Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хувиар тогтооно

0
237

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр “Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон.

Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна” гэдгийг танилцуулгадаа дурдав.

Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!