Б.Гүнбилэг: Улс орны хөгжил Үндсэн хуулиас болоод гацаад байна гэдэг пи-арыг улстөрчид хийсэн

Б.Чимид багшийн “Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг” гэдгийг байнга бодож саналаа илэрхийлэх болно-

Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

Энэ өдрүүдэд шинэ Үндсэн хууль баталсны 25 жилийн ой тохиож байна. Засгийн газар үүнд нэлээд ач холбогдол өгч, тусгай Ажлын хэсэг хүртэл байгууллаа. Дээрх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гадна энэ салбарын эрдэмтэн, судлаач, түүхчид орж байгаагаараа нэлээд онцлогтой. Учир нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн энэ багийг олон нийт таатай хүлээн авч байна. Та нарын хувьд Ажлын хэсэг  байгуулагдсанаасаа хойш ямар ажил амжуулав?

Арван таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг маань хоёр дахь хуралдаанаа хийж, арга зүйн хувьд ямар аргаар судалгаа хийх вэ гэдгээ тохироод явж байна. Гэхдээ бид зөвхөн энэ 15 хүний бодлоор бус аль болох олон хүнийг хамарсан судалгаа хийхийг зорьж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, ёсгүй. Үгүй бол яагаад, тийм бол яг ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал дээр хуульчид гэхээсээ илүүтэй улстөрчид маргалддаг. Ингэхдээ өөрсдөд нь ашигтай байдлаар улстөржөөд байх шиг санагддаг. Тухайлбал, өмнөх парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр ажиллаж байсан. Хамгийн гол нь дээрх ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэрийг нь өөрчилнө, парламентын гишүүдийн тоог бэлгэдлийг нь харж нэмнэ гэхчлэн ярьж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан. Харин та өмнөх ажлын хэсгийн хийнэ гэж байсан өөрчлөлтүүдийг яг юу гэж харж байсан бэ?

Тухайн үед тэр тогтоолыг өөрийн хэмжээнд судалсан л даа. Одоо бол дахин сэргээн дүгнэж байна. Бүх зүйлсийг нь үгүйсгэхгүй ч гэсэн, бусад хуулиар зохицуулаад явчих боломж харагдаж байгаа юм. Хувь хүнээс, хувь улстөрчөөс тухайн улсын хувь заяа шалтгаалдаг гэхээс илүүтэй, улс орны хөгжил Үндсэн хуулиас болоод гацаад байна, бүх гажиг тогтолцооноос болоод байна гэдэг пи-арыг улстөрчид хийсэн. Энэ нь сонгуулийн өмнө эрх барьж байгаа намд илүү ашигтай байсан учраас үүнийг олон нийтийн сэтгэл зүйд сайн суулгаж өгсөн. Аль нэг нам, эрх баригч буруугүй. Буруу нь тогтолцоонд гэдгийг сурталчилсан. Харин үүний үр дагавар одоо ч гэсэн арилаагүй байна. Манай хуулийн судлаачид ч энэ арга барилаар, ийм сэтгэлзүйгээр хийсэн судалгаануудаа одоо эргэж харах нь зүйтэй.

Тэгвэл танай ажлын хэсэг Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд яг ямар асуудлыг гол чиг шугамаа болгоно гэж харж, төлөвлөж байгаа вэ?

Судалгааны багийг багийн ахлагч Ч.Энхбаатар багш төлөөлж ярих байх. Харин миний хувьд хувь судлаачийнхаа дүгнэлтийг л хэлэх боломжтой. Миний хувьд гэвэл “Үр дүн нь юу байх вэ”. “Аль нэг улс төрийн хүчний бодлогын тогтворгүй байдлыг дараагийн хүчинд нь нялзааж ойлгож болох эсэх, цаг хугацааны хувьд ямар зохицуулалт урт наслах вэ” гэдгийг бодох нь чухал гэж бодож байна.

Танай багийнхан Ерөнхий сайдтай уулзах үеэр та нэг асуудлыг хөндсөн. Тэр нь Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж,  энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх гэж та хэлсэн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

Үндсэн хуулийн бүх асууд­лыг ард түмнээс асуух боломж байхгүй. Учир нь бид өнгөрсөн 25 жил Үндсэн хуулиа бүрэн сурталчилж чадаа­гүй учраас ард иргэд Үндсэн хуулийн талаар бүрэн хариулт өгч чадахгүй. Нөгөө талаас улстөрчдийн нөлөөнд бага автаж, мэргэжлийн суурь ойлголтыг хэлж өгмөөр байна. Хувь судлаач өнөөгийн хэсэгхэн зуурын хугацааны хямралын уур амьсгалд автаж, тэр байр сууринаасаа судалгаа хийж болохгүй. Миний хувьд Б.Чимид багшийн “Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг” гэдгийг байнга бодож саналаа илэрхийлэх болно. Ямар ч гоё тогтолцоо хийгээд, ёс зүйгүй хүмүүс түүнийг эвдэх аргаа олдог.

