Д.Сарангэрэл: Жилд 500 гаруй бяцхан үрсээ автомашины ослоор алдаж байна

0
216

Эрүүл мэндийн салбарын хоёр өдөр Төрийн ордонд чууллаа. “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриан до явагдсан салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөнөөр хийж хэрэгжүүлсэн ажил, салбарт нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаар тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд энэ салбарт чамлахааргүй ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулсан. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталж, “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний хүрээнд Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 2346 эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан, ажлын байрны үнэлгээг хийж дуусгав. Үнэлгээний үр дүнд “Эрүүл мэндийн салбарын Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан, шинэчлэх боломж бүрджээ.

Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх, ховор тохиолддог өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан гадаадад гарах мөнгөн урсгал, санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэлийн дагуу 23 чиглэлээр 81 эмч, мэргэжилтнийг багаар нь өндөр хөгжилтэй оронд сургалтанд явуулж эхэлсэн байна.

Эрхтэн шилжүүлэх хагалгааны зардалд улсын төсвөөс 700.0 сая төгрөг батлуулж, элэг шилжүүлэх хагалгаа 5, бөөр шилжүүлэх хагалгаа 9, ясны чөмөг шилжүүлэх хагалгаа 3, нийт 17 хагалгааг амжилттай хийж, хагалгааны дараах эмчилгээг эхлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэн, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулав. Ингэснээр 2018 оны төсөвт өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Анхан шатны тусламж үйлчилгээг дэмжиж Эрүүл мэндийг дэмжих сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 8 сая 50 мянган төгрөг хуваарилсан. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга, Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын 10 ортой сумын эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орсон. 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, зуд, байгалийн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор сумын эрүүл мэндийн төвд нийт 43 автомашин олгосон гэхчлэн Д.Сарангэрэл сайд ажлаа авсанаасаа хойш хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм.

Эрүүл мэндийн даатгалаас олгох хөнгөлөлттэй эмийг ахмад настнуудад чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн, Хавдар судлалын үндэсний төвд сүүлийн үеийн компьютер томограф-ийн аппарат суурилуулж, тус эмнэлэг элэгний хавдартай өвчтөнд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.“Монгол импекс” компанитай хамтран элэгний С вирусын эмчилгээний “Ледвир” эмийн иргэдэд оногдох зардлыг тэглэж, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор нэмэлт ор дэлгэх, эхо болон утлагын аппарат бусад тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн мөнгийг Засгийн Газрын нөөц хөрөнгөөс 2.4 тэрбум төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд салбарынхан ч талархалтай хандсан юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 20 тохиолдол /Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг болон Улаанбаатар/ бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.7 пунктээр буурчээ. Хэдийгээр эхийн эндэгдлийн тохиолдол буурсан ч энэ чиглэлд анхаарах шаардлагатайг дээрх тоо баримт харуулж байгааг салбарын сайд илтгэлдээ дурьдсан. Нэг хүртэлх насны хүүхдийн 1009, тав хүртэлх насны хүүхдийн 1244 эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эндэгдэл өмнөх онтой харьцуулахад буурсан  ч  /Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд  Хөвсгөл, Хэнтий/ зэрэг зарим аймагт улс, аймгийн дунджаас өндөр байгаа аж.  Хүүхдийн эндэгдлийн хувьд сэргийлж болох, тухайлбал, осол гэмтлээс үүдэлтэй эндэгдлийг эрс бууруулах боломжтойг судалгааны дүн харуулсан байдаг. Жилд 500 гаруй бяцхан үрсээ зөвхөн автомашины ослоор алдаж байгаа гашуун мэдээлэл байна. Осол гэмтлээс сэргийлэх чиглэлд эцэг, эхийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллах нь чухал. Үүнд та бидний манлайлал, идэвхи зүтгэл ихээхэн чухал болохыг ч тэрбээр онцолсон.

ДЭМБ, олон улсын хамтарсан экспертүүдийн манай улсад хийсэн судалгаагаар 40-65 насны 700 гаруй мянган иргэн байгаагийн талаас илүү нь архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр даралт ихсэх, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдэж эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох магадлалтай байгаад одооноос анхаарч урьдчилан сэргийлэх  шаардлагатайг салбарынхандаа анхааруулсан.  Өнгөрсөн онд хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 20 орчим хувийг харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлжээ. Эрүүл мэндийн 2017 оны статистик мэдээллээр хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижинг илрүүлэх үзлэг 60-70 орчим хувь байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх үзлэг  30 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. /Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт энэхүү үзүүлэлт доогуур байна/.

2017 онд 28 төрлийн 44300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдлээ. 2016  онтой харьцуулахад энэ тоо 20 шахам мянгаар буурчээ. Улаан-бурхан өвчний дэгдэлт буурсантай холбоотой халдварт өвчин ийнхүү буурсан ч цусан суулга, рикетсиоз буюу хачиг, шавьжаар дамжсан халдвар, салхин цэцэг, тэмбүүгийн тохиолдол нэмэгджээ.

Халдварт өвчний дунд БЗДХ, Сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөр байна. Ялангуяа өвчлөл 20-35 насны залуучуудын дунд өндөр байгаа нь энэ өвчний талаарх ойлголт, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, залууст хүрэх тэрхүү арга барилаар зохион байгуулах,сургагч багш бэлтгэх, үе тэнгийн залуусын манлайлал, үлгэр дууриаллаар дамжуулан хийх нь зүйтэй. БЗДХалдвар нийт халдварт өвчинд 40 гаруй хувийг эзэлж байгаад дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстойг ч салбарынхандаа анхааруулав.

Гол нь өвдсөн хойно нь бус урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллах шаардлага бийг тодотгосон. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага  зэрэг бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанаас 25 хувь нь, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнаас 10-15 хувь нь,  төрөлхийн болон удамшлын хүчин зүйлээс 5 хувь нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлан тогтоосон байдаг. Иймд хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдээ, ажил олгогч бүр “үнэт капитал” болсон хүнээ, орон нутгийн удирдлагууд орон гэргүй, ядуу, эмзэг бүлгийн иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилт болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн яам уриаллаа.

Монгол Улсын бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ. “Эрүүл шүд – эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж улмаар шат дараатай ашиглалтад оруулна.Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлнэ. Эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулна гэдгээ энэ үеэр Д.Сарангэрэл сайд хэлсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!