Арилжааны банкуудад хугацаатай үүрэг өгчээ

0
275

Монголбанкнаас банкны активын чанарын үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Активын үнэлгээг Бүгд Найрамдах Чех улсад бүртгэлтэй, “PricewaterhouseCoopers Česká republika s.r.o” компани хийж дуусгажээ. Үнэлгээний ажилд нийт 230 гаруй үнэлгээний мэргэжилтэн, шинжээч, ажилтан  6 сарын турш оролцож ажилласан байна.

Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцэж байгаа аж.

Монголбанкнаас цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгавар банкуудад өгчээ. Арилжааны банкууд тухайн шаардлагыг 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагатай гэнэ.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай байна.

УИХ-аас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээж аваад байна. Хуулийн төслүүд батлагдснаар банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэр, шаардлага Олон Улсын стандартад нийцэж,  хадгаламжийн даатгалын тогтолцоо  бэхжин, банкны салбарын тогтвортой байдал хангагдах ач холбогдолтой гэдгийг Монголбанкныхан тодотгосон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!