Тэгвэл та Үндсэн хуульд нэн тэргүүнд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна вэ. Мэдээж энэ асуудлаар ажлын хэсгийнхэн санаа оноогоо уралдуулж байгаа байх. Мөн та бүхний хамгийн их санал зөрөлдөж бас нэгдэж байгаа ямар заалт байдаг бол, сонирхож асуухад?

Одоохондоо учиргүй санал зөрөлдөөд байгаа юм байхгүй. Хууль зүйн шинжлэх ухаан бол тухайн үеийн бодит үнэнийг тогтоох ухаан юм. Олон төрлийн санал гарч ирнэ. Дүгнэлт гарах болоогүй байна. Хувь хүнийхээ тухайд бол Үндсэн хуульд Улсын нийслэл Улаанбаатар хот гэж тодорхой нэрлэн заасан хэсгийг хасмаар санагддаг. Энэ жил Хархорин руугаа нүүх ажлаа төр засаг маань эхлүүлэхгүй бол эдийн засаг хямрах тусам хот руу нүүх цуваа ихэснэ. Шинэ төвлөрөл, шинэ суурингуудыг яаралтай бий болгох хэрэгтэй. Төр зөв санаа гаргавал, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид аяндаа хөдлөөд босгоод ирнэ.

Ерөнхий сайд асан Думаа­гийн Содном гуай “Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой хэд хэдэн өөрчлөлт бий. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг  дөрвөн жил тутам явуулахаар заасан нь буруу. Мөн төр, төрийн алба тогтвортой ажиллах бүх боломжийг бүрдүүлэх ёстой” гэж хэлсэн. Мөн улс төрийн намыг төрөөс ангид байлгах ёстой гэсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?

Д.Содном гуай хэлж байгаа бол мэдээж хүндэтгэнэ. Гэхдээ өнөөдөртөө тэр санаа зөв гэж шууд хэлэх боломжгүй л дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа хүмүүс нийгмийн хүрээний бүх асуудлыг тал талаас нь авч үзээд тайлбар хийх ёстой. Нөгөө талаас Үндсэн хуулийн тогтворгүй байдал нь тухайн улсын нийгэм, эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэдэг. Зөвхөн хуулийн салбарын өнгөрсөн дөрвөн жилийн тогтворгүй байдал л гэхэд хэдэн арван тэрбумын хохирлыг бий болгосон. Үүнээс гадна мөнгөөр илэрхийлэгдэхгүй, илэрхийлэх боломжгүй олон хүчин зүйл бий. Төрд итгэх дотоод, гадаадын итгэл гэх мэт. Төрд нэртэй хүмүүсийн  улсад хэрэгтэй зүйл ярьж байгаа санааг ашиглаад, улс төрийн шинэ гарц хайж байгаа “олз хайгчид” ч бий. Энэхүү олз хайгчид өөрсдөдөө ашигтай байрлалаа олж хараад, түүн рүү мацах гарцаа парламентын хоёр танхим гэж харж байгааг ч анхаарах ёстой. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг өдөөгч хүчин зүйлсийн нэг анхаарах ёстой асуудал бол дотоодын улстөрчдийн саваагүй санаарх­лыг дэвэргэх гадаад хүчин зүйлийн нөлөө. Үүнийг үндэсний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй албаныхан судлах ёстой.

Эцэст нь асуухад  Үндсэн хуульд гар хүрнэ, хүрэхгүй гэдэг дээр танай салбарын “акул”-ууд байнга санал зөрөлддөг. Тэр ч бүү хэл зарим нь Үндсэн хууль өөрчлөх асуудал төрийн эрх барьж байгаа ганц намын асуудал биш үүнийг улс төрийн бүх нам хийгээд ард түмний дунд санал асуулга, сонсгол явуулж байж өөрчлөх ёстой гэдэг. Тухайлбал, энэ асуудлаар нэрт хуульч Б.Чимид агсан “Үндсэн хуульд халдана гэдэг зөвхөн парламентын намын онцгой эрхийн асуудал биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам зөвшилцөх ёстой. Сонсоход Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлт нь зарчмын шинжтэй бус процедурын чанартай юмнууд байх шиг байна лээ” гэсэн байсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Багш энэ үгийг 2000 онд дугуй ширээний ярилцлагын үеэр хэлсэн байдаг. Үргэлжлэл нь “Заавал Үндсэн хуульд өөрчлөлт хийж байж шийдэхээр юм байхгүй л юм шиг санагдана. Гэхдээ би олны сонорт хүргэсэн саналуудыг үзэж, судалж байж дорвитой хариулт өгнө. “Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр гэгчээр сураг сонсчихоод түүнийг хөөргөөд байж болохгүй” гэсэн байдаг. Энэ үг одоо ч хуучраагүй. Улсын нийслэл Улаанбаатар гэдэг санааг багш бол заавал Улаанбаатар гэж үг оруулах шаардлагагүй, алсаа бодох ёстой. Нийслэлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэхэд болно гэж анх ярьж байсан байдаг.  АИХ-ын депутатууд Улаанбаатар гэдэг үгийг заавал оруулна гээд оруулсан юм билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!