Т.Мөнхсайхан тэргүүтэй огцорсон сайдууд тусгаарлагдах уу?

2021-01-25
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.01.25-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 7065 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Тэдгээрийн нэг нь Эрүүл мэндийн яамны ажилтан гэнэ. Тус ажилтны PCR шинжилгээний хариу батлагдсан тул яамны нийт албан хаагч болох 128 хүнээс шинжилгээ аваад байна. Улмаар удирдах албаны 5 хүнийг тусгаарлаж, 28 ажилтныг гэрийн ажиглалтад хянаж байгаа гэнэ.

Халдвар илэрсэн ажилтны вирус тараах идэвхтэй, далд үеийн хугацаанд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ид ажлаа хийн харьцаж байсан тул Т.Мөнхсайхан болоод огцорсон Засгийн газрын сайдууд нэг, хоёрдугаар хавьтлууд болж таарч байгаа юм. Ялангуяа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар хамгийн ойрын хавьтагчдын нэг гэнэ.

Т.Мөнхсайхан сайд асан тусгаарлагдсан эсэх тодорхойгүй ч тусгаарлагдсан 5 ажилтанд Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар багтсан гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 814 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »