Ялагдлаа хүлээдэггүй Н.Энхбаяр ямар тохироогоор АН-ын жагсаалд оролцов

0
662

-Ганц суудал ганзагалж ирсэн О.Баасанхүүгээ хөөсөн МАХН-ын Их хурал хэрхэн өрнөх бол-

Н.Энхбаяр суудлаасаа огло харайн босч ирэв. Нүүр нь мэнчийтлээ улайж, уурандаа шатав бололтой “Чи намайг шоронд хийлгэсэн, одоо ч гэсэн хийх санаатай яваа” хэмээн үгийн муухайгаар дайрч гарав хэмээн УИХ-ын Д.Тэрбишдагва “Зааг” номондоо бичсэн байдаг. 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд болсон эл үйл явдал Н.Энхбаярын хувьд өдөр бүр болж байсан гэлтэй. Учир нь Н.Энхбаяр МАХН хэмээх малгайг өмчилж авахад олон ч хүн түүнд итгэл үзүүлэн дагаж очсон. Харамсалтай нь, өнөөдөр нэг нь ч үлдсэнгүй.

МАХН-ын Их хурал өнөөдөр өглөө эхэллээ. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Хурлаар намын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэвч энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Түүнийг МАХН-аас хөөсөн гэнэ. Мөн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан МАХН-ын II Их хуралд оролцсон намын гишүүдийг ч мөн энэ удаагийн хуралд оруулаагүй аж. Тухайн үед хуралдсан Их хурал хууль ёсны дагуу байсан бөгөөд гурван ч шатны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн намын удирдлагууддаа хариуцлага тооцсон гэдгээ хурлын гадна үлдсэн гишүүд хэлж байлаа. Тухайлбал, МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “Энд тэндээс мөнгө өгч цуглуулсан хүмүүсийн цуглаан болох гэж байна. Жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, санал санаачилгаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, МАХН гэсэн нэрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглахын тулд яахаас ч буцахгүй үйлдлийг удаа дараа хийж байна. УИХ-ын ганц гишүүнээ хүмүүс явуулж зодуулсан, намаас хөөсөн гэсэн яриа гаргасан. Тэгээд улсаас олгодог 10 сая төгрөгийг авч идсэн. Бас саналын мөнгө болох 120 сая төгрөгийг аваад тэр мөнгөөрөө хурал хийх гэж байна” гэсэн юм.

Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Монгол Улсын 21 аймаг, бүх сум нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгчидтэй МАХН-ын хоёрдугаар их чуулган болох гэж байна. Бид их чуулганд оролцох хүмүүсээ нууцаар автобусаар зөөж тусгай хамгаалалтын доор хүчээр хийхгүй, ард түмнийхээ өмнө нээлттэй хуралдана. Гол зорилго нь төрийн дээд эрх мэдлийг ард түмэнд өгөх, түүхэн чухал чуулган болно. Өнөөдөр төрийн дээд эрх мэдлийг хэдхэн гэр бүл л барьж байна. Мөн их чуулганаар мөрийн хөтөлбөрөө тунхаглан батална. Шинэ дээд үндсэн хуулиа дэмжүүлж баталгаажуулах болно” хэмээсэн.

Үнэндээ МАХН ганц хүний нам болж хувирсан гэх шүүмжлэл үнэний ортой юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАХН ганц суудалтай үлдсэн. Өмнөх парламентад бүлэг байгуулан ажиллаж байсан намын хувьд том ялагдал. Орон нутгийн сонгуулиар үсгүй болтлоо хусуулсан ч гэж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж, ялагдал хүлээсэн. Тэр бүү хэл, гадны иргэнээс хандив авсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, хэргээ ч хүлээсэн гэх мэдээлэл бий. Точвхондоо, Н.Энхбаяр бүхий л тулаанд ялагдсан. Дүрмийн дагуу тэр тахимаа өгч, чимээгүйхэн хойш суух учиртай.

МАН, АН-тай өөрийн намаа жиших дуртай Н.Энхбаярт энэ зэргийн зангараг баймаар. Үгүй ядаж, ИЗНН-ын удирдлагууд болох С.Оюун, М.Хүрэлбаатар нар хүртэл ялагдлаа хүлээж тахимаа өгөөд, дараагийн хүнээ сонголоо. Гэвч нэгэн үе Монголын эзэнт гүрний эзэн мэт аяглаж явсан Н.Энхбаярт ийм зангараг дутав.

Хоёрдугаар сарын 1-нд болсон жагсаалын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, тохироо хийсэн гэж байгаа. Улмаар АН-ын жагсаалыг дэмжиж, хариуд нь “агт” хүссэн. Тохиролцооны дагуу Ц.Оюунбаатар тэргүүтэн жагсаалд оролцсоныг бид харсан шүү дээ. Түүний эрх ашигт нийцэж байвал чөтгөртэй нөхцөхөд ч бэлэн аж. Ямартаа 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй номыг харуулж, Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлбэл долдугаар сарын 1-нд уучлал үзүүлэх тохироо хүртэл хийсэн байдаг. Харин тэрбээр эдүгээгийн Ерөнхийлөгчтэй ямар тохироо хийсэн болоод тэдний намаас зохион байгуулсан жагсаалд оролцсон байхав. Монголд нууц гэж байддаггүй хойно, тун удахгүй тэдний хэлэлцээ ил болох биз. Юутай ч парламентад ганц суудал ганзагалж ирсэн О.Баасанхүүгээ хөөсөн тус намын Их хурал хэрхэн өрнөж, төгсөх нь олны анхаарлыг татаж байна.

Л.НИНЖСЭМЖИД

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!