Хятад яагаад цэргийн төсвөө нэмэгдүүлсээр байна вэ

0
389

БНХАУ-ын батлан хамгаалахын шинэ төсвийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит чуулганаар хэлэлцэн батлах гэж байна. Хараахан батлагдаагүй байгаа ч 145 тэрбум ам.доллар хэмээн урьдчилсан байдлаар зарласан мөнгөний хэмжээ аль хэдийн дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж эхэлжээ. Хэдийгээр хэмжээний хувьд дэлхийд хоёрт орох цэргийн төсөв хэдий ч энэ үзүүлэлтээрээ итгэл төгс тэргүүлдэг АНУ-ынхаас бараг дөрөв дахин бага тоо. Ерөнхийлөгч Обама Конгрессоос 2016 онд цэргийн зардалд 585 тэрбум ам.доллар хуваарилахыг хүссэн юм. Хятад чухам юуны учир ийнхүү батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болсон талаар “Пятый этаж” нэвтрүүлгийн хөтлөгч Александр Кан Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн доцент, хятад судлаач Владимир Корсунтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

А.К.: Хятадын цэргийн зардал сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байгаа болохоор үүнд шинэ зүйл байхгүй юм шиг санагдаж байна. Гэтэл сүүлчийн мэдээлэл ийнхүү олны анхаарал татах болсон шалтгаан юу юм бол?

В.К.: Дэлхийн хөгжил өнөөгийн хэв загвараар цааш үргэлжилбэл хүн төрөлхтөн ирээдүйд нөөц баялгийн төлөө хүчтэй тэмцэл өрнөх болно гэдгийг Хятад сайн мэдэж байгаа нь ойлгомжтой. Сүүлийн үед Орос болон барууныхны хооронд үүсээд буй зөрчилдөөн үүнийг бүр ч тодорхой болгож байна. Гэхдээ Хятадын энэ оны батлан хамгаалах зардлын өсөлт өмнөх жилийнхээс арай бага байгаа юм. Өнгөрсөн онд өсөлт 12.2 хувь байсан бол энэ жил 10 болжээ. Өнөөдөр Алс Дорнодод өөрсдийн цэргийн төсвөө байнга нэмж байгаа Хятад, Орос гэсэн хоёр их гүрэн бий. АНУ-ын хувьд 2010 онд зарласны дагуу цэргийн зардлаа буруулж, 2011 онд 711 тэрбум болсон. Цаашид ч бууруулж, арван жилийн хугацаанд хоёр дахин багасгах ёстой.

-Хятадын цэргийн зардал энэ улсын ДНБ-ний өсөлтөөс илүү хурдтайгаар нэмэгдэж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Өнөөгийн байдлаар ДНБ-ний өсөлт зургаан хувьтай байгаа бол цэргийн зардлын өсөлт 10 хувь гэж зарласан. Энэ ялгаа жилээс жилд өссөөр байна?

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хятад Өмнөд туйлаас авахуулаад дэлхийн бөмбөрц­гийн янз бүрийн бүс нутагт нөөц баялгийн төлөөх тэмцэлд ороход бэлэн болж. Үүний тулд Хятадыг далайн гүрэн болгох зорилт тавьж, агаарын цэргийн хүчээ зузаатгаж байна. Цэргийн дүргэмт хувцас, техник хэрэгслийг улам сайжруулж байгааг дурьдах хэрэгтэй. Энэ бүхэн цэргийн зардал хурдтай өсөн нэмэгдэж байгаагийн эхний шалтгаан юм.

-Нэмэгдэж буй энэ их төсөв мөнгийг чухам юунд зарцуулах гэж байгааг мэдэх боломжтой юу. Шинэ зэвсэг, техник худалдаж авах, тэдгээрийг шинэчлэн сайжруулахад зарцуулах байх гэсэн яриа байсан?

Барууны шинжээчид хятадуудын зарласан тоог хоёр дахин нэмэгдүүлж ойлгох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр албан ёсоор 145 тэрбум ам.доллар гэж зарласныг хоёроор үржүүлэхэд бодит тоо гарах бөгөөд Америкийн түвшинд нэлээд ойртож очино гэсэн үг. Энэ их хөрөнгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, зэр зэвсэг бүхий орчин үеийн хүчирхэг армитай болоход зарцуулах нь ойлгомжтой. Мэдээж хамгийн их мөнгийг тэнгисийн болон агаарын цэргийн хүчинд зарцуулна. Мөн шинжлэх ухааны судалгаа, зохион бүтээлт, туршилт, цэргийн шинэ технологи бүтээх үйл ажиллагаанд ихээхэн хөрөнгө хаяж, гадаадаас зэвсгийн шинэ загвар худалдан авч, өөрийн зэвсэглэлийг дэлхийн түвшинд хүргэхийг эрмэлзэх болно.

