“Есдүгээр сарын 11-ний халдлагыг Саудын Араб санхүүжүүлсэн” гэв

0
168

2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанд оролцсон хэргээр АНУ-д хоригдож буй Закариас Муссауи “эдгээр халдлагыг Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд санхүүжүүлсэн” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Саудын Арабын “нөлөө бүхий” албаны хүмүүс, тэр дундаа тус улсын тагнуулын албыг толгойлж байсан ханхүү Турки Фейсале Аль Сауде энэ хэрэгт холбоотой гэнэ. Америкийн Колорадо мужийн шоронд ял эдэлж байгаа Муссауигийн баталж байгаагаар ханхүү болон өндөр албан тушаалын саудчууд 1990-ээд оны сүүлчээс “Аль-Кайда”-г санхүүжүүлж эхэлжээ. Саудын Арабын бие төлөөлөл энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж, “хэн ч итгэх аргагүй сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтний үг” гэж нэрлэсэн байна.
Нью-Йорк, Вашингтонд үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Арабын эсрэг гомдол гаргасны дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас Закариас Муссауи өмгөөлөгчдөд мэдүүлэг өгч эхэлсэн юм. Саудын Арабын нэрийн өмнөөс ажиллаж буй хуульчид шүүх хуралдааны ажиллагааг зогсоохыг оролдсоны хариуд түүний гэрчийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаснаар олон нийтэд ил тод болжээ. Муссауи АНУ-д элчин сайдын яаманд ажиллаж байсан Саудын Арабын нэгэн албан тушаалтантай Афганистанд уулзсан хэмээн баталж байгаа юм. Дараа нь тэрбээр түүнтэй хамт Вашингтон явж, Ерөнхийлөгчийн онгоц руу пуужингийн дайралт хийхэд тохиромжтой газрыг сонгох байсан гэж мэдүүлжээ.

“Аль-Кайда”-гийн мөнгө

Марокка гаралтай, Фран­цын иргэн Закариас Муссауи 2001 оны есдүгээр сарын алан хядах ажиллагаа болохоос хэдэн долоо хоногийн өмнө Америкийн цагаачлалын хуулийг зөрчсөн хэргээр баривчлагджээ. Халдлага болох үед Муссауи шоронд байсан аж. Мөрдлөгөөр түүнийг алан хядах ажиллагаа болохоос сар гаруйн өмнө Миннесота мужид онгоц жолоодох хичээл заалгаж, мөн түүний данс руу “Аль-Кайда”-г дэмжигчдээс мөнгө шилжиж ирснийг тогтоожээ.
Закариас Муссауи шүүх хуралдааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир 2001 оны арванхоёрдугаар сард түүнийг есдүгээр сарын 11-ний халдлагын бэлтгэл ажилд оролцсон хэрэгт буруутай гэдгийг албан ёсоор зарлажээ. 2006 онд Америкийн шүүх Муссауиг бүх насаар нь хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэрийг зарлах үеэр тэрбээр “Цагаан ордныг “Боинг-747” онгоцоор мөргөх зорилготой хуйвалдаанд оролцсон” хэмээн мэдүүлжээ.
Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны үеэр амиа алдагсдын ар гэрийнхэн Саудын Араб, түүний Засгийн газартай холбоотой буяны байгууллагууд санаатайгаар “Аль-Кайда”-д санхүү болон эд материалын тусламж үзүүлж байсан нь АНУ руу халдахад тусалсан гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!