Г.Шийлэгдамба нарын хэргийг хэлэлцэж шийдвэрлэжээ

0
459

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын яамны сайд асан Г.Шийлэгдамба,Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг, мөн О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж дуусчээ. Өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Г.Шийлэгдамбыг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн бол Г.Ганчимэгийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жил хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Харин О.Даваасүрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил 6 сар хорих ял, Э.Гантулгыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасч, 14 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна. Шүүгдэгч Г.Шийлэгдамбад оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулах заалттай байсан нь 2015 онд шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан  хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8  жил болж хөнгөрсөн байна. Иймд шүүгдэгч Г.Шийлэгдамбад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зөв хэмээн үзэж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгож ялыг өөрчилжээ. Харин бусад шүүгдэгчдийн ялын тогтоолыг хэвээр үлдсэн байна. Эрүүгийн хуулийн 268.1-д “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 268.2-т “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!