Ж.Батзандан: Би залуу хүн, С.Баяртай хамт эрлэг рүү явах болоогүй байна

0
171

-Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Трампад захидал бичсэн байна лээ-

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай дараагийн шатны шүүх дээр уулзахаар болжээ. Уучлал гуйхгүй гэсэн байр сууриа хатуу баримтлахын тулд уу, эсвэл давж заалдах шатны шүүх дээр ялна гэсэн итгэл бий юм уу?

Баянзүрх дүүргийн шүүх Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ няцаалт хий гэсэн. Хоёр үзүүртэй ойлгомжгүй шийдвэрийг тодруулах зорилгоор Нийслэлийн шүүхэд давж заалдахаар болсон.

Таны гарт байсан баримт хангалттай байсангүй. Тиймээс Б.Хурц Элчин сайдаар томилогдчихлоо шүү дээ. Одоо өнгөрсөнтэй зууралдах хэрэг байна уу?

Б.Хурцын талаар хангалттай баримтууд бий. Нөгөөтэйгүүр Б.Хурц Элчин сайдаар томилогдоогүй.

Хууль тогтоох дээд байгууллага шийдвэрээ хаалттай хаалганы цаана гаргачихсан. Одоо Ерөнхийлөгчийн гарын үсэг л дутуу?

Б.Хурц томилогдсон гэвэл том эндүүрэл шүү. Б.Хурц Элчин сайдаар томилогдоогүй байгаа. Ерөнхийлөгч энэ асуудлыг хойшлуулсан.

Томилогдохгүй гэж харж байгаа байх нь ээ?

Тэр бол Ерөнхийлөгчийн шийдэх асуудал.

Өөрт байгаа баримтуудаа хэзээ ил гаргаж тавих юм бэ?

Баримтуудыг цахим орчинд хангалттай тавьсан. Харин улсын болон хувийн нууцтай холбоотой асуудлыг ил тавьж болохгүй. Энэ үүднээс дэлгээгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан байна лээ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр ч хангалттай ярьсан.

Хэдийгээр Б.Хурцтай өс хонзон байхгүй гэж мэдэгдэж байсан ч нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөж байх шиг байна. Тийм үү?

Б.Хурцтай холбоотой асуудлыг хувь хүний асуудал болгож битгий хувиргаасай. Төрийн албан тушаалтантай холбоотой асуудал бол олон нийтийн эрх ашгийн асуудал юм. Энэ үүднээс нь би асуудалд хандаж байгаа шүү. Миний хувьд Б.Хурцтай өс хонзон, маргаан, сонирхлын зөрчил байхгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг эрэн сурвалжлах захирамж гаргасан. Б.Хурц олддог л байгаа даа?

Б.Хурц олдоно доо. Онгоцонд явж байна билээ. Энд тэнд харагдаж л байна лээ.

Та таараа юу?

Монголын ард түмэн Б.Хурцыг хаана байгааг бүгд мэдэж байгаа. Манай хуулийнхан л олохгүй байгаа. Олохыг ч хүсэхгүй байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц гэж та мэдэгдэж байсан…?

Би тэгж хардаж байгаа. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг ТЕГ-ын дарга Б.Хурц, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан.

Бас Ерөнхий сайд асан С.Баяр?

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр одоогоор Англи улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Гэхдээ сонгуулиар Монголд ирж, МАН-ын сонгуулийг удирддаг. Энэ хүн надад нилээн гомдож, сар шинийн өмнө захидал бичсэн байсан. Энэ захидлын төгсгөлд эрлэгийн үүдэнд уулзах уу гэсэн утга бүхий юм бичсэн байсан. Би залуу хүн, тантай хамт эрлэг рүү явах болоогүй байна. Яарч байгаа бол та өөрөө явж болно.

Тэнд уулзахаасаа өмнө шүүхийн үүдэнд нүүр тулах шаардлага бий болчихоод байна шүү дээ?

Би С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад оролцсон гэж хэлсэн нь үнэн. Энэ асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавих гэрээ С.Баярыг Ерөнхий сайд байхад хийгдсэн байдаг. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Харин “Жаст” групп ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, ”Стандарт” банктай 2009 оны долдугаар сард гэрээ байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т “Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд нь оролцоогүй, мэдэхгүй байж болох уу.

Таныг хуульч хүн гэдгийг тодотгоод “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг үндэслэл болгон хэлсэн байсан. Мөн тэрбээр хэрэг хийсэн нь үнэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн байна лээ. Гэвч хийгээгүй учраас эсрэгээрээ таныг хариуцлага хүлээхэд бэлэн үү гэсэн байсан байх аа?

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг тухайн үед Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллаж байсан хүн. Мөн тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог. Гэтэл энэ асуудлыг тэр үеийн Ерөнхий сайд байсан хүн өөрөө мэдээгүй гээд, доод тушаалын хүмүүстээ асуудлыг нялзааж байна. “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар бүгд Ерөнхий сайдын томилсон, ойрын хүмүүс. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газраас хууль хэрэгжүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Ард түмний, нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Үүний төлөө С.Баяр гэдэг хүн уурласан байна. Тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана. Миний дуу хоолойг шүүхэд өгснөөр зогсооно гэж бодож байгаа бол эндүүрэл.

Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээлэхэд Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд баталгаа өгсөн. Тиймдээ ч хохирлын асуудал ээдрээ дагуулж байна?

Хохирол учруулсан хүмүүс хохирлыг нөхөн төлөх ёстой.

Яг хэн? С.Баяр уу, эсвэл Ш.Батхүү юү?

Төрийн өмчийг хууль бусаар барьцаалж, зээл авсан. Тэр зээл тодорхой албан тушаалтнууд, компаниуд руу хуваарилагдсан байдаг.  Энэ тал дээр Засгийн газарт ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэ асуудлаар хуралдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бас АНУ-ын Ерөнхийлөгч Трамп руу захидал бичиж алга болсон мөнгөний учрыг олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байна. Тун удахгүй энэ асуудал ил болно. Ер нь Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчөөс, ард түмний мэдлээс салгаж хувьдаа авах гэсэн эсвэл гадныханд өгөх гэсэн ийм үйлдэл, оролдлого, хуйвалдаан олон жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хуйвалдааныг манай нэр бүхий улстөрчид зохион байгуулж оролцсон байх гэж би хардаж байгаа.

Тэднийг нэрлэж болох уу?

Эрдэнэтийн 49 хувийг Монголын ард түмэнд биш АНУ-д, оффшорт бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх гэж хэн хэн явсныг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Эрдэнэтийн 51 хувь “Стандарт” банкны барьцаанд хэний үед очсоныг, хэний найз тавьсныг, хэний найз руу мөнгө очсоныг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

Хардаад л байгаа болохоос яг мэдэж байгаа баримт алга байна шүү дээ?

Хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг анхааралдаа авч, шударгаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Эрдэнэтийг хувьчилсан хохирлыг ард түмнээр төлүүлж болохгүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсаас төлөхгүй гэдгийг мэдэгдэж байсан?

Тэр мөнгийг авсан “Эрдэнэт” үйлдвэр буюу ард түмний өмчид хохирол учруулсан хүмүүс тэр зээлээ, тэр мөнгөө төл. Одоо АТГ дээр эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Мөрдөн байцаалтын нарийн нууцлалын асуудлыг ярих боломжгүй. Гэхдээ тун удахгүй ил болно гэдэгт итгэлтэй байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!