Гадаадын хөрөнгө оруулалт: Тэд ба бид

Монголын эдийн засаг өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтаар санааширч байна. Эдийн засгийг өндийлгөх нэг боломжийг хөрөнгө оруулалт хэмээн харж байгаа болохоор ингэхээс ч яахав. Харамсалтай нь энэ талаар сайн мэдээ бараг алга. Одоогоор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт л хүлээсэн сэтгэлд буй ганц гэрэл гэгээ нь болж байна. Хүсэхэд хясна гэдэг шиг Монгол төрийн тэргүүн нь өөрөө Монголыг хараачилсан харийнханд сануулга сэрэмжлүүлгийг гэнэ гэнэ­хэн өгчихөөд байх юм. Утааны асууд­лаархи  уулзалтад “Улаанбаатар бол ирээдүйгүй хот. Хөрөнгө оруулалт хийгээд хийгээд нэмэргүй”  гэсэн мессежийг өгсөн. Тэгвэл энэ үгээ өнгөрөгч баасан гарагт  Эрдэнэтийн 49 хувийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр “Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ” гэж тэдний өмнөөс урьдчилан дуугарав.  Дээд талдаа иймэрхүү хандлага байхад угаас урсгал нь татарсан гадаадын хөрөнгө оруулалт  бүр хатаж ширгэхгүй гээд яах билээ. Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг мөн ч олон жил урин дуудаж байна. Тэдэнд  үндэсний баялаг бүтээгчдээсээ илүү хөнгөлөлт  урамшуулал, хайр халамж зарладаг байлаа. Халаасандаа мянган ам.доллартай хүн орж ирээд хөрөнгө оруулагч болох бололцоотой байсан байх. Иймэрхүү наалдаж нялзах юмаар бага, харин ч мөнгөний урсгалыг гадагш нь чиглүүлсэн  нийтийн хоол, баар ресторан, зочид буудлын гэхчлэн бизнес 100 хувь гаднын хөрөнгө оруулагч гэсэн статус нэршилтэйгээр дотоо­дын ижил төрлийн бизнест шавар хаагаад байж л байна.

Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбарт ногддог. Тэдэнд  газар доорхи баялгийг л амжиж зөөх ганцхан зорилго бий. Оюутолгой хэмээх том хотын мөрөөдөл говийн зэрэглээтэй  хамт замхарсныг санаж байна уу. 2012  оны сонгуулийн дараа олон хөрөнгө оруулагчид “Мозамбик явлаа, Монгол баяртай” хэмээн ар нуруугаа харуулсан. Тэднээс үлдэж хоцорсон нь юу вэ гэвэл ухаж сэндийлсэн газар, унаган төрхөө алдсан байгаль минь. Монголд татварын  дөрвөн төрлийн хөнгөлөлт эдэлдэг,  бүр цаашлаад татвар гаалиа хүртэл хойшлуулж төлөх боломж гэхчлэнгээр халамжлуулдаг холын хөрөнгө оруулагч “бурхад” хүнийрхүү хүйтэн сэтгэлээр л хандана. Тэртэй тэргүй Монгол улс хоёр том зах зээлийн дунд оршдог газар зүйн байрлалаараа хөрөнгө оруулах таатай боломжтой. Тэгээд эрх зүйн орчин нь тогтвортой байхад ирэхээ хүрвэл ороод л ирнэ. Заавал тэднийг  тойглож, хоёр гараа тосч, хормойгоо дэвсээд байх шаардлага бий гэж үү. Бусдын жишиг бол биднийхээс арай өөр шүү. Тэд хөрөнгө оруулагч гэхээр хөлд нь сөгдөж гүйгээд байдаггүй, харин ч толгой гэдгэр хүмүүс аж.

Манай урд хөрш гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Харин тэд тус улсад шууд хөрөнгө оруулах нөхцлөө 2014 оны сүүлчээр арай гэж зөөллөсөн. Хятадад шууд хөрөнгө оруулахын тулд Засгийн газрын маш олон зөвшөөрөл авахаас гадна улс үндэстнийхээ эрх ашгийг түлхүү тавьсан том шалгуурыг давж гарах, дагаж мөрдөх  хатуу дэг журамд нь захирагдах болдог. Тэглээ гээд тэнд хөрөнгө оруулалтын урсгал саарсангүй, харин ч нэмэгдэж байна.

Монголд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч бүр хөхиүлэн дэмждэг. Харин дэлхийн цөөнгүй улс орон хувь хэмжээг нь хязгаарладаг туршлага бий. Тухайлбал, Ойрхи дорнодын орнууд дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй. Түүнчлэн оруулах хөрөнгийн хэмжээ Солонгост 50, Мексикт 49, Энэтхэгт 40 хувь хүртэл зөвшөөрсөн байдаг гэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад энэ мэт хязгаарлалтууд байдаг аж. Тэдгээрийн нэг нь эдийн засгийн салбарын хязгаарлалт.  Манайх энэ жишгээр 2012 оны сонгуулийн өмнө нэр бүхий гурван салбарт хязгаарлалт  хувь хэмжээ тогтоосон ч хөрөнгө оруулагчдыг үргээлээ гэсэн гэм зэмтэйгээр эргэн хүчингүй болгосон. Дэлхийн зарим улс орон эдийн засгаа нэгдүгээрт, зөвхөн улс эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар, хоёрдугаарт, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй салбар, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэхчлэн ангилж зааглаж үздэг юм байна.  Бидэнд одоогоор ингэж ялгаж салгасан юм алга.

Нэгэн түүх сөхье. 2012 онд  “Саус гоби сэндс” компани  Овоо толгойн нүүрсний ордын эзэмшил хэсгээ Хятадын “Чалко” компанид  540 сая ам.доллараар зарчихсан. Ингэснээр 500 сая тоннын нөөцтэй Овоот толгой нүүрсний орд газрыг худалдан авсан Хятадын төрийн өмчит “Чалко” компани нэг талаас нийлүүлэгч, бас худалдан авагч болж байгаа юм. Ийм хоёр боломж хөрш улсын төрийн өмчит компанийн гарт төвлөрөхөөр зах зээлд нүүрсний үнийг  тэд өөрсдөө тогтоох гэж үзэх нь тов тодорхой зүйл. Асуудлын гол нь үнэ ханш гэхээс илүүтэй Монголын баялгийг гадаадын хөрөнгө оруулагчид гар дамжуулан арилжиж байгаад л байгаа юм. Нүүрс Монголын  хөгжлийн нэг баталгаа. Одоо Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг тодруулахаар зорьж байна. Тун ухаалаг хандахгүй бол Баабарын хэлсэнчлэн “нүүрсээ үнс болгочихвол” хохирох нь бид өөрсдөө. Гадаадын хөрөнгө оруулалтын гашуун гэмээр жишээ нь Оюутолгой. Долоон Эрдэнэттэй тэнцэх энэ их зэс алтнаасаа бид юу хожиж хоцрох нь бүрхэг. Орлого мөнгө нь хүртэл Монголоор дамждаггүй.

Дэлхийн ихэнх орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг ч дотоодын зохицуулалт хяналтдаа чанд байлгадаг. Бразил гэхчлэн зарим улс хөрөнгө оруулагчдын орлогыг тодорхой хугацаанд гадагш нь гаргахыг хориглодог, Аргентин улс далайн эрэг орчмын газартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог гэхчлэн  газар зүйн хязгаарлалт тавьдаг байх юм. Ер нь хөгжиж буй орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалт зарим талаар дотоодын үйлдвэрүүдийн бү­тээм­жид эерэг нөлөө үзүүлж чаддаггүй гэх судалгаа байна. Тухайлбал, дотоодын зах зээлийг нь булааж авдаг, борлуулалтыг нь багасгаж орлогыг нь бууруулдаг гэхчлэн сөрөг тал байдаг аж.

Авахаа авсан бол гадныхан Монголд хоргодох шалтгаан байхгүй. Хүнийх нь явж өөрийнх нь үлддэг хорвоо. Энэ утгаараа үндэсний хөрөнгө оруулагчдаа гадныхны дээр биш юмаа гэхэд эн тэнцүүхэн авч үзэх нь монголчуудад өлзийтэй. Гадны хөрөнгө оруулагчдад тавьдаг найрсаг хандлага, элдэв хөнгөлөлтүүдийг эхлээд  дотоодынхондоо өгье.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг хамгаалах бодлогын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хүнд сурталтай тэмцэх цогц арга хэмжээ явуулахаа амалж байсан. Яг энэ амлалтыг бас дотоодын хөрөнгө оруулагчдадаа хаяглавал яасан юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!