ДОРНОГОВЬ АЙМАГТ ДАХИН ШҮЛХИЙ ӨВЧИН ИЛЭРЧЭЭ

0
651

Булган, Орхон аймгуудад гарсан шүлхий өвчинтэй зэрэгцэн Дорноговь аймагт дахин  дэгдэлт үргэлжлэлээ. Тодруулбал тус аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянд малын шүлхий өвчний шинж тэмдэг илэрснийг албаныхан дээж авч лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон байна.
Тиймээс хоёрдугаар сарын 20-нд аймгийн Онцгой комисс хуралдаж өвчин гарсан газарт хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэнэ. Өнөөдрөөс эхлэн Зүүнбаянд мал эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна.
Зүүнбаянгаас гадна тус аймгийн Эрдэнэ суманд малын гоц халдварт  шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юм.
Малын эмч нар зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд шүлхий өвчин илэрсэн байна. Тиймээс шүлхий өвчин малд зээрийн сүргээс халдварласан гэж албаныхан үзэж байна. Энэ жил зөвхөн Эрдэнэ сумын орчимд л гэхэд 10 гаруй мянган зээр нүүдэллэж ирсэн ажээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 03-наас хойш Дорноговь аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөр нийт 190 гаруй мал өвчилснийг устгасан аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!