Төрийн албыг цомхон болгох ажлыг дарга нараас эхлэх боломжтой

Манай улсын нийт төсвийн дөрөвний нэг хувийг төрийн албан хаагчдын цалингийн зардал эзэлдэг. Үүнд төрийн үйлчилгээг зайлшгүй залгуулах шаардлагатай эмч, цагдаа, багш зэрэг жирийн албан хаагчдаас гадна дарга нарын өндөр цалин, хангамж багтаж байгаа юм. Иймээс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах томоохон зорилт дэвшүүлсэн бөгөөд зардлыг бууруулах нэг алхам нь төрийн албыг чадварлаг цомхон болгох явдал билээ. Өнөөгийн байдлаар манай улсад нийт 183 мянга орчим төрийн албан хаагч байна. Үүнээс 120-30 мянга нь жирийн албан хаагч, харин 40-50 мянга нь дарга нар аж. Мөн алдагдал нь ашгаасаа хэд дахин хэтэрсэн 100 гаруй төрийн өмчит компанийн асуудал бий. Төрийн албан хаагчид, төрийн компани ч бай олон нийтийн хөрөнгөөр тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хяналтын зөв механизм хэрэгжүүлж явахгүй бол эрх мэдлээ ашиглаж бусдын хөрөнгийг шамшигдуулах магадлал өндөр. Үүнээс үүдэлтэйгээр төрийн алба хэт нүсэр болж, татвар төлөгчдийн мөнгийг сорон мөлжиж байна гэх шүүмжлэлийг дагуулж ирсэн.

Төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Тухайлбал, төрийн албан  хаагчдын   тоо байвал зохих хэмжээнээсээ 30-40 мянгаар хэтэрсэн тухай МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн. Сүүлийн 10 орчим жилд намууд засгийн эрхэнд олонхи болж гарч чадаагүй. Иймээс олон намын бүх хүнийг багтаах гэж хүчээр төрийн удирдлагын тоог өсгөсөн хэмээн тэрбээр оношилсон. Өөрөөр хэлбэл, Засгийн эрхэнд гарсан намууд бие биенийхээ хүнийг төрийн албанд тавихын тулд ийн хошуурсан нь төрийн алба дахь удирдлагын бүтцийг нэмжээ. Үүнд удирдлагын бүтэц гэдгийг тодотгож байгааг анзаарах учиртай. Өнгөрсөн жилүүдэд жирийн албан хаагчдаас илүү дарга нарын тоо олон болсон. Тухайлбал, 2014 онд Ч.Сайханбилэгийн засгийн газарт бүх нам хамтарч байгаа гэдгээр дэд сайдын суудлыг ч бас хувааж авсан. Энэ дагуу МАН долоо, АН зургаа, Шударга ёс эвсэл гурав, ИЗНН нэг дэд сайдыг Засгийн газарт ажиллуулахаар болсон. Ингэснээр 15 яаманд 17 дэд сайд ажиллуулахаар болж зуун хувийн саналаар батламжилсан. Бүр болоогүй Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болон Эрүүл мэнд, спортын яаманд тус бүр хоёр дэд сайд томилж байлаа. Иймээс төрийн удирдлагын тоог 30-40 мянгаар цөөлөхөд харшлах зүйл байхгүй гэдгийг Б.Лхагважав хэлсэн.

Зарим хүн төрийн удирдлагын албан тушаалтнуудыг шууд цөөлөх ёстой хэмээж байхад нөгөө хэсэг нь хяналтын механизм бий болгох учиртайг хэлж байна. Энэ талаар Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Бусдын өмч хөрөнгөөр бусдын ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд олон нийтийн засаглал болдог. Уг зарчмыг манай төрийн байгууллагууд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Би 180 мянган төрийн албан хаагчаас хасч 130 мянга болгох ёстой. 30-40 мянгаар илүүдсэн гэж хэлэхэд төвөгтэй. Яагаад гэвэл амьдрал баялаг. Төрийн үйлчилгээ ард түмэнд жигд хүрэх ёстой. Тэгэхээр төрийн байгууллага болгон өөрсдөө олон нийтийн засаглалд нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу, үгүй юу гэдэг үнэлгээний систем баймаар байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар төрийн байгууллагууд хууль дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх, засаглалын найман зарчмыг мөрдөж чадаж байна уу гэдгийг тодорхой стандартчилсан шалгуураар үнэлээд олон нийтэд танилцуулдаг байвал сайн. Ингэвэл ядаж ажлаа хийдэггүй, хариуцлагагүй төрийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох боломжтой болно. Олон нийт ажлыг нь үнэлэх боломжтой болбол илүү хариуцлагатай ажиллахаас өөр аргагүй шүү дээ.

Бид үнэлэх бүрэн эрхтэй. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр төрийн байгууллагууд ажиллаж байгаа. Тиймээс хяналтын механизм хэрэгтэй байна. Мөн төрийн байгууллага өөрсдөө ч ил тод байх санаачилга гаргаж хангаж ажиллах ёстой. Шилэн дансны хууль гарсан. Өнөөдөр уг хуулийг мөрдөж байгаа төрийн байгууллага хэд байна. Маш цөөн. Иргэдээс мэдээлэл аваад үүнийг нь ажилдаа тусгаад ягштал мөрдөж, олон нийтэд тайлагнах асуудал хэр байна. Бас л хэцүү. Төрийн байгууллага тайлангаа олон нийтэд мэдээлдэг, ойлгуулдаг, хариуцлага тооцдог асуудал хэр байна вэ. Энэ мэтээр асуухад төрийн байгууллага олон нийтийн засаглалын зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байна” хэмээсэн.

Ямартай ч Засгийн газар төсвийн алдагдлыг 2022 он гэхэд хоёр хувьд хүргэхийн тулд төсвийн зардлын хамгийн том массыг эзэлж байгаа төрийн албан хаагчдыг цөөлөхөөс өөр аргагүй. Ингэхдээ удирдах албан тушаалтныг түлхүү цөөлөх шаардлагатай гэдэгт олон хүн санал нэгдэж байна. Эмч, багш, цагдаа зэрэг албан хаагчдын тоо хэвийн байгаа хэмээн ойлгож болох аж. Тэгээд ч төрийн албанд гарсан нөхөд намынхан, найз нөхөд, ах дүүсээ аль болох удирдах албан тушаалд тавихыг хичээдэг нь жам. Тиймээс цомхотголыг дарга нараас хайх нь оновчтой сонголт хэмээж байна. Төрийн алба цомхон чадварлаг болж, ард түмэнд бүрэн хяналтаа шилжүүлснээр зөвхөн төсвийн зардал буураад зогсохгүй олон үр ашигтай. Хамгийн гол шударга нийгэм бүрэлдэж бий болно. Төрийн алба хяналттай болж авлига, арын хаалга багасна. Мэдээж энэ нь бизнесийн салбарыг хөгжүүлж, улс орны хөгжлийн бат бөх үндэс суурийг бэхжүүлэх билээ.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!