-Үүнийг Хятадын дотоод улс төрийн бодлогод цэргийнхний үүрэг роль өсөн нэмэгдэж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу. Нөгөө талаас Хятадын шинэ удирдагчийн эхлүүлсэн авлигын эсрэг кампанид цэргийнхэн ч өртөж байгаа. Даваа гарагт авлига авсан хэргээр мөрдөн шалгагдаж байгаа 14 генералын нэрийг олон нийтэд зарласан. Хятадын улс төр болон цэргийн элит бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл цэргийн төсвийн өсөлтөд нөлөөлж байна уу?

Хятадын уламжлал ёсоор цэргийнхний үүрэг роль хамгийн доод түвшинд байжээ. Харин ХХ зуун “винтов эрх мэдлийг авчирдаг” гэсэн уриан дор өнгөрч, цэргийнхний байр суурь өссөн. Гэхдээ 1978 онд эдийн засгийн шинэчлэл эхлэх үед тариачны хүүхдүүдийг цэрэгт татах тал дээр ихээхэн бэрхшээлтэй тулгарчээ. Учир нь шинэчлэлийн хүрээнд баяжих боломжтой байсан тул залуус цэрэгт явж цаг алдахыг хүсэхгүй байсан юм. Мөн 1989 онд Тяньаньмынийн талбайд болсон үйл явдлын дараа зэвсэгт хүчний байр суурь дахин өсч, цэргийн дүрэмт хувцас өмсөх нь дахин моодонд орсон. Гэвч одоо цэргийнхний үүрэг роль буурч байна. 1999 онд армид бизнес эрхлэхийг хориглосны дараа бүр ч муудсан. Харин шинэ удирдлага авлигатай хатуу тэмцэнэ гэх зэргээр олон чиглэлд популист бодлого явуулж байна. Хүчний байгууллага болон хий-газрын тосны салбарыг гартаа атгаж байсан Чжоу Юнканы хэрэг ихээхэн шуугиан тарьсан. Түүнийг долоон тэрбум ам.долларын авлига авсан хэрэгт буруутгаж байгаа.

-Бээжингийн цэргийн төсвийн өсөлт бүс нутгийн хувьд ямар нөлөөтэй вэ. Хятадын араас Япон, Энэтхэг зэрэг энэ бүс нутгийн улсууд цэргийн зардлаа нэмэгдүүлж байна. Тэд бүгд Хятадтай газар нутгийн маргаантай. Тэгэхээр энэ нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй?

Тийм ээ, ийм эрсдэл их байна. 1980-аад оноос эхэлж, бүр ЗХУ задрахаас өмнө Зүүн өмнөд Ази зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгө, түүний өсөлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж эхэлсэн. Өнөөдөр энэ үзүүлэлтээр Тайвань толгой цохиж байна. Японы парламент жил бүр зэвсэглэлд 60 тэрбум орчим ам.доллар хуваарилж байгаа нь Хятадыг ихээхэн түгшээх болсон. Япончууд цэргийн гол аюул занал Хятадаас ирнэ гэж үздэг. Бүс нутгийн байдал ийм байна. Энэ бол маш аюултай.

-Орос үүнд хэрхэн хандах ёстой вэ. Орчин үеийн геополитикийн зургаас харахад Оросын гол дайсан нь АНУ болон НАТО. Харин Хятадыг холбоотон гэж үздэг. Хятад ийнхүү цэргийн зардлаа нэмэгдүүлж байгаа нь Москвагийн санааг зовоох зүйл мөн үү?

Шинэ зууны эхээр Оросын эрдэм шинжилгээний олон хүрээлэнд ирээдүйн талаар таамаглал гаргах үүрэг өгсөн. Үнэмлэхүй олонхи шинжээч ирээдүйд АНУ болон Хятадын хооронд сөргөлдөөн гарах нь гарцаагүй гэсэн таамаг дэвшүүлсэнтэй холбогдуулж Орос чухам ямар байр суурь баримтлах вэ гэсэн асуулт урган гарчээ. Хамгийн ухаалаг нь толгод дээр сууж хоёр барын тулааныг хардаг сармагчингийн байр суурь гэж үзсэн юм. Гэвч таамаг батлагдсангүй, байдал огт өөрөөр эргэлээ.

-Ухаалаг сармагчин нь Хятад болж хувирсан уу?

Украин, Оросын эсрэг хоригийн асуудлаар Хятад төвийг сахисан байр суурь баримталж байгаа болохоор АНУ, Хятадын хоорондох зэвсэгт сөргөлдөөний талаар ярих шаардлага одоогоор алга. Түүхч Найл Фергюсоны дэвшүүлсэн “Чаймерика” гэдэг ойлголт аажмаар бодит байдал болж байна. Энэ лууны сүүл нь Хятадын тосгонд, харин толгой нь Уолл-стритэд байх бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!