэ жил 24 тэрбум төгрөгөөр эрчим хүчний яамтай хамтран дахин хороодуудыг өргөтгөж байна. Өргөтгөхдөө 4 квт хүчдэлийг даах хороодуудынхаа дундах зайг нөхөх, тэлэх замаар явна. Энэ хүрээнд ЭХЯ, Улаанбаатар хот нэгдмэл байр суурьтай ажиллана.

Улаанбаатарын дэд бүтцийг хөгжүүлэхэд яамдуудын оролцоо ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

Дэд бүтцийн дулааны эх үүсвэрүүдийг яаж шийдэх вэ гэвэл үүн дээр хамгийн хүндрэлтэй асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал бий. Өнөөдөр хоногт 160-170 мянган кубыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж маань ачааллаа даахгүй хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Харин үүнийг ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг дундын, төвийн, захын гэж 3 хэсэгт хуваан энэ бүсчлэлийнхээ дагуу дундын болон захын бүсүүд дээр хэсэгчилсэн байдлаар дэд бүтцийг шийдэх төлөвлөгөөтэй байна. Энэ тал дээр яамд, мэргэжлийн байгууллагууд, нэгдсэн нэг бодлогоор уялдаад явж байна.

Усан хангамж барих, өргөтгөх ажил хэр явж байна вэ?

Энэ хүрээнд Зүүн хойд бүсийн одоо байгаа 6000 кубын усан сан дээр нэмж дөрвийг нэмээд нийтдээ 24000 куб болж байгаа. Энэ усан сан Гачуурт, Дарь-Эх, Толгойт, Хандгайт, Баянхошуунд баригдаж байгаа. Энэ 6000 кубын усан сантай болсноор Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг нь цэвэр усны төвлөрсөн шугамд холбогдох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Бид орон сууц барихдаа дэд бүтэц барьдаг биш, гэр хорооллоо ч бас дэд бүтэцжүүлэх ийм бодлого барьж байна. Тиймээс дулаан цахилгаан, ариутгах татуургын шугамууд хүрэлцэхгүй байгаа энэ тохиолдлуудад өөр дээрээ шийдэлтэй, инженерийн дэд бүтэцтэй байя гэсэн зорилготой явж байна. Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүтнээр нь, цогцоор нь харсан бодлого. Улаанбаатар хот нь Засаг захиргааны нэгжээрээ 9-н дүүрэгтэй. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт одоо 700мкб-н хүчин чадалтай Цахилгаан станц баригдаж байгаа. Захын гурван дүүргийг орхиогүй . Бодлого 9 дүүргээ хамарч явна.

Хөтөлбөрийн хүрээнд шинээр тусгагдсан зүйл юу вэ? 

НИТХ-ын 2014 оны 5 сарын 26-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлагдах тухай гэсэн тогтоол батлагдсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа нь 2014-2016, 2016-2018 гэсэн хоёр үе шаттай. Бид энэ хөтөлбөрийн боловсруулах хөтөлбөртэй танилцсан. Хөтөлбөртэй танилцаад Улаанбаатар хотыг ганцхан орон сууцжуулах биш  гэр хорооллын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хороолол руу дэд бүтцийг татая, дэд бүтцийн хангамжгүй байгаа асуудлуудыг шийдэж дэд бүтцийн асуудлыг хамтад нь батлая гэж шийдсэн. Ялгаа нь гэвэл дэд бүтцийн хангамжийг давхар оруулж ирсэн.

Бид энэ хөтөлбөрийг сайн муу гэж ярихаасаа илүүтэйгээр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж байна. Энэ ажлуудыг цааш нь явуулах гэхээр компаниуд нь шүүхэд ханддаг асуудал байна. 25 компанид шууд санхүүжилтийг нь олгосон байгаа. Энэ бүх алдаануудыг бичиг цаасны хувьд, хууль журмын хувьд засаж залруулах ажлыг 1 жилийн хугацаанд хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц дээр нийслэлийн төсвөөс 10 тэрбум төгрөг тавьсан. Барилга нь баригдчихаад дэд бүтэц нь баригдахгүй байгаа барилгын асуудлуудын дэд бүтцийг шийдэх асуудал байна.

Эхний ээлжинд нийслэлийн төсвөөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо,  БХБЯ-аас Сүхбаатар дүүргийн 18-р хороо дээр Дэд бүтцийн төв буюу сервис центр барихаар болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал дээр өмнөх бизнес моделийн загвар дээр зөв байсныг нь авч, буруу байсныг засаж байна. Иргэд, компанитайгаа дахин ойлголцож байна.

Хөтөлбөрийн танилцуулгад 1333 өрх түрээсийн хөтөлбөртэй орон сууцанд амьдарч байгаа гэж бичсэн байна. Энэ нь хаана ямар орон сууцанд амьдарч байгаа юм бэ? Төрийн орон сууцны корпораци хичнээн айлыг орон сууцанд оруулсан бэ?

Төрийн орон сууцанд 1333 өрх, НОСК дээр 116 айл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци 787 айл, ахмадын гэх тодотголтой түр суурьших орон сууцанд 298 айл байгаа. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх Азийн хөгжлийн 100 айлын орон сууцанд тодорхой хэдэн айлууд амьдарч байна. НОСК, Ахмадын байранд сууж байгаа айлууд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд байгаа. Харин Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци бол түрээслээд өмчлөх хэлбэрлүү орон сууцнуудаа бүгдийг нь явуулж эхэлсэн. Үүнийг дагаад зарим аж ахуй нэгжүүд шууд худалдах биш сарын түрээсийг нь авч, борлогдохгүй байгаа байруудаа борлуулж байгаа ийм жишгүүд үзэгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ахмадын орон сууцанд нийслэлээс нэг ч ахмад хамрагдаагүй. Яагаад гэвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ахмадын орон сууцыг түр суурьших түрээсийн орон сууц болгон зориулалтыг нь өөрчилсөн. Яагаад өөрчилсөн бэ гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түр оршин суулгах ажлыг 3 талт гэрээ байгуулсан, нэг талын субект хот өөрөө учраас Хотын дарга, НИТХ-ын даргын шийдвэрээр энэхүү айл өрхүүдийг орон сууцыг ашиглалтад ортол түр түрээсийн хямд өртөгтэй орон сууцанд байршуулж байгаа. Түрээсийн гэрээний дагуу 3 талт гэрээ байгуулсан нөгөө талын субьект болон компанийн зүгээс түрээс төлүүлэх ажлуудыг Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци, Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газар ажиллаж байгаа. Зарим барилгууд энэ 3, 4 сард ашиглалтад орно. Орон сууцыг худалдаж авах иргэдийн тоо бага байна. 1.5 сая хүртэлх өртөгтэй орон сууцыг 7672 иргэн авсан гэж 2018 оны судалгаагаар гарсан. Үндсэндээ зах зээл дээр хямд өртөгтэй орон сууц авах эрэлт их байна гэдгийг үзүүлсэн судалгааны дүн байна.

Бүх цаг үеийн орон сууцны хөтөлбөрүүд хаана очиж бүдэрдэг вэ гэхээр борлуулт дээрээ бүдэрдэг юм. Гучин гурван мянган борлогдоогүй орон сууц Монголд байна. Хямдхан, үнэтэй нь хамаагүй явж явж орон сууцны зээлийн хөтөлбөр дээр унадаг юм. Тэгэхээр  энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Манай нийслэлийн орон сууц хөгжлийн корпораци орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийсэн. Өнөөдрийг хүртэл борлуулалтын эрэлт нийлүүлэлтийг судалдаг, тэрийгээ хянадаг, бүртгэдэг аппликейшн, программ хөгжүүлээд тэрийгээ нийтэд зарлаад нээлтээ хийгээд явж байгаа. Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци, ТОСК нийлээд борлуулагдаагүй орон сууцны тоо гаргасан, 33000 гэдэг тоо бол хийсвэр, 4600 гэдэг тоо гарч ирсэн. Энэ 4600 нь зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууц өөрөө зуугаас дээш мкв-тай дөрвөөс дээш өрөө барилгууд байгаа. Иргэдийн дунд судалгаа явуулахад нийт судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь өөрийнхөө хашаанд амины орон сууцаа бариад амьдарна гэсэн. Ипотекийн зээлийн журман дээр амины орон сууц гэсэн заалт байхгүй байсан. Энийг БХБЯ маань Монголбанктай ярьж байгаад оруулж байгаа, оруулахдаа инженерийн дэд бүтцэд холбогдсон дэд бүтцийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Ийнхүү НИТХ-ын ээлжит хурлын асуулт, хариултын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  өрхийн орон сууц ашиглалтад орох  байснаас  5 мянган  өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэдгийг онцолсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965 – 2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  ш блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь  болсон  45 мянган өрх амьдарч байна.   Дээрхи барилгын  дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм.

Тиймээс  орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх,  хөгжлийн шинэ түвшинд гаргах  цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна.  Хөтөлбөр нь 9 зорилт бүхий  5 бүлэгтэй.

Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.  Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил ,  хороолол байгуулам боломжтой байршлуудад  эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн  засгийн  үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй  нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.  Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах  орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ.  Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэдгийг” тодотгон танилцууллаа.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!