Рио Тинто эрх баригчдын дунд танц эргэв үү

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноороо Оюутолгойг дахиж оролдохгүй-

Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ хэмээн тангараглан босч ирсэн Ухнаагийн Хүрэлсүх бүхэл бүтэн кабинетаа аваад огцорлоо. ЯАГААД?

Түүнийг, түүний эрхэм хүмүүсийг алахаас наагуур сүрдүүлсэн болоод тэр ЗОГСОВ уу?!

Эмээлтийн товчоон дээр хүн үхэхэд, ижийгээ дуудан уух юм гуйсан бяцхан охин сэхээн амьдруулах тасагт амь тавихад, гадаадад гацсан иргэд нь онгоц хүлээж тэсэлгүй хүний нутгийн тэнгэрт дэвшиж байхад уучлал эрж огцроогүй Засгийн газар дөнгөж төрсөн ээжийг халаадтай нь гаргалаа гэсний төлөө огцорлоо гэж үү?

Үнэнийг хэлэхэд өчигдрийн чуулганаас, үймж бужигнасан олон үйл явдал, үг үйлдлээс хэн ч хариулт олж чадсангүй. Эрх баригч намын, У.Хүрэлсүхийн эмзэг цэгийг хатгаж үүнд л хариулчих байх даа гэсэн гишүүдийн үгийг бүтэн дуусгалгүй, асуултад нь ч хариулалгүй микрофоныг хааж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө, Хууль зүйн сайд нар маш ноцтой мэдэгдлүүдийг хийж байхад хэн ч хангалттай хариултыг олж эс чадав. ЯАГААД?

Эрх баригчид, улстөрчид хариулт өгч чадахгүй байгаа бол бид хайх гээд үзье.

Хэн ч “Хүрэлсүхийг огцор” гэж хэлээгүй байхад МУ-ын Засгийн газар сайн дураараа, бүрэн бүрэлдэхүүнээрээ яагаад огцров. Жагсагчдын гарт “Я.Содбаатар, УОК огцор” гэсэн л лоозон байсан. Гэтэл хэцүү хүнд цагт хангалттай сайн ажиллаж байсан зарим сайд нараа чирээд, цаашлаад бүхэл бүтэн 28 сайдын ажлыг гэнэтхэн зогсоогоод “ясаа цайтал” тэмцэхээ амалж байсан Хүрэлсүх ганцаараа бүгдийг тараачихсаны цаад үнэн юу байв?

Өдөр хоног, үйл явдлуудыг сараар биш хэдхэн хоногоор ухрааж саная. Өнгөрсөн даваа гаригийн өглөө МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Тэрбээр үүнээс өмнө Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 18-ны дотор ирүүлэх албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлж байв. Тэрчлэн Засгийн газрын төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинэ удирдлагуудтай “Оюу толгойн” гэрээний талаар сарын өмнө буюу өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-нд цахим хурал хийсэн. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ манай улсын ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдэж, гэрээг сайжруулахаар болсон билээ. Хариуд нь “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн.

Эндээс л эрх баригчид, бүр МАН-ын доторх Рио тинтогийн гар хөл болсон бүлэглэлүүдийн өмнө ч хэд хэдэн салаа зам үүсч…

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэ сар дуусахаас буюу нэгдүгээр сарын 31-нээс өмнө амжиж Арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган Оюутолгойг Монголын мэдэлд бүрэн авах. Нөгөө нэг зам нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулалгүй тээг саад хийх. Ингэхдээ нэг бол улаан цагаандаа гарч Рио Тинтог өмгөөлөх, эсвэл огцорч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гишүүнээр дутаах хэрэгтэй болж.

Харин Рио тинтогийн гар хөл бологчдын хувьд уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар, тэгэхдээ эдийн засгийн уналт, цар тахлын үеийн алдаа эндэгдлүүдээр нь дөрөөлөх санаатай урагшилж байсан боловч мөн л МУ-ын Ерөнхийлөгчийн огцом мэдэгдлээс дороо гацчихсан хэрэг.

Учир нь гэтэж байсан олзоо гартаа хийж Засгийн газрыг яг энэ цагт унагаачихвал Оюутолгойн асуудлыг хэлэлцэхээс эмээсэндээ Хүрэлсүхийг буулгаж авсан зэмд унана. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахгүй байх, ингэхийн тулд ирц бүрдүүлэлтэд саад учруулах хэрэгтэй. Болдогсон бол Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцчихмоор байвч энэ нь Хүкийг унагахаас түвэгтэй байсан нь мэдээж.

Ийнхүү У.Хүрэлсүхийн өмнө тулгарсан салаа замууд, Риогийн гар хөл болсон бүлэглэлүүдийн сонирхол эцэстээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахгүй байх” гэсэн цэг дээр огтлолцов бололтой. Үүний тулд Засгийн газар танхимаараа огцрох… ХАРИН ЯАЖ???

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан “Эмээлтийн товчоон дээр хүн үхэхэд, ижийгээ дуудан уух юм гуйсан бяцхан охин сэхээн амьдруулах тасагт амь тавихад, гадаадад гацсан иргэд нь онгоц хүлээж тэсэлгүй хүний нутгийн тэнгэрт дэвшиж байхад” уучлал эрж, хариуцлага хүлээгээгүй байдаг… Ядаж байхад олон нийт ч эдгээр явдлууд дээр эрслэн боссонгүй…. Тэгвэл монголчуудыг яаж босгох вэ… Засгийн газар, Улсын онцгой комиссоос хариуцлага нэхсэн ямар үйл явдал хэрэгтэй бол… Уламжлалаа дээдэлдэг ард түмнийг өдөөхийн тулд шинэ төрсөн ээж, нялх нярайгаар оролдвол яадаг бол… Ингэхийн тулд хамгийн бохир заваан, орох оронгүйчүүд цуглардаг эрсдэл өндөр байж болох орц хэрэг болсон юм биш байгаа?! … Түүн дээр нь тэртэй тэргүй эрх мэдэл, мөнгө төгрөггүй болж, ганц тамган дээр нүдэлцэж буй сөрөг хүчин, тэр тусмаа Ерөнхийлөгчийн фракц ороод ирвэл гоё!!!…..

…. Ямартай ч төдийгөөс өдийг хүртэл тэсч, тэвчиж ирсэн ард түмэн нимгэн халаадтай, таабчиг угалсан ээжийг идэр есийн хүйтэнд жавар хургасан эмнэлгийн тэргэнд суулган үрийг нь тэврүүлээд аваад явахад тэсэрлээ. Эл үйл явдал Ерөнхий сайдад Ерөнхийлөгчөөс өгсөн “Оюутолгойн бүрэн мэдээллийг авчрах” даалгаврын хугацаа дуусахтай зэрэгцэв.

Нялх биетэй ээжийг, улаан нялзрай үртэй нь тэсгим өвлийн жавар дундуур нүцгэн, нөмгөн авч явсан нь монголчуудыг тэр аяар нь бухимдуулж, эмзэглүүлсэн ч цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед олноор бөөгнөрч, жагсаал цуглаан хийх санаа төдийлөн төрөөгүй байсан нь үнэн. Харин эл битүү бухимдлыг эвдэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар энэ сарын 20-ны өглөө таабчиг углан, халаад эгэлдрэглэн талбайд гараад ирэв. Түүнийг өмнөх өдөр нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллахаар болсон тушаалын хуудас гарч ирэх хүртэл хэн ч жагсаалын ард АН, тэрдундаа МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга байх тухай бодож үзээгүй юм.

Гэхдээ У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Засгийн газрыг огцруулах жагсаалыг Х.Баттулга санхүүжүүлсэн, өдөөн турхирсан байлаа гэж бодъё. Тэгж үзэх тохиолдолд эрхэм “женко” эрх баригчдын, бүр Риогийнхны хаясан өгөөшийг үмхсэн байж таарах гээд байгаа. Энэ нь Ерөнхийлөгч ч өндөг шиг өөгүй нэгэн биш, ямар нэгэн байдлаар Засгийн газрыг дэндэгнүүлж байгаад У.Хүрэлсүхийг нэгмөсөн байг гэхэд хэсэгтээ өөрийн гарт атгах гэсэн мэхэндээ унаж, улаа бутартал уурласан хэрэг.

Тэгэхээр огцорсон Ерөнхий сайд өчигдөр Ерөнхийлөгчийг яагаад тийм зоригтойгоор буруутгав. Түүнд жагсаалыг Х.Баттулга санхүүжүүлсэн гэх хангалттай баримт байсан хэрэг үү. Байсан л байж таарах нь. Тэгвэл тэр баримтаар Х.Баттулгыг хугацаанаас нь өмнө огцруулах уу, эсвэл Оюутолгойн асуудлаар чимээгүй байлгахад ашиглах уу? Түүнчлэн Эрдэнэт, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, МонРосцветметийг “сахал” хочит Эрдэнэбилэгт өгсөн гэгддэг шүүгчдийг өөрсдөө огцрохыг шаардсан нь хууль зөрчсөн үйлдэл тул хугацаанаас нь өмнө огцруулахаар асуудлыг УИХ-д оруулна гэж байгаа.

Ямартаа ч энэ бүхний эцэст бидэнд харагдаж буй ганц үнэн гэвэл Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө, түүнээс хойш ч бай Арбитрын шүүхэд Рио тинтогийн асуудлаар хандахааргүй болоод авав. Ерөнхийлөгч Х.Баттулгын Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэсэн шийдвэр ч хэсэгтээ гацаанд орлоо.

Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг л гацаахад болох байсан юм бол У.Хүрэлсүх яагаад МУ-ын Ерөнхийлөгч рүү асаад байв?… Жагсагчдын дунд анхаарал татмаар сонин содон лоозонгууд мэр сэр байсныг уншигчид санаж буй байх. Тухайлбал, “Би жирэмсэн. Хүүхдийн минь аав Хүрэлсүх… би өлсөөд байна” гэх зэрэг лоозон байсан нь хэнээс хэнийг, ямар асуудлаар сүрдүүлсэн мессэжүүд байв…

No description available.

Рио Тинто байна уу, Х.Баттулга нь ч байна уу, ямартаа эл анхаарахгүй байх аргагүй лоозон, зарим нэг үг үйлдлүүд У.Хүрэлсүхэд өгсөн анхааруулга байж болзошгүй гэх хардлагыг үүсгэж байгаа юм.

Өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, одоо Бага хурал руугаа шилжлээ. Мөн л бүгд эх сурвалжуудын таамаглаж байсан дарааллаар явагдаж байна. Учир нь Рио Тинтогийн зүгээс Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг сайжруулна хэмээн омогдож байсан Л.Оюун-Эрдэнийн ааг бярыг дарж Ерөнхий сайд болгон амыг хаа гэх даалгаврыг гар хөл бологчдодоо өгсөн гэдэг нь номоор болж.

Тэгэхээр МУ-ын Ерөнхийлөгч  ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж Оюутолгойн асуудлыг оруулна гэж дахин дуугарахгүй, дуугарах тохиолдолд Засгийн газрыг тогтворгүй болгох, ард иргэдийн эв нэгдлийн эсрэг жагсаал цуглаанд турхирч санхүүжүүлсэн зэрэг эрх баригчдын зүгээс бэлдсэн хэд хэдэн асуудлаар хугацаанаасаа өмнө буухдаа тулах биз.

Орчуулах »