С.Зоригийг хөнөөсөн хэргийн асуудлаар 50 удаа шийдвэр гаргажээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг “улс төрийн хэрэг” гэж тодорхойлоод 18 жил өнгөрсний дараа “гүйцэтгэгчид” гэх гурван хүнийг “гаргаж ирээд” тэдэнд ял оноосон. Тодруулбал, 20 орчим жил хэргийг мөрдөж, Улсын баатар Э.Бат-Үүл, талийгаачийн эхнэр Д.Булган нарыг яллагдагчаар татан байцаасан ч эцэст “малчин” Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар хөнөөсөн гэдэг нь хуулийн байгууллагынхны мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Энэ хэргийг Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооныхон 2000 оноос хойш ажигласан байна. Өөрөөр хэлбэл, хэрэг болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2000 онд тус хүний эрхийн холбоонд албан ёсоор өргөдөл очсон гэнэ. Түүнээс хойш Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооноос хоёр ч удаа Монголд ирж ажиллажээ. Мөн холбогдох хүмүүстэй ч уулзаж байсныг Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи онцлов. Түүний хэлж байгаагаар Парламентчдын хүний эрхийн холбоо гурав дахь удаагаа дээрх хэргээр Монголд ажиллаад буцахаар болсонтой холбоотой мэдээлэл хийсэн юм. Энэ уулзалтыг товыг энэ оны гуравдугаар сард Монголын холбогдох хүмүүстэй уулзаж тохиролцсон гэнэ.

Хатагтай Фавзиа Күүфи “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй. ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна” гэсэн юм.

Тэд Төрийн ордонд гишүүдтэй нэг бүрчлэн уулзсан бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өрөөгөөр ч ороод гарсан. Хачирхалтай нь, сэтгүүлчдээс асуулт хүлээн авахгүй гэдгээ тодотгож, яллагдагч нартай уулзаж чадаагүйгээс хэлсэн. Мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь мац нууцын зэрэглэлтэй байсан тул мэдээлэл олж авах амаргүй байснаа ч тодотгосон юм. Түүнчлэн энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд нээлттэй болгохыг холбогдох хүмүүст нь ч хэлснээ дурьдаж, энэ чиглэлээр ихэд найдлага тавьж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгалаа.

Хатагтай Фавзиа Күүфи тэргүүтэй хүмүүс энэ удаагийн айлчлалынхаа тайланг Хүний эрхийн хороогоороо хэлэлцэж, улмаар Олон улсын Парламентчдын Удирдах зөвлөлд танилцуулж шийдвэр гаргуулахаа мэдэгдлээ. Мөн энэ хэргийг цаашид ч анхааралдаа байлгах гэнэ.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгадаг аж.

ОУПХ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байсан.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!