Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

0
125

Эрүүл мэндийн сайдын 2016 оны “Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” тушаалаар Үндсэн мэргэшлийн сургалтын чиглэлд “Ерөнхий мэргэшил судлал”  чиглэлийг шинээр зохион байгуулахаар баталж, 2017-2018 оны хичээлийн жилд уг сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багтай хамтран “Ерөнхий мэргэшил судлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 01 сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн, эмнэлзүйн чадамжид суурилсан байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх юм. Сургалтад Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг зохион байгуулах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн сургагч багш, эмч нар, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 19 байгууллагын сургалтын албаны ажилтнууд  нийт 50 хүн оролцож байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багийн урилгаар ирсэн тухайн чиглэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн Японы 4 судлаач багш сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтын үр дүнд дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!