Шинэ танхим, сонгуулийн дараахь У.Хүрэлсүхийн суудалтай хамт яригджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхээр нойргүй хонов. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийн дагуу кабинетаа бүрдүүлэх боломжтой ч тийм боломж хомс. Нам доторх фракциудын зодооноос үүдэлтэй хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй нь тодорхой.

Нөгөөтэйгүүр, Л.Оюун-Эрдэнэ намар гэхэд хоёр яам шинээр байгуулна гэсэн нь энэ Засгийн насжилтыг тодорхойлсон мэдэгдэл. У.Хүрэлсүх өнгөрөгч оны долдугаар сард Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах үеэрээ Соёлын яам байгуулж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ Эдийн засгийн үндэсний хөгжлийн яамыг он гараад байгуулна гэж байв. Иймээс 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаа явуулах виз өвөртөлж байлаа. Гэхдээ он гараад байгуулах яамныхаа оронд өөрөө огцров.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг Цахим хөгжлийн яамтай хамтад нь ирэх намар байгуулна гэсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар аравдугаар сарыг үзээд огцорно гэх олны яриатай давхцаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрх баригч намд хөдөлгөөн орох нь зайлбаргүй.

Одоогийн яригдаж байгаа хувилбараар У.Хүрэлсүх намын дарга хэвээр, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг толгойлно. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахыг хүсэгчдийн тоо цадигаа алдсанаас намын удирдлагуудын зүг чиг алдагдчихаад байгаа. Эмэгтэй гишүүд хүртэл 5 суудал нэхсэн.  

Уг нь Сү болон Миеэ-гийн фракцид давуу эрх олгохоор ярьж байсан ч татгалзсан байна. Гэхдээ хоосон байхгүй. Одоогоор С.Амарсайханыг Засгийн газрын гал тогооны ахлахаар томилох нь тодорхой болжээ.

Генсэкт энэ суудлыг санал болгосон ч тэрбээр татгалзсан. Түүний хувьд бүх яамдыг атгасан мэт эрх мэдлийг мэдрүүлдэг өнөөгийн албан тушаал нь үнэ цэнтэй байгаа. Үнэндээ 10 сарын настай Засгийн газарт багтсанаас генсэкийн тамгаа тэвэрч суух нь илүү байлгүй яахав. 

Шадар сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох магадлал өндөр. Эс бөгөөс Ж.Мөнхбат гэх хувилбар бий. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярын нэр яригдаж байсан ч шүүмжлэл хүчтэй өрнөх тул эмээсэн гэх. Улмаар Сангийн сайдын суудлыг Б.Жавхланд өгөхөөр тохиролцжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг өөрчлөх хувилбар яригдсан ч Ерөнхийлөгч болон У.Хүрэлсүх нарын тохиролцоонд савалгаа үүсч асуудал ээдрээтэй болсон. Түүний оронд Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар яригдаж буй ч найдлага бага.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд “Надад сайд болох сонирхол байхгүй” хэмээн мэдэгдсэн ч хүсэл, шуналаа дийлэхгүй генсэкийн үүд сахиж хоносон мэдээлэл байна.

Эхнэрээ, эсвэл өөрийн багаас хэн нэгнийг ЭМЯ-нд наачих гэсэн түүний санаархал салхинд хийсч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатар томилогдох гэнэ.

Зэрэг нэмэхийн өмнө гэгчээр сайдаар томилогдохын өмнөх өдрөө Т.Мөнхсайханд мадлуулж, хоосон хоцорсон нэгэн. Тиймээс энэ удаад өрсөлдөгчгүйгээр энэ суудалд тухлах нь.

Эх хүүхдийн асуудал, товчоон дээр амиа алдсан иргэний хойноос гашуудаагүй эмэгтэйчүүд энэ удаад суудал нэхэж, ил гарч ирсэн нь М.Оюунчимэгийн явуулга гэлцэж байгаа. Өөрийгөө эмэгтэй Нямдорж гэдэг тэрбээр УИХ-д улиран сонгогдсон төдийгүй байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай хэмээн төвийлгөж яваа. Тэгээд ч Сү-гийн фракцийн квотод багтаж байгаа гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад санаархаж байна.

Харамсалтай нь, тэр суудалд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Өнөрбаярыг Сү нь түлхсэн шуум бий. Харин генсэкийн хувьд урагшгүй ч гэлээ А.Ариунзаяагаа үлдээхээр гэдийж буй тул Г.Өнөрбаярыг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар илгээж ч мэдэх. Гэхдээ энэ суудалд одоогийн дэд сайд Г.Ганбаяр төдийгөөс өдийг хүртэл Д.Амарбаясгаланд зүтгэснийх хэмээн горьдож сууна.

Үлдсэн яамд хуучнаараа байх юм байх. Эмэгтэйчүүдийн квотыг барьж, намын хүүхнүүдээ уйлуулахгүйн тулд Гадаад харилцааны яамыг дэд сайд Б.Батцэцэгт өгөх яриа бас бий. Ийнхүү хоёр дахь ээлж хоолондоо орохоор хөл нь газар хүрэхгүй сууна.

Шинэ Засгийн бүтэц дээр шөнөжин нойргүй хонож буйн шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах Засгийн газрын тэргүүн болоод танхимын тохироог давхар хийсэн гэнэ.

Төрийн тэргүүний сонгуульд ялсан ч, ялагдсан ч У.Хүрэлсүхийн орон зай гарна. Тэр ялалт байгуулж чадвал Хэнтийд нөхөн сонгууль явуулах төдийгүй намын даргын сунгаа өрнөнө. Ялагдвал хариуцлага хүлээж мөн л намын даргын дээлээ тайлна. Аль нь байсан ч тэр дээлтэйгээ удаан явахгүй. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар амалсан хоёр яамаа байгуулж чадалгүйгээр огцорч, гурав дахь ээлж хоолондоо орно. Энэ зураг урд шөнө давхар зурагджээ.

Үүнийг Л.Оюун-Эрдэнийн үгэн дэх “Цар тахлын дараа” гэх хавчуургууд нотлоод байгаа.

Цар тахлын нөхцөл байдал одоогийнхоос дордох магадлал өндөр байгаа тул шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар туйлдана. Ядаж байхад туршлага, мэдлэг хомс шинэ сайдуудаас бүрдэж буй нь 10 дугаар сар хүргэнэ гэлцэх Засгийн газрыг тэр хүртэл тэсч чадах эсэхийг тодорхойлоход бэрх болгож байгаа юм.

Орчуулах »