“ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ БАЙХ” ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛНЭ

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2018 онд 3 аймаг, 2 дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Уг төслийг 2017 онд ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, БНСУ-ын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжсэн  юм. Өнөөдөр ЭМЯ-ны Хурлын танхимд энэ төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2018 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах сургамжит зүйлсийг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт боллоо.
Төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн нь зөвхөн Монгол Улсын хувьд төдийгүй бусад улс орны хувьд ч өвөрмөц, онцгой арга барил болж байгаа юм.
“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд туршилтын төслийг санаачилан 2016 онд Өмнөговь аймгийн 3 сум /Номгон, Малчин, Гурван тэс/, СХД-ийн 26 болон 7 дугаар хороонд хэрэгжүүлсэн. Харин 2017 онд 10 аймгийн 10 сум /Архангайн Жаргалант, Баянхонгорын Баянлиг, Булганы Тэшиг, Говь-Алтайн Алтай, Дархан-Уулын Хонгор, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Зүүнбүрэн, Төв аймгийн Эрдэнэцагаан, Увсын Малчин, Хөвсгөлийн Хатгал, СБД-ийн 20-р хороо, ЧД-ийн 19-р хороо/-нд өргөжүүлсэн бол энэ онд 3 аймаг, 2 дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Цаашид уг санаачлагыг дэмжин, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийг бүрэн нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт ашиглана.

Төслийн хүрээнд 2017 онд нийт 410 сая төгрөгийн 25 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 12 газарт хуваарилан, 45 эмч, мэргэжилтнийг танхимын сургалтанд хамруулан мэргжл, ур чадварыг нь дээшлүүлжээ. Мөн 35737 иргэнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, 17188 иргэний эрүүл мэндийн үзүүлэлтийг мэдээний санд цуглуулж боловсруулалт хийжээ.

Энэ нь цаашид тухайн орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нарийвчлан төлөвлөх, хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй төлөвлөж, захиран зарцуулах боломжийг нээж өгөх чухал ач холбогдолтой юм. Энэхүү уулзалтаар эмч, мэргэжилтнүүд энэ мэт туршлагаа солилцож, цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөлдөв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!