Ч.Хүрэлбаатар: Цалин нэмнэ

0
197

“ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүн” сэдвээр Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Үүнд, валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байна. 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан.Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг болсон байна.

Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан. Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг харуулж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.Мөн гурван зүйлийг онцлон хэлье.

Нэгдүгээрт, МУ-ын Засгийн газар ОУВС хамтарсан хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарсан тул дөрвөн шатлал бүхий татварыг нэг шатлалтай болгож өөрчлөн хэрэгжүүлэхээр УИХ-аар батлууллаа. Яагаад гэвэл үүнтэй холбоотойгоор татвараас зайлсхийх, зарим аж ахуйн нэгжүүд дахин бүртгэлтэй болох сөрөг байдлууд гарч эдийн засгийн ил тод байдалтай зөрчилдөж байгаа тул ийнхүү өөрчилж байна.

Хоёрдугаарт, тэтгэврийн насыг олон жилийн дунджаас өндөр тогтоох нь шударга бус гэж үзсэн тул сонголт хийх боломжтой болсон.

Гуравдугаарт, цалин нэмэх тухай асуудлыг ОУВС-тай ярилцаж тохирсон. 2018 оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн төвшинтэй уялдуулан цалинг нэмнэ” гэлээ.

ЖЕОФФ ГОТЛЕБ: “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол чухал зүйл бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС бусад түншлэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хөтөлбөрийн үр дүн гарч байгаад талархалтай байна. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи хугацаанд Монгол Улсын ойрын хугацаанд төлөгдөх гадаад бондын төлбөрийг төлсөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Засгийн газрын өрийн хэмжээ тодорхой хувиар буурсан зэрэг гол үзүүлэлтийг онцолж байна. Энэ нааштай өөрчлөлтийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа нэмэгдэж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал буурсан нь харагдлаа. Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой ч Засгийн газраас тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Тухайлбал, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх нь том эрсдэл авчрах магадлалтай. Тиймээс Засгийн газар энэ эрсдэлүүдээ тооцоолж тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв удирдаж чадвал эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарна” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!