Эксийн “халаасан” дахь Б.Тулга

0
365

Э.Эрдэнэжамьяан МАХН-ын дэд дарга болж, Б.Тулга гал тогоог нь хариуцахаар болов. Үхэшгүй мөнхийн хэмээн нэрлэгдэх болсон Н.Энхбаярыг тэргүүндээ залж, тахин шүтэхээ бататгаж, гал тогоон дахь зарим эрхмийг дээш доош нь болгосноор МАХН-ын Их хурал өндөрлөсөн. Товчхондоо, хуучин удирдлагууд нь суудалдаа үлдэж, О.Баасанхүүг дахин дахин хөөснөөс өөр зүйлгүйгээр өндөрлөв.

Хэн Н.Энхбаярт үнэнч зүтгэнэ тэр хүн дээшээ ахина. Ийм шалгуур, үзүүлэлтийн дагуу Б.Тулга дэвшиж, гал тогооны ахлагч болов. Намын дарга Н.Энхбаярынхаа туслахаар олон жил ажилласан, баруун гарынх нь хүн. 2001 онд сургуулиа төгсөж, нэг жил багшилчихаад 2002 онд МАХН-д мэдээлэл технологийн ажилтнаар ажилд орж байсан аж. Тухайн үед Н.Энхбаяр намын байраар орж гарахдаа технологийн янз бүрийн ажлыг түүнд даалгадаг байжээ. Улмаар 2004 оноос эхлэн туслахаараа ажиллуулах болсоноор түүний улс төрийн гараа эхэлсэн гэж хэлж болно.

Өмнөх сонгуулиар МАХН-МҮАН-ын Шударга ёс эсвэл Засгийн газрын хаяа бараадахад мань хүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажлаад амжсан юм.

Үнэндээ тэрбээр Н.Энхбаярын буянаар сайн, муу хамаг бүхнийг нь үүрч, туулж яваа нэгэн. “Эзэн”-ээс нь болж түүний төрсөн ах Б.Хуягийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Б.Хуяг нь “Хар дун” компаний захирал байсан бөгөөд “Өргөө” зочид буудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын зааврын дагуу хууль бусаар менежментийн хувьчлал хийсэн гэх хэрэгт холбогддог. Энэ хэрэгт холбогдуулан Б.Тулгыг хүртэл цагдан хорьсон удаатай. Ямартаа л мань хүн ахыгаа аврахын тулд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгож билээ. Харамсалтай нь, халдашгүй дархан эрх нөмөрч чадаагүй. Магадгүй дараа дараагийн сонгуулиар ч нэр дэвших биз. Тиймдээ ч Н.Энхбаярын халаасанд өнөөдрийг хүртэл “хадгалагдаж” яваа гэлтэй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!