Д.Сумьяабазар: “НИК”-ийг хувьчлах нь буруу байсан

0
90

Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

Шатахууны хэдэн  хоногийн нөөцтэй байгаа вэ?

2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 97, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна. Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, эерэг нөхцөл байдал үүснэ.

Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн байна. Үнийн бодлого цаашид ямар байх вэ?

Шатахуунтай холбоотой үнийн асуудал жил бүр яригддаг. Бид хүчгүй юм шиг байна. Манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй. Манайх шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын тоглолтод орчихоод байна. 2004 онд “НИК” компанийг хувьчлах нь буруу байсан.

Роснефтьтэй хийж буй уулзалтын үр дүн гарсан уу?

Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.

“Оюутолгой” компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Монголын тал хэзээ ногдол ашигаа авах вэ?

66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. Ногдол ашигаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа.

“Оюутолгой” компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

Татